Л.Энх-Амгалан: Засгийн газар 100 хоногт маш хурдтай ажиллалаа
УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН
2016.10.14
Улстөр

Л.Энх-Амгалан: Засгийн газар 100 хоногт маш хурдтай ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАНТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа

-Засгийн газрын зүгээс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар        эхний алхмуудаа хийж байгаа. Харин зарим эдийн засагчийн зүгээс энэ хөтөлбөрт хамрагдах цаг нь болсон эсэхэд эргэлзэж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

Манай улс энэ онд эдийн засгийн нойл өсөлттэй байна. Тэгэхээр 2017 онд эдийн засгийн өсөлтийг гурван хувь болгохоор Засгийн газраас төсөөлж оруулж ирсэн. Харин энэ өсөлтийг яаж бий болгох вэ гэдэг асуудал л байгаа юм. Мэдээж Оюутолгой, Тавантолгой гэх том төслүүдээ явуулах ёстои.

Тавантолгойн төмөр зам, цахилгаан станцаа барих хэрэгтэй. Сүүлийн дөрвөн жилд хэрэгжүүлж чадаагүй эдгээр төслийг хэрэгжүүлж байж л эдийн засагт өсөлт бий болно. Эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэнэ гэсэн нь мөнгөний бодлогодоо инфляцийг зургаан хувь байна гэж төсөөлснийх байх.

Хамгийн гол нь эдийн засгийн өсөлт гурван хувьтай байхад ажилгүйдлийн төвшин 13 хувиар өсчихсөн байна. Энэ нь 40 мянган хүн ажилгүй гэж албан ёсоор зарлаж байгаа ч албан бусаар 170- 180 мянган хүн ажилгүй болчихсон гэсэн үг. Энэ олон хүнийг яаж ажлын байртай байлгах вэ гэдэг л хамгийн том зорилт байх ёстой. Дээрээс нь бид маш их хэмжээний төсвийн алдагдал хүлээж байгаа.

Төсвийн алдагдлын хамгийн том эзлэх хувь нь гадаад улсаас авсан өндөр хүүтэй зээлийн хүү байна. Үндсэн зээл биш хүү нь шүү.2016 оны улсын төсвөөс 1,7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг зөвхөн зээлийн хүүнд төлж байна.

2017 онд энэ тоо бараг  3.3 их наядад хүрэх нь байна. Цаашдаа зээлийн хүүгээ бид улсын төсвөөс санхүүжүүлээд явж болохгүй. Уг нь улсын төсвөөс цалин, тэтгэвэр тэтгэмж буюу нийгмийнхамгааллын бодлогууд болон орон нутагт шаардлагатай сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг шийддэг байх ёстой юм.

Гэтэл өнөөдөр нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг сургууль маш олон байна. Хөдөө орон нутагт ч мөн сургууль, эмнэлэг, цэцэрлэг шаардлагатай байна. Эдгээрийг шийдэж болох хэмжээний мөнгийг зөвхөн зээлийн хүүндээ төлөх бодлого явуулж хэрхэвч болохгүй.

-Зээл, бондын төлбөр ирэх оны төсөвт ч мөн чамгүй ачаа болж таарах болов уу?

2017 оноос хүссэн хүсээгүй өр, зээлийн эргэн төлөлтөө хийнэ. Тэгэхээр Засгийн газрын хамгийн эхний зорилт нь энэ өндөр хүүг бууруулах явдал байх ёстой. Тиймээс ОУВС-гийн хөтөлбөрийг авах хэрэгтэй. Валютын сангийн хөтөлбөр бол хадны мангаа биш.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 25- 26 жил болоход ОУВС-гийн хөтөлбөрийг дөрвөн удаа авч байлаа шүү дээ. Тэд хамгийн гол нь төсвийн сахилга батаа сайжруулах шаардлага л тавьдаг. 4-5 төсөвтэй байж болохгүй, банк санхүүгийн байгууллага чинь эрсдэлд орж болохгүй л гэдэг.

Дотоодын банкууд иргэдээс хадгаламж аваад энэ мөнгөө буцааж бизнест зориулан зээл болгон өгөх ёстой атал өнөөдөр арилжааны банкуудад байгаа нийт хадгаламжийн гуравны хоёроор нь Засгийн газрын бонд авчихаад сууж байна шүү дээ.

Өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд Монгол Улсад бүртгэлтэй 160 мянган аж ахуйн нэгжийн бараг 50 хувь нь хаалгаа барьсан. Тиймээс 2017 оны төсөвт эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэх нь л чухал. Ингэж байж олон мянган хүнээ ажилтай болгох боломж бүрдэнэ.

-“Стэнд      бай” хөтөлбөрөөс бэргээд байх шаардлагагүй гэсэн үг үү?

“Стэнд бай” хөтөлбөрөөс хүмүүс яагаад болгоомжлоод байгааг би хувьдаа ойлгохгүй байгаа. Өнөөдрийн байдлаар ямар ч байсан эхний хэлэлцээ яваа юм билээ. Валютын сангийнхан ирээд бидэнд төсөв, мөнгөний бодлогоо ингэж явуулах ёстой гэсэн зөвлөмж л өгдөг юм шүү дээ. ОУВС-гийн хөтөлбөрийг авахын хамгийн давуу тал нь төсвийн алдагдлаа л нөхөх явдал.

Тэгэхээр төсөв алдагдалгүй болсон цагт төсөв, мөнгөний бодлого зөв болно. Угтаа бид улс орнуудаас бодлогын зээл авах ёстой юм. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд дандаа арилжааны зээл авчихсан нь гол алдаа. Бүр сонгуулийн жилийн сүүлийн 4-5 сард 13-14 хувийн хүүтэй зээл авсан байх жишээтэй. Дэлхийн бусад оронд жилийн хоёр хувиас хэтрэхгүй, урт хугацааны бодлогын зээл авч байж улс орныхоо эдийн засгийг тэтгэх бодлого явуулдаг байхад манайд эсрэгээрээ байна шүү дээ.

-Засгийн газраас оруулж ирсэн тооцоогоор 2017 оны төсөвт орлого, зарлагыг хэрхэн тооцсон байна вэ. Жишээлбэл, танай байнгын хорооны зүгээс ямар санал оруулахаар байгаа вэ?

2017 оны төсөвт орлогоо 5.9 их наяд, зарлага 8.5 их наяд байхаар тооцсон байна лээ. Зөрүү нь 2.5 их наяд болж байгаа юм. Энэ мөнгийг хаанаас олох вэ гэдэг л асуудал. Манай Нийгмийн бодлогын байнгын хорооноос УИХ-ын сонгуулиар амласан мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан нийгмийн хамгааллын чиглэлийн ажлуудаа санал оруулж байгаа.  Тодруулбал, хүүхдийн мөнгийг 100 хувь олгоно. Гэхдээ 60 хувьд нь бэлнээр олгоё, үлдсэн 40 хувьд нь 2019 он хүртэл хүүгүй хадгаламж нээе гэж байгаа юм.

Нөгөөтэйгүүр, “Боловсролын зээлийн сан”-г бий болгож, хэрэгжүүлнэ. Үүнийг хэрэгжүүлэх 100 тэрбум төгрөгийг 2017 оны төсөвт тусгасан. Мөн “Насны хишиг”-ийг 70-аас дээш насны ахмадууддаа 100 мянгаар жилд хоёр удаа, 80-аас дээш насныханд 200 мянгаар хоёр удаа, 90-ээс дээш бол 300 мянгаар хоёр удаа олгох санхүүжилтийг ч мөн төсөвт тусгаад байна.

Цаашилбал, Засгийн газрын өмнө хамгийн ихээр тулгамддаг нь нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн асуудал байна. Ямартай ч эхний ээлжид эдгээрийг хоёр ээлжтэй болгохоос гадна цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд төсвийн бус эх үүсвэрээр шийдэх бололцоотой гэж харж байгаа. Тэгэхээр нийгмийн хамгааллын чиглэлд сонгуулийн үеэр амласан амлалтаасаа Ардын нам ухарсан зүйл ерөөсөө байхгүй гэдгийг хэлье.

-Нийгмийн хамгааллын зардал орж ирж байгаа учраас энэ хэмжээгээр бусад зүйлээс зардал хэмнэх боломж юу байна вэ?

Ер нь 2012 оны төрийн албан хаагчдын тоог 2016 оныхтой харьцуулахад 40 мянгаар өсчихсөн. Төрийн алба данхайж байгаа нь төсөв дээр ирж байгаа хамгийн том дарамт.

Цаашид төр тэвчиж болох зардлаа биш ард иргэдийнхээ бүсийг чангалж хямралаас гарна гэж байхгүй. Төр өөрөө үлгэр жишээ, манлайлал үзүүлж цомхон, чадварлаг бүтцээр үйл ажиллагаагаа явуулах ёстой. Энэ чиглэлд ч Засгийн газар ажиллаж эхэлж байна.

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 10 биш нэг хувь болгох тухайд та ямар байр суурьтай байгаа вэ?

Энэ   хуулийг санаачилсан гишүүдийн нэг нь би. Өнгөрсөн дөрвөн жилд МАН-аас сонгогдсон нэр бүхий гишүүд энэ хуулийг санаачилсан ч батлуулж чадаагүй. Одоо Засгийн газраас өргөн барьсан хуульд борлуулалтын орлого нь 1.5 тэрбум хүртэлх аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоё гэж байгаа юм.

Өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй үөд татвар нэмэх замаар эдийн засгийн хямралаас гарна гэж байхгүй. Тэр тусмаа баялаг бүтээж, ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдээ хүнд дарамтаас нь хөнгөвчлөө гэсэн бодлого баримтлах ёстой. Тиймээс ойрын үед Засгийн газраас бизнесийн орчинг сайжруулах чиглэлээр дорвитой санаачлагатай алхмыг хийж эхэлж байна.

Нийгмийн даатгалын болон татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг нээлээ. Мөн хууль хяналтын байгууллагуудад давхардсан байдалтай шалгуулж байгаа аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэдээ хуулийн хөнгөлөлт үзүүлье гэж байна.

Нийт 26 төрлийн давхацсан зөрчлийг арилгаад ер нь УИХ дээр баялаг бүтээгчдийн хүсээд байдаг Зөвшөөрөл, лицензийн тухай хуулийг батлах чиглэлд цаг алдалгүй орох ёстой гэж ойлгож байна.

Хамгийн гол нь татварыг нэмэлгүйгээр татвар төлөх бааз суурийг нь нэмэгдүүлэх, илүү  олон хүнийг ажил, орлоготой  болгох төсөл хөтөлбөртөө бид түлхүү анхаарч, хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Татварын хуулийн анхны хэлэлцүүлгээр зөвхөн дөрвөн салбар гэхгүйгээр бусад салбарыг нэмэх шаардлагатай гэсэн санал гарч байсан. Өөр салбарыг нэмэх боломжтой юу?

Энэ бол тансаг хэрэглээний татварын тухай яриа шүү дээ. 150 мкв орон сууцанд амьдарч байсан. Эсвэл 2.5 сая төгрөгөөс дээш орлоготой байсан гээд. Үүнийг Засгийн газар өргөн барьсан ч УИХ-д бид дэмжээгүй шүү дээ. Түүнтэй адилхан 2017 онд аль болох татвар нэмэхгүйгээр ул$ын төсвийг батлах ёстой гэсэн байр суурьтай байна.

Хамгийн гол нь бодлого тогтвортой байх ёстой. Ард иргэд хууль тогтвортой байхыг л хүсдэг. Энэ зарчмаа баримталж л бид 2017 оныхоо төсвийг батална гэсэн бодолтой байгаа. Өөр салбарыг нэмэх тухайд хамгийн гол нь тооцоо судалгаа их чухал. Засгийн газрын тэргүүлэх чиглэлд зайлшгүй орж байгаа бол нэмж болно. Оёдол, нэхмэл гээд үлдчихсэн салбарууд байгаа бол оруулах ёстой гэсэн байр суурь баримтална.

-Төсвийн   эхний хэлэлцүүлэг явчихсан байхад олон нийтийн санаа бодлыг сонсоно гээд чуулганыг завсарлуулж байгааг шүүмжлэгсэд байна. Хэлэлцүүлгийн дундуур олон нийтийн саналыг        тусгах боломж байдаг уу гэдэгт татайлбар өгнө үү?

УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Тэр тусмаа төсвийг УИХ баталдаг. Тэгэхээр 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэхэд ард иргэдээсээ санал авч чадаагүй  учраас  татварын болон тэтгэвэрт гарахдаа авдаг 36   сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж гээд дутуу судалгаатай зүйлүүдийг оруулж ирж байсан.

Энэ алдааг бид дахин гаргахыг хүсэхгүй байна. 2017 оны төсвийн эхний хэлэлцүүлгийг хийсэн. Ер нь эхний хэлэлцүүлэг, хоёр, гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж байх үед Байнгын хороо бүхэн өөрийн хэлэлцэх асуудлын хүрээнд тодорхой санал гаргадаг шүү дээ.

Өнөөдөр гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг бид сонсоод сууж байхад 2017 оны төсөвт зайлшгүй хийх ёстой асуудлууд хөндөгдөж байна. Үүнтэй адилхан бид ард түмнийхээ саналыг сонсох ёстой.

Нэгэнт 76 тойргоос сонгогдсон гишүүд учраас эхний хэлэлцүүлгээ хийгээд ард иргэддээ төсвийн тухай хуулиа танилцуулаад тэднээс гарсан санал санаачлагыг УИХ-д яаж оруулах вэ гэсэн байр суурьтай. Төсвийг ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлэх ёстой шүү дээ. Төсвөө нээлттэй батлах, нээлттэй хянадаг байх ёстой. Ийм шинэ тогтолцоо руу орж байгаа хэлбэр.

-Ирэх долоо хоногт Засгийн газрын 100 хоног болно. Засгийн газар энэ хугацаанд хэр ажилласан гэж та дүгнэх вэ?

Ямар ч байсан сүүлийн зургаан     сонгуулиар байгуулсан УИХ, Засгийн газраас  илүү хурдтай ажиллаж чадсан. Тухайлбал, Ерөнхий сайдыг маш богино хугацаанд томилсон. Сүүлийн зургаан сонгуулийн хугацаанд Ерөнхий сайдаа найм хоногийн дотор томилж, 24 хоногт Засгийн газраа байгуулж байсан тохиолдол байхгүй.

Бүр байгуулснаасаа хойш 60 хоногийн дотор ирэх дөрвөн жилийнхээ мөрийн хөтөлбөрөө батлуулчихсан Засгийн газар урьд өмнө байгаагүй. Энэ утгаараа маш хурдтай ажиллаж байгаа. УИХ-ын сонгуулиар амлаж байсан амлалтаа эхний хагас жилд биелүүлэхээр оруулж ирж байна.

“Болвсролын зээлийн сан", "Настны хишиг", хүүхдийн мөнгө гээд ихээхэн төсөв мөнгө шаардлагатай нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлуудаа эхлээд шийдвэрлэснийг хурдтай ажиллаж байна гэж харж байна.

-Сөрөг хүчний зүгээс МАН 100 хоногийн хугацаанд АН-ын хийсэн ажлуудыг үгүйсгэх, зогсооход анхаарч ажиллалаа гэж шүүмжлээд байна л даа. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

Буруу хуулиудыг бид зогсоох ёстой. Тэр тусмаа амьдралаас хол, тооцоо судалгаагүй, цэвэр улс төрийн зорилгоор, сонгуульд олон нийтийн санал татах зориулалттай хуулиуд байна шүү дээ. Буцаалаа, үйлчлэлийг нь зогсоолоо гээд байгаа хуулиудыг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр байсан.

Хамтын тэтгэврийн тухай хууль,Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль байна.  Энэ хуулиудыг хэрэгжүүлье гэхээр өнөөдөр эдийн засагт ямар ч бодит боломж алга. Жишээ нь, Зөрчлийн болон Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэхэд жил бүр 90 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай болж байна.

Хамтын тэтгэврийнх үндсэндээ жил бүхэн 70- 80 тэрбум төгрөг шаардах хуулиуд. АН-ынхан яагаад 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр хууль баталж байсан юм бэ. Үнэхээр хэрэгжүүлье л гэсэн бол тухайн үед өөрсдөө эрх барьж байх үедээ яагаад хэрэгжүүлээгүй юм гэдэг асуулт гарч ирнэ.

Хуулийг баталсан өдрөөс эхлэн мөрдөх ёстой шүү дээ. Тэгэхээр эдгээр хуулийг , баталсан нь цэвэр улс төрийн зорилготой, тэр тусмаа орон нутгийн сонгуульд чиглэсэн болчимгүй, богино хугацааны улс төр байсан.

ШИНЭ МЭДЭЭ