УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2016.12.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Л.Энх-Амгалан: Дээд боловсролын салбарт шинэчлэл, өөрчлөлт хийх нь зүйтэй

УИХ-ын чуулганы үдээс хойш нэгдсэн хуралдаанаар "Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн төслийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай" хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Уг асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан дээд боловсролын тогтолцоонд өөрчлөлт хийх цаг болсон тухай байр сууриа илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

Монголын төрийн өмчийн их, дээд сургууль нь ялсан нам, албан тушаалтнуудын хувааж иддэг бялуу байж болохгүй.

2012 оны сонгуулийн дараа их, дээд сургуулийн захирал, удирдлагуудыг сольж, бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөн. Түүн шиг алдаа ахиж давтагдах вий гэдгээс болгоомжилж байна.

Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд зайлшгүй шинэчлэл хийх цаг болсон. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд түшиглэсэн дээд боловсролын тогтолцоо байх ёстой. Монголын дээд боловсролын тогтолцоо хэзээ өрсөлдөх чадвартай болох вэ?

Сургуулиа төгсөж буй залуучуудын ихэнх нь ажилгүй байна. Өнөөдрийн ажлын байрны эрэлт хэрэгцээг эргээд харахад их, дээд сургууль төгсөж буй 2 төгсөгчдийн нэг ажилтай байна. Энэ нь жил бүр их, дээд сургууль төгсөж буй 50-60 мянган залуусын ихэнх хувь нь ажлын байргүй байгааг харуулж байна.

Их, дээд сургуулиудын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар манай намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйл бол их, дээд сургуулиудад гарч буй ахиц, үр дүнг үнэлэхдээ төгсөж буй оюутнуудын тоогоор биш төгссөн оюутнуудынх нь хэдэн хувь нь ажлын байртай болж байгаагаар нь үнэлэх зайлшгүй шаардлага, өөрчлөлт хийх шаардлага байгаа юм.

Их, дээд сургуулиудын захирал, удирлагаар томилогдож буй хүмүүс нь улстөрийн томилгоогоор биш дээд боловсролыг хөгжүүлэх, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг, их, дээд сургуулиудын удирдах зөвлөл нь мэргэжлийн удирдлагуудаа томилдог мерит зарчмаар томилдог тогтолцоог Монгол Улсад бий болгох нь зүйтэй.

Ганцхан хуулийн заалтаар захирлуудын зөвлөлийн бүтэц, зохион байгуулалтын асуудлуудыг биш дээд боловсролын салбарт шинэчлэл, өөрчлөлт хийх нь зүйтэй. 

ШИНЭ МЭДЭЭ