Эрчим хүчний сайд  салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлаар мэдээлэл хийв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо
2016.11.29
Эрчим хүч

Эрчим хүчний сайд салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлаар мэдээлэл хийв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.29/ хуралдаан 10.11 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж, Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт эрчим хүчний чиглэлээр туссан зорилт, арга хэмжээний бэлтгэл ажлын явц байдал, тулгамдсан асуудлын талаархи Эрчим хүчний сайдын мэдээллийг эхэлж сонссохоор болов.

 

Эрчим хүчний сайд П.Ганхүү танилцуулгадаа Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээ 6865 сая кВт.цаг байдгаас 80 хувийг дотооддын үйлдвэрлэлээс, 20 хувийг ОХУ-аас буюу импортоор хангадаг. Жилийн хэрэглээний дундаж өсөлт 5.1 хувьтай байна. Өнгөрсөн хугацаанд Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Концессын тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг батлагдан хэрэгжиж байгаа. Түүнчлэн 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлагдсан. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод эрчим хүчийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх зорилт тавиад байгаа. Эрчим хүчний салбарыг хувийн хэвшилд суурилсан зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх, энэ салбарт инноваци, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх, үр ашиг, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн орнуудтай эрчим хүчний харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гол зорилтуудыг тавьж байгаагаа дурдсан юм.

Тэрбээр Монгол Улсын төв, баруун, зүүн бүсийн эрчим хүчийг сайжруулахад эн тэргүүнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ танилцуулав. Тухайлбал, төвийн бүсэд системийн горим тохируулах эх үүсвэр бий болгох Эгийн голын усан цахилгаан станцыг барих, төвийн бүсийн хэрэглээний өсөлтийг хангах, чадлын нөөцийг бий болгох хүрээнд ДЦС-5, ДЦС-3-ыг 250 мВт-аар өргөтгөх, Багануур, Бөөрөлжүүт, Тэвшийн говь Чандагана цахилгаан станц, говийн бүсийн орд газруудыг дотоодоос хангах Таван толгойн цахилгаан станц, бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулах хүрээнд Улаанбаатар-Мандалговь 330кВ, 270 км төслүүдийг тус тус эхлүүлэх шаардлагатай байгаа аж.

Харин зүүн бүсэд нэн тэргүүнд бүсийн хэрэглээний өсөлтийг хангах Дорнодын дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 мВТ-аар өргөтгөх, цахилгаан хангамжийг сайжруулах, Төвийн бүсийн нэгдсэн системд холбох Багануур-Өндөрхөөн 220 кВ-ын төслийг хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр эхлүүлэх, баруун бүсэд хэрэглээний өсөлт, дотоодын эх үүсвэрийг бий болгох, Эрдэнэбүрэн, Тавалтайн усан цахилгаан станцын төслүүдээс эхний ээлжинд эхлүүлэх шаардлагатай байгааг салбарын сайд онцоллоо.

Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Төв, Хэнтий аймагт шинээр дулааны цахилгаан станц барих, Сүхбаатар аймгийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх төслийг Засгийн газраас БНСУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн эрчим хүч экспортлох бодлогын хүрээнд Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн экспортлох уурхай, цахилгаан станц дамжуулах шугамын төсөл, Азийн хөгжлийн банкны 1.8 сая ам долларын санхүүжилтээр 2017-2019 онуудад Гобитек-Азийн нэгдсэн сүлжээ төслийн нарийвчилсан судлагааг эхлүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтран олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаараа дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Эрчим хүчний сайдын мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Л.Элдэв-Очир, С.Чинзориг, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Л.Энх-Амгалан нарын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл хэрэгжих эсэх, энэ салбарт үүссэн өр авлагын хэмжээ, замбараагүй олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, өвөлжилтийн бэтгэл ажил хэр хангагдсан, аймгуудыг төвлөрсөн дулаан хангамжаар хангах асуудал ямар байгааг илүүтэй сонирхож байлаа.

Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарын хэмжээнд замбараагүй олгогдсон тусгай зөвшөөлийг цэгцлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 68 тусгай зөвшөөрлийг олгосон ч бүтээн байгуулалт, ажлаа эхлүүлсэн нь цөөн. 1992 онд Азийн хөгжлийн банктай хамтраад 220мВт-ын хүчин чадалтай 2.5 сая ам долларын төсөвтэй Эгийн голын усан цахилгаан станц барих асуудал яригдаж эхэлсэн. Үүнээс хойш 24 жил болж байна. Бидний хувьд байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан судлагааг ОХУ-тай хамтран хийсэн. Үнэлгээний хариунаас төслийн цаашдын ажил хамаарна. Ер нь Эгийн голын усан цахилгаан станцыг баривал Монгол Улс эрчим хүчээ дотооддоо 100 хангаж чаддаг болно.

Харин 10 аймгийн дулааны цахилгаан станц барих асуудлыг бид эрчимжүүлж байгаа. 2018 он гэхэд станцуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ жилийн дулааны шугам, сүлжээний засварын ажил АСЕМ, гадаад дотоодын томоохон арга хэмжээнээс болоод сар гаруйн хугацаагаар хойшилж эхэлсэн. Гэсэн хэдий ч засварын ажлын хугацааг шахаж, үр дүнтэй ажиллуулсан. Цас нэлээд хэмжээгээр орж, хүйтэрсний улмаас дулааны цахилгаан станцуудын гадна талбайд байх нүүрсний нөөц багассан. 20 -иос доошгүй хоногийн нөөцтэй байлгахын тулд яаралтай арга хэмжээ авч ажилласны үр дүнд үйл ажиллагаа жигдэрсэн гэж хариулсан юм.

Салбарын сайдын мэдээллийг сонссоны дараа Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва 2015 онд тус байнгын хорооноос эрчим хүчний салбарын чиглэлээр гаргасан УИХ-ын тогтоолын төслийг хэрэгжүүлж ажиллахыг анхаарууллаа.

ШИНЭ МЭДЭЭ