УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2016.10.25
Улстөр

Л.Энх-Амгалан: Дөрөвхөн сарын ой санамжтай хүмүүс яаж дөрвөн жил төр барьсан юм бэ?

УИХ-ын чуулганы хуралдаанаар /2016.10.21/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Уг нь урдаас минь хараад сууж байгаа цөөн гишүүд маань 4-хөн сарын өмнө эрх баригч нар байсан шүү дээ. Ийм хурдан юмаа мартдаг, ийм богинохон ой санамжтай хүмүүсээр төр бариулж байсандаа үнэхээр харамсаж байгаа юм.

4-хөн сарын өмнө та бүхэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийг батлахдаа Монголын хүүхдүүдийн 60%-д нь л бид нар мөнгөө өгнө гээд ийм л төсөв баталсан шүү дээ. Сонгууль дөхсөн учраас төсвийн хууль зөрчөөд бүх хүүхдүүдэд мөнгө өгсөн. Сая бид төсвийн тодотгол хийж байж л үлдсэн 40 хувьд нь өгөх мөнгийг төсөвт суулгаж өгсөн шүү дээ. Гашуун үнэн бол энэ байна.

Сайн хувьцаа гээд 500 тэрбум төгрөг та нар тараачхаа биз дээ? Хэрэв 500 тэрбум төгрөг тараагаагүй байсан бол тэтгэврийн насны 300 мянган ахмадуудын тэтгэврийг 30 хувиар нэмэх байлаа. Ийм бодлогогүй алхам хийчихээд одоо ингэж хэн нь ард түмэндээ хайртай вэ гэдэг уралдаан зарлаад "матрын нулимс" унагах шаардлага ерөөсөө байхгүй шүү дээ.

Бас нэг жудагтай баймаар байгаа юм. Эрх баригч болохоор өөр юм яриад, сөрөг хүчин болохоороо шал өөр юм ярьдаг. 4-хөн сарын ой санамжтай улсууд байна шүү та нар. 4 жил яаж харин төр барьсан юм?

Хамтын тэтгэврийн тухай хууль дээр тайлбар хэлмээр байна. Хамтын тэтгэврийн тухай хууль дээр би баталсан гишүүнийх нь нэг. Та нар өнгөрсөн жил баталсан Хамтын тэтгэврийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг хуулиудын хэрэгжих хугацааг дандаа 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс тавьж байсан шүү.

Дандаа сонгуулийн дараа хэрэгжиж эхлэхээр хугацааг та нар тавьсан шүү дээ. Үнэхээр ард түмэндээ хайртай байсан юм бол "Сайн хувьцаа" хөтөлбөрт зарцуулсан 500 тэрбум төгрөгөөрөө энэ хуулиудаа хэрэгжүүлэхгүй яасан юм бэ? Өнөөдөр юу нэхээд байгаа юм бэ?

Хамтын тэтгэврийн тухай хуулийг 2017 оны эхнээс хэрэгжүүлнэ, 2012 он болгож ухрааж хэрэглэнэ гэсэн хууль баталсан шүү дээ. 23 мянган хүн л энэ хуульд хамрагдахаар байна. 2020 он гэхэд 38 мянган ахмад хамрагдана. "Насны хишиг" хөтөлбөрийн тухайд, өнөөдрийн байдлаар 78 мянган хүн хамрагдана. Өөрөөр хэлбэл, хамтын тэтгэврээс 3 дахин их гэсэн үг. 

Монгол Улсад бүтэн тэтгэвэр авдаг 263 мянган ахмад настан байна. Насны хишгийн босгыг 65 нас болгох юм бол хамрах хүрээ нь тэлж, 128 мянга болно. Энэ нь бүтэн тэтгэвэр авагчдын 50 хувь гэсэн үг. 

Орон нутгийн сонгууль дууслаа. Одоо бид нар асуудалд бодитоор хандах хэрэгтэй. Тоо яръя. Амьдрал яръя. Хий хоосон улстөржих хэрэггүй. 

ШИНЭ МЭДЭЭ