“Залуучуудын хөгжлийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг болов
2016.10.26
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Залуучуудын хөгжлийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг болов

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Залуучуудын хөгжлийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан удирдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Ө.Энхтүвшин, Н.Учрал болон НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар оролцлоо.

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Нийгэмд хоёр зуун мянга гаруй ажил, хөдөлмөр эрхлэх сонирхолгүй залуучууд байна гэсэн статистик судалгаа гарсан. Эдгээр залуусыг ажил, орлоготой болгох, нийгэмд гүйцэтгэх үүргийг нь нэмэгдүүлэх нь чухал” гэж онцоллоо. Тиймээс дээрх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд УИХ, Засгийн газар эрчимтэй ажиллаж байгааг тодотгосон.

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахарагийн хэлснээр, Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт залуу хүн амдаа хөрөнгө оруулах түүхэн боломж бий болсныг онцлоод, энэ чиглэлийн ажлыг хэрэгжүүлэхэд ихээхэн мөнгө, хүчин чармайлт хэрэгтэйг тэмдэглэн хэллээ.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлсэн үгэндээ, “Нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг нь залуучууд байх ёстой.

Гэвч залхуурал гэдэг том өвчин залуусыг нөмрөөд байна. Заавал их, дээд сургуульд суралцах албагүй, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж, ажлын байранд зуучлагдах боломж бийг санууллаа.

Хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллага, залуучуудын төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийлэв. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг УИХ, Засгийн газарт хүргүүлж холбогдох хуулиудад тусган ажиллах болно гэдгийг Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцүүлгийн төгсгөлд хэлэв

ШИНЭ МЭДЭЭ