2016.11.01
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: 4 салбарт 1 хувийн татвар ногдуулах хуулийн төслийг энэ хэвээр нь дэмжье

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар /2016.10.27/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Засгийн газрын оруулж ирсэн хуулийн төслийг энэ чигээр нь батлахыг санал болгосон юм. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Ажилгүйдлийн түвшин сүүлийн жилүүдэд байгаагүй доод түвшиндээ хүрчихээд байна. 120-130 мянган иргэд ажилгүй байна. Өнгөрсөн 4 жилд бизнесийн орчин эрс муудсан. Шинэ Засгийн газар гарч ирээд зоригтой, дорвитой алхмууд хийж эхэллээ. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас хийсэн мэдээллийг уншихад үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэчихсэн 1000 орчим ААН байна. Өнгөрсөн 4 жилд үндэслэлгүйгээр 11 000 ААН шүүхэд шалгагдаж байсан. Үндэслэлгүйгээр эрүү үүсгэсэн хэргүүдийг хүчингүй болгож байгаа юм байна. Хилээр гаргахыг хорьсон 5582 компанийн захирлууд байна. Тэдний хилээр гарах эрхийг сэргээхээр болж. Татварын албанд өртэй, НДШ-ээ төлөөгүй ААН-үүдийн дансыг нээж өглөө.

Энэ мэтчилэн бизнесийн орчноо сайжруулахаар зоригтой арга хэмжээг Засгийн газар авч байна. Энэ зорилгын хүрээнд 1 хувийн татварын асуудлыг оруулж ирж байна. Тооцоо, судалгаанд үндэслэсэн уг хуулийн төслийг хэлэлцэж байх явцад УИХ-ын 76 гишүүн 76 салбарыг оруулж ирнэ гэвэл Монголын эдийн засаг ачааллаа дийлэхгүй. Ирэх 4 жилд үе шаттай хэрэгжих арга хэмжээ.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд далд эдийн засгийг тодорхой хэмжээнд ил болгосон. 2 тайлантай ААН нэг тайлантай болсон. Бүсчилсэн татварын хөнгөлөлт өнөөдрийг хүртэл бий. 1000 км зайд алслагдсан салбар харгалзахгүй ААН-үүдэд 1 хувийн татвар ногдуулж байгаа. 600 км ба түүнээс дээш зайд алслагдсан бүс нутагт салбар харгалзахгүй 5 хувийн татвараа төлөөд явах зохицуулалт бүгд бий. Тиймээс Засгийн газрын өргөн барьсан 4 салбарынх нь хүрээнд уг хуулийн төслийг батлах нь зүйтэй гэж бодож байна.

Мэдээж эдийн засаг хүнд байгаа учраас бодлогын цогц дэмжлэг үзүүлье гэж ярьж байна. Тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлэх, хуулиас давсан актуудыг хүчингүй болгох зэрэг арга хэмжээг хуулийн хүрээнд авах нь зүйтэй болов уу. Засгийн газрын бодлогыг цогцоор нь харж, УИХ дэмжих ёстой гэж бодож байна. 

ШИНЭ МЭДЭЭ