МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын зарим гишүүд Үндэсний Дата Төвд ажиллалаа
Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Ё.Баатарбилэг нар
2016.12.09
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

УИХ-ын зарим гишүүд Үндэсний Дата Төвд ажиллалаа

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Ё.Баатарбилэг нар өнөөдөр /2016.12.09/ Үндэсний Дата Төвд ажиллалаа.

Үндэсний Дата Төвийн дарга Б.Батжаргал илтгэл тавьж УИХ-ын гишүүдэд байгууллагын ажлаа танилцуулсан. Тэрбээр илтгэлдээ “Үндэсний Дата Төв 2009 онд байгуулагдснаас хойш Монгол Улсын Үндэсний цахим мэдээллийн хадгалал, хамгаалалт, боловсруулалтын үйлчилгээ эрхлэх үндсэн үүрэгтэйгээр ажиллаж байна. Нийт 51 ажилтантай бөгөөд тэдгээрийн дийлэнх нь мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс юм. Ийм ч учраас манай төвийн үйл ажиллагаа маш найдвартай байгаа” гэж онцлов.

Мөн байгууллагын өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудлаа танилцуулахдаа эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь эн тэргүүний ажил болоод байгааг Үндэсний Дата Төвийн захирал Б.Батжаргал нэмж хэллээ.

Үүний дараа УИХ-ын хоёр гишүүн санал бодол, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн А.Ундраа, Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь чухал болохыг онцлоод дэлхий нийтийн чиг хандлагыг судалж холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь ойрын зорилт гэдгийг тодотгон хэллээ. Тэрбээр асуудлыг нааштай шийдвэрлэх үүднээс холбогдох байгууллагуудад асуудлыг тавьж шийдвэрлэхээ амласан.

Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэлэхдээ, Үндэсний Дата Төвийн үйл ажиллагаа харьцангуй сайн байна. Гэхдээ цаашид үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс шинжлэх ухааны судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаа өрнүүлэх зайлшгүй шаардлага танай байгуулагт бий болсон. Манайд хэд хэдэн хүрээлэнгүүд бий. Эдэнтэй хамтран мэдээлэл солилцож, нэгдсэн сантай болох хэрэгтэй. Ингэж чадвал танай төвийн үйл ажиллагаа тэлж бусад холбогдох байгууллагуудын ажил үр дүн авчирна гэж Ё.Баатарбилэг үзэж байна.

Уулзалтын үеэр төрийн нэгдсэн мэдээллийн санг бий болгох асуудал яригдсан. Төрийн хүнд суртлыг арилгах, иргэдэд хүртээмжтэй, хаанаас ч хялбар үйлчилгээ авч болох ийм үйлчилгээг бий болгох нь чухал гэж УИХ-ын хоёр гишүүн тодотгов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ