Л.Энх-Амгалан: Гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, шалгуулахад бэлэн
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2016.12.01
Улстөр

Л.Энх-Амгалан: Гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, шалгуулахад бэлэн

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа. 

-Та өнгөрсөн парламентын үед "Хөгжлийн банк"-ны үйл ажиллагаа хийгээд "Чингис", "Самурай" бондын зарцуулалтыг шалгах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Шалгалтаар ямар хууль бус үйлдэл, зөрчлүүд илрэв?

Ажлын хэсгийн дүгнэлт өнгөрсөн зургаадугаар сард гарсан. Тухайн үед МАН-ын 25 гишүүн гарын үсэг зурж, дүгнэлтээ АТГ-т хүргүүлсэн. Хуулийнхан ч эхнээсээ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа. Өмнөх дүгнэлтээр "Хөгжлийн банк" олон хуулийг зөрчсөн болох нь илэрсэн.

Өөрөөр хэлбэл, УИХ болон Засгийн газраас батлаагүй олон зуун тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн. Энэ бүхэн нь баримтаар нотлогдсон. 

-Хэр их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байна вэ?

Одоогийн Ажлын хэсгийн дүгнэлтээр бол 1.3 их наяд төгрөгийн зөрчил гарсан байна. 

-Энэ их мөнгийг ямар замаар юунд зарцуулсан байх юм бэ?

Дээрх зөрчлөөс гадна гэрээ байгуулаад, гүйцэтгэлээ хийгээд мөнгөө авахдаа төсөвт өртгийг нь 3-4 дахин нэмж авсан олон компани байна. Энэ нь шалгалтаар илэрсэн. Түүнчлэн ямар нэгэн тендергүйгээр төсөл, хөтөлбөрүүдийг шалгаруулж байж. Энэ мэт зөрчил илэрсэн. 

-Нэр устай нь зарлаж болох уу?

Болно. Гэхдээ эхлээд УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ажлын хэсгийн шалгалтын дүнг танилцуулна. Түүний дараа бүх зүйл олон нийтэд ил болох байх. 

-Уг нь, өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож, хэлэлцэх байсан ч энэхүү асуудлаар АН-ынхан завсарлага авчихлаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

Ажлын хэсэг өнгөрсөн зургаадугаар сард дүгнэлтээ гаргасан гэдгийг хэлсэн. Гэсэн ч тухайн үед АН-аас Ажлын хэсэгт орсон гишүүд гарын үсэг зураагүйгээс үүдэж УИХ-аар хэлэлцэж чадаагүй. Гэхдээ шинэ Засгийн газрын Хууль зүйн дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг шалгаж байна. Тэд дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Гэвч АН-ынхан завсарлага авлаа.

Өөрөөр хэлбэл, АН-ын гишүүд төрийн эрхийг барьж байхдаа шалгалтын асуудлыг хэлэлцүүлээгүй хэрнээ, одоо цөөнх болохоор завсарлага авч байна. Өнөөдөр "Хөгжлийн банк"-тай холбоотой санхүүгийн тодорхой хэргүүдийг АТГ-аас шалгаж байгаа. Өөрсдийн хууль зөрчиж хийсэн үйлдлээ халхлах гэсэн бусармаг үйл явдал гэж л харж сууна. 

-Гэхдээ АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, дэд дарга Д.Пүрэвдорж нарын гишүүд өөр зүйлийг хэлж байгаа шүү дээ. Тодруулбал, "Хөгжлийн банк"-наас таны хувьцаа эзэмшдэг компаниуд ч зээл авсан гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Энэ үнэн үү?

Тийм зүйл байхгүй. АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ нар намайг болон манай намын нэр бүхий гишүүдийн компаниуд нийт зээлийн 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авсан байна гэсэн үндэслэлгүй, нэр төрд халдсан мэдээлэл хийсэн. 

-Үндэслэлгүй гэдгийг нь яаж батлах вэ?

Би УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж, УИХ-ын Ёсзүйн дэд хороон дарга Д.Лүндээжанцан нарт хандаж УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна гэсэн хүсэлт гаргаж байна. Хууль хяналтын байгууллагаар хууль зөрчсөн үйл ажиллагаа нь тогтоогдвол би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн. 

-Ингэхэд улстөрчдийн оролцоотой компаниуд "Хөгжлийн банк"-наас хэдэн төгрөгийн зээл авсан юм бэ? 

"Хөгжлийн банк" 2000 гаруй аж ахуй нэгжид арилжааны шинж чанартай зээл олгосон байдаг. Гэхдээ зээл олгохдоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гаргасан. Нийт төслийн санхүүжилтэд шаардлагатай байгаа зээлийн ихэнхийг тухайн компани гаргаж үлдсэн хэсгийн санхүүжилтийг "Хөгжлийн банк" гаргана гэсэн.

Харамсалтай нь, "Хөгжлийн банк" энэхүү зөвлөмжийг зөрчиж дандаа төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээл олгосон байгаа юм.

Тийм учраас АТГ-д хүсэлт гаргаад ХОМ-т мэдүүлсэн хэдэн төгрөгийн хөрөнгөтэй, ямар компанид хувьцаа эзэмшдэг талаарх мэдүүлгээ гаргадаг үүрэгтэй. ХОМ-ээ мэдүүлэх компаниуд хэдэн төгрөгийн зээл авсан, мөн "Хөгжлийн банк"-ны Ажлын хэсгийг ахалж ажиллахдаа УИХ-ын бүрэн эрхээ ашиглаж, хууль бусаар энэ банкаас зээл авсан байдаг эсэхийг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргаад байна.

ШИНЭ МЭДЭЭ