Л.Энх-Амгалан: Ашиггүй аж ахуйн нэгжүүдийг хувьчлах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2016.11.10
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Ашиггүй аж ахуйн нэгжүүдийг хувьчлах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанаар Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах Үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас тодрууллаа.

-Төрийн өмчит нийт хэчнээн компани байдаг вэ. Эдгээр компаниуд хэр зэрэг ашигтай ажиллаж байгаа бол?

Төрийн өмчит нийт 90 гаруй компани бий. Тэдгээрийн зөвхөн 20 хүрэхгүй нь ашигтай ажиллаж байна. Бусад нь бүгдээрээ алдагдалтай. Тэгэхээр удирдлага, менежментийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий. Төрийн өмч гэдэг бол ялсан компанийн томилгоо очдог, улс төрийнхний бизнес хийдэг газар байж болохгүй. Яагаад гэвэл энэ ард түмний өмч. Иймээс өөрийнхөө үнэ цэнийг олж, ашигтай ажиллах ёстой.

-"Монгол шуудан" ТӨХК-ийг 20 тэрбумаар хувьчлах талаар яригдаж байна. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

Төрийн өмчит компаниуд өмнө нь гурван их наядын өртэй байсан бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ тоо гурав дахин нэмэгдэж,10.8 их наядын өртэй. Үнэхээр алдагдалтай байгаа бол эдгээр аж ахуйн нэгжүүдийг хувьчлах хэрэгтэй. Төр ашиггүй аж ахуйн компаниудыг өөр дээрээ байлгаж болохгүй.

-ТӨХК-уудыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана гэсэн. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед магадгүй зах зээлийн үнээсээ доогуур худалдагдах бий гэсэн яриа байна.

Аливаа обьектийг худалдахад үнэлгээ хийдэг. Төрийн өмчит компаниудын үнэлгээг шинэчлэх зайлшгүй шаардлага байна. Жинхэнэ өнөөгийн үнэ цэнэ нь ямар байх вэ гэдгийг тогтоох хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ