Орон нутагт ажиллах үеэр малчид, иргэд эх оронч санаачилга уриалгуудыг гаргаж байсан
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
2016.10.12
Улстөр

Орон нутагт ажиллах үеэр малчид, иргэд эх оронч санаачилга уриалгуудыг гаргаж байсан

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. 

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Саяхан та чуулганы завсарлагаар орон нутагтаа ажиллаад ирсэн...

Улсын Их Хурлын сонгуулиас хойш 70 гаруй хоногийн хугацаанд Засгийн газраа байгуулж, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан УИХ-аар батлуулан хэрэгжүүлэх ажилдаа ороод байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг сурталчлах ажлын хүрээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнүүдийн хамт есдүгээр сарын 21-26-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Батширээт зэрэг сумдад ажиллаад ирлээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газраас ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар орон нутгийн иргэд хөдөлмөрчдөд танилцуулж тэдний санал бодлыг сонсон орон нутагт нь тулгамдаж буй зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж явлаа. 

Тухайлбал отрын нутаг Хэрлэн Баян Улааны хүн эмнэлгийн түргэний машин эвдрээд удаж байсан учир энэ асуудлыг Улсын онцгой комиссын хурал дээр тавьж шийдвэрлүүлэн энэ удаа батламжийг нь гардуулан өглөө. Сумдаар явж байхад иргэд,малчид малын гаралтай түүхий эдийг хилээр гархад татвар авах тогтоолыг хүчингүй болгосон нь өнөөдөр үр дүнгээ өгч ямар ч үнэгүй болж жалга, хог дээр хаягдаж байсан ямааны арьс 1000 төгрөг хонины нэхий 3000-4000 төгрөгт хүрч байгаа нь нүдээ олсон шийдвэр болсон талаар ярьж байна.  

Харин сүүлийн жилүүдэд малын өвчин маш их гарч байна үүнд яаралтай анхаарлаа хандуулах, төрийн албаны данхайсан бүтцийг өөрчлөх, тансаг хэргэлээг багасгаж татвар ногдуулах, улсын эдийн засгийг уналтанд оруулсан болон оффшор данстай хүмүүст ямар хариуцлага тооцох гэж байна гэх мэт асуултуудыг их тавьж байна. Орон нутагт ажиллах үеэр малчид иргэд ахмадууд олон сайхан эх оронч санаачилга уриалгуудыг гаргаж байсан юм.

Тухайлбал Дархан суманд хийсэн уулзалтын үеэр тус сумын мянгат малчин Н.Шаравжамц улс орны эдийн засгаа хямралаас гарахад нь зориулж мянгат малчин бүр малаа хандивлахыг уриалж, өөрөө 100 хонь мөн өөрийнх нь 3 хүүхэд нь тус бүр 100 хонь нийт 400 хандивлахаа илэрхийлсэн бол Батширээт сумын өндөр настан С.Чойгомбо тэтгэврээсээ татгалзаж хандивлах эх оронч санаачилга гаргасан.

Бид  зөвхөн иргэдтэй уулзалт хийгээд зосохгүй сум орон нутгийн төрийн байгууллагаар орж ажил байдалтай танилцаж явхад ихэнх эмнэлгт засвар, эмнэлгийн машины асуудал яригдаж байсан бол цэцэрлэгүүд тоглоом,  байрны их засвар болон шинээр барилга барих шаардлагатай байгаа тухай ярьж байна. Энэ  ч аргагүй юм өнгөрсөн 2012-2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил гэхээр юм бараг байхгүй ихэнх нь 2012 оноос өмнөх ажлууд.  

Энэ онд ч мөн адил улсын төсөв хүндрэлтэй байгаа учир шинээр барилга бүтээн байгуулалт хийхэд хүндрэлтэй байгаа.  

-Эдийн засаг хүндэрсэн талаар дээр, дооргүй ярьж байна. Засгийн газрын гишүүний хувьд та хэрхэн дүгнэж байна вэ?

УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө боловсруулж байхдаа бид цөөнхи байлаа. Тухайн үед авч байсан мэдээлэлдээ тулгуурлаад улс орны эдийн засгийн түвшний талаар төсөөлөлтэй байсан.  Гэтэл сонгуулийн дараа Засгийн газраа байгуулаад яг бодит байдалтай нь танилцахад бидний төсөөлж байснаас эдийн засгийн төлөв байдал бүр муудчихсан байна.

2012 онд МАН-ын Засгийн газар сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газарт 17.5 хувийн эдийн засгийн өсөлттэй, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн тэрбум ам.доллар,мөн тэр хэмжээний валютын нөөцтэй улс орон хүлээлгэн өгч байсан. Харин 2012 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд эдийн засаг ямар байсныг бид бүгдээрээ мэдэж байгаа.

Ингээд 2016 оны сонгуулийн дараа бид Засгийн газраа байгуулахад валютын нөөцөө шавхаж дууссан, гадаадын хөрөнгө оруулагчдийн итгэлийг алдсан, хууль эрхзүйн тогтвортой байдал талаасаа хамгийн муу зэрэглэлийн улс орнуудын тоонд орчихсон, дандаа хасах баланстай  хүнд байдалтай угтаж байна. Өмнөх эрх баригчид сонгуульд бэлдсэн хоёр, гурван сарын хугацаанд “Сайн” хөтөлбөрүүд гэж гаргаад 553 тэрбум төгрөгийг 2016 оны улсын төсөв төлөвлөгөөнд оруулалгүйгээр хуульгүй тараагаад өгчихсөн байна.

Концессийн гэрээгээр Засгийн газар үүрэг хүлээж ажил гүйцэтгүүлсний төлөөсөнд өгөх мөнгөн дүнгийн хэмжээ гэхэд 1.6 их наяд төгрөг болчихжээ. Аж үйлдвэрийн яам, 21 аймаг, нийслэл тэр чигээрээ өөрсдөө толгой даагаад өчнөөн концессийн гэрээ хийгээд ажил гүйцэтгүүлсэн байна. Тэрний мөнгө 1.6 их наяд төгрөг хүрч хуримтлагдсан байна шүү дээ. Түүнчлэн векселээс эхлээд маш олон өр, авлага үүсчихжээ.

Улсын төсөв батлахдаа төсвийн алдагдлыг 940.5 тэрбум төгрөгт байна гэж баталсан байтал оны эцэст одоо 4 их наяд 397.2 тэрбум төгрөгт төсвийн алдагдал байхаар байна

Мөн дээр нь бид дөрвөн жилийн хугацаанд олон түмэнд мэдээлж байсан Чингис, Самурай тэргүүтэй олон бонд, зээлүүд, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дөрвөн их наяд төгрөг гээд асуудлууд байна. 

-Танай нам нэг хэсэг Засгийн газарт хамтарч байсан. Яагаад ямар нэг арга хэмжээ аваагүй юм бол гэх хүмүүс бас байгаа байх

Шийдлийн Засгийн газарт бид найман сар ажилласан. Энэ хугацаанд дотор нь ажиллахдаа нэг төсөвтэй болгох чиглэлээр авч хэрэгжүүлсэн бидний ажлууд бий. Гэхдээ Шийдлийн Засгийн газраас гарснаас хойш жил гаруй хугацаа болчихлоо шүү дээ. “Сайн” хөтөлбөрүүдийг бол эрх баригчид бүр сонгууль тулгаж байгаад хийсэн.

Зөвхөн 2016 оныг аваад үзэхэд улсын төсөв батлахдаа төсвийн алдагдлыг 940.5 тэрбум төгрөгт байна гэж баталсан байтал оны эцэст одоо 4 их наяд 397.2 тэрбум төгрөгт төсвийн алдагдал байхаар байна. Гурван их наяд 456.7 тэрбум төгрөгийн зөрүү гарч байна. 

-Та Батлан хамгаалахын сайд болоод ажлаа юунаас эхлэв?

Батлан хамгаалах салбар бол онцгой тусгай салбар юм. Салбарын хэмжээнд чиг үүргийнхээ дагуу цаг хугацаандаа үйл ажиллагаа явагдаж байна.  Манай салбарын хувьд гадаад харилцаа сайн хөгжсөн. Дэлхийн 32 улстай батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Энэ хүрээнд  харилцан хээрийн сургууль, дадлага олон талт хамтын ажиллагаа өрнүүлж байдаг.

Тухайлбал Катар, Япон зэрэг улстай хамтарсан хээрийн сургууль, ОХУ-д жил бүр зохион байгуулагддаг хээрийн сургуульд оролцоод ирлээ. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний 032 дугаар анги, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон "Спашная башня- 2016" олон улсын наадам, ОХУ-д цэргийн танкчид, мэргэн буучид, тогоочдын уралдаанд  манай баг амжилттай оролцоод ирлээ.

Түүнээс гадна яам хоорондын хамтын ажиллагааны уулзалтууд тухайлбал БНХАУ-ын Батлан хамгаалах яамны өндөр дээд хэмжээний уулзалт зохион байгууллаа. мөн хөрш ОХУ-ын Батлан хамгаалах яам хооронд байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны гэрээний үйлчлэлийн хугацааг сэргээх шийдвэрийг засгийн хуралдаанаар гаргаж үүний дараа ОХУ-ын Батлан хамгаалах яам хороонд байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга В.Н.Дрожжов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ирж гэрээний хугацааг сунгаж  гарын үсэг зурсан зэрэг  олон ажлыг амжуулаад байна.

Түүнээс гадна  ээлжит бус чуулганаар  манай батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн шинэчлэлд асар их үүрэг гүйцэтгэх 4 багц хуулийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэ бол зайлшгүй УИХ-аар батлах ёстой хууль байсан. Батлан хамгаалах салбарын эрдэмтэд судлаачид, мэргэжилтнүүдийн олон жилийн нөр их хөдөлмөр, судалгаан дээр тулгуурласан зайлшгүй батлах ёстой практик хэрэгцээ шаардлагад тулгуурласан хууль.

-Таны хувьд УИХ-д 4 дэх удаагаа сууж байгаа туршлагатай парламентич хүн. Таныг батлан хамгаалахын сайд болсон энэ цаг үед олон жил яригдаж хүлээлт үүсгээд байсан Батлан хамгаалах салбарын хууль батлагдлаа. 

Миний хувьд ард иргэдийнхээ итгэлийг хүлээж 4 дэх удаагаа парламентад сууж байна. Би өмнөх 3 парламентийн бүрэн эрхийн хугацаанд Батлан хамгаалах салбар болон Зэвсэгт хүчин, хуулийн байгууллагуудын хууль эрх зүйн орчинг сайжруулах болон тухайн салбарт ажиллагсадын нийгмийн асуудлыг дээшлүүлэх санал санаачилгуудыг гарган тухайн салбарынханы оруулж ирсэн хууль, бодлогуудыг дэмжиж ажиллаж ирсэн хүн.

Биднийг ажиллах байх хугацаанд олон жил яригдаж байсан 1995 оноос хойш тэтгэвэрт гарсан цэргийн ахмадуудын тэтгэврийн зөрүүнээс эхлээд цэргийн нэгдсэн эмнэлгийн барилга хуучирч муудсан үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон асуудлуудыг шийдвэрлэх гэх мэт бидний тухайн үедээ улсын төсөв төрийн бодлогод тусгуулсан олон ажлууд байдаг. Батлан хамгаалах салбарын шинэчлэлтэй холбоотой томоохон бодлогын баримт бичгүүд, хуулиуд олон удаагийн парламентийн бүрэн эрхийн хугацаанд хэлэлцүүлэгдэж тодорхой үр дүнд хүрч чадаагүй байсан.

Энэ хуулиудыг ээлжит бус чуулганаар батлууллаа.. Энэ хуулиудыг батлан гаргахад манай салбарт ажиллаж байсан Батлан хамгаалахын үе үеийн сайд, удирдлагууд өнөөдөр УИХ-д ажиллаж байгаа Батлан хамгаалах салбарыг удирдан ажиллаж байсан хүмүүс идэвхи санаачилгатай оролцож дэмжиж байсанд баяртай байна.

Энэ багц хуулиудын ажлын хэсэгт идэвхитэй сайн ажилласан урд нь батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан одоо аюулгүй байдал байнгын хорооны даргаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Энхболд, Л Болд зэрэг гишүүдийг дурдаж болно. Өнгөрсөн долоо хоногт Монгол улсын Ерөнхийлөгч манай яаманд ирж хууль гардуулах ёслолын ажиллагаа болсон. 

Нөгөө талаар 2016 оны сонгуулиар ард түмнийхээ итгэлийг авч үнэмлэхүй ялалт байгуулж Засгийн газраа эмхлэн байгуулсан МАН-ын Засгийн газар, УИХ нь Батлан хамгаалах салбарт онцгой ач холбогдол өгч анхаарал тавьж үндсэн чиг үүргийн яам болгож статус зэрэглэлийг нэмэгдүүлж өглөө. Энэ зорилт бол манай батлан хамгаалах салбарынханы олон арван жилийн мөрөөдөл биеллээ гэж хэлж болно. Үндсэн чиг үүргийн яам болсоноор олон боломж бидэнд нээгдэж байгаа юм. Энэ боломжуудаа ашиглан батлан хамгаалах салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийднэ.

Цэргийн албанд татагдаж байгаа залуучуудын 40 хувь нь эрүүл мэндээр тэнцэхгүй байна

Мөн монгол төрийн шийдвэр гарч УИХ-аар батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг баталсан. Энэ баримт бичиг гарсанаар  батлан хамгаалах салбар их өргөн цар хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, бусад салбар яамдтай хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал гэдэг бол өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулахаас өөр арга байхгүй юм. Батлан хамгаалах салбарын үйл ажиллагыаа өргөжинө гэдэг цэргийн зэвсэг техникээ нэмэгдүүлээд хэн нэгэнтэй тэмцэж тулах гэсэн асуудал биш юм.

Улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, үндэстний оршихуй эс оршихуйн асуудал.Тухайлбал өнөөдөр цэргийн албанд татагдаж байгаа залуучуудын 40 хувь нь эрүүл мэндээр тэнцэхгүй байна. Зөвхөн эрүүл мэндээр тэнцэхгүй байна гээд орхих биш эрүүл мэндийн яамтай хамтраад цэрэгт эрүүл мэндээр тэнцэхгүй байгаа залуучуудыг яаж эрүүлжүүлэх цаашилбал хүүхэд залуучууд өсвөр үеийн эрүүл мэнд, өвчлөлийг урьдчилан сэргийлхэд анхаарч ажиллах. Мөн өнөөдөр монголын нийгэмд ёс суртахууны асуудал амаргүй байна.

Унаж доройтлоо гэж яриад суух биш Боловсролын яамтай хамтарч залуучуудынхаа хүмүүжил төлөвшил, эх оронч иргэн болж төлөвшихөд анхаарч төлөвлөгөө гарган ажиллах хэрэгтэй. Бид хаа нэг газраас халдалага дайралт гэхээсээ илүү өнөөдөр дэлхийн байгал цаг агаарт ямар их хэмжээний өөрчлөлт гарч байна.

Болзошгүй аюул занал, террорист халдлага бусад зүйлүүд ба мөн бидэнд байнга тохиолддог байгалийн гэнэтийн аюулт үзэгдэл буюу ган зудын давтамж нэмэгдээд байгаа зэрэг нөхцөл байдалд манай батлан хамгаалах салбар бусад байгууллагуудтай хэрхэн яаж уялдаж энэ аюул ослоос урьдчилан сэргийлж аюулыг зайлуулах хэрвээ тулгарсан хүнд нөхцөлд яаж ажиллах вэ гэх мэтчилэн өргөн хүрээнд ажиллах шаардлагатай болж байгаа юм.

Тиймээс зөвхөн зэвсэгт хүчний хүрээнд төдийгүй олон салбарыг хамарсан бодлого шийдвэр энэ  хуулиудыг амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд олон дүрэм журам, заавар гарна. Хэрэгжилтийг хөрсөн дээр буулгаж хэрэгжүүлэх ёстой. Үүнтэй зэрэгцүүлээд энэ намрын чуулган, ирэх он жилүүдэд болох УИХ-ын чуулганаар шат дараатай хэлэлцүүлж батлуулах хуулиуд байна. Тухайлбал орон нутгийн хамгаалалтын тухай хууль гэх мэт дараа дараагийн олон асуудлууд байгаа юм. 

-Нийслэл, УИХ-ын тамгын газар гэх мэт байгууллагууд ажилчдынхаа 10-30 хүртэл хувийг цомхотгох шаардлагатайбайгаа тухай яригдаж эхлээд байна. Танай салбарын хувьд 

Бид тусгаар тогтносон бүрэн эрхтэй улс юм бол өөрийн батлан хамгаалах хүчинтэй байх ёстой. Гэтэл энэ салбар руугаа хандах хандлага, төсвийн хөрөнгө оруулалт ер нь сүүлийн жилүүдэд дандаа буурсан үзүүлэлттэй явж ирсэн юм байна.

Ийм нөхцөлд дахиад орон тоо, төсөв зардлыг багасгана гэдэг тун хүнд зүйл. Төсвийн тодотголоор тухайлбал 2.5 тэрбум төгрөгийн хасалт манай салбар дээр хийсэн л дээ. Дахиад яамдууд дээр төрийн албыг 15 мянган хүнээр цомхотгох шаардлага байна гэж ярьж байгаа. Үнэхээр ч үүнээс өөр арга байхгүй байх.

Яагаад гэвэл 2012 онд төрийн эрхийг авсан хүмүүс сүүлийн гурав, дөрвөн жилийн хугацаанд төрийн албыг яаж данхайлгаж, томруулж болох бүхнийг хийжээ. Бүх агентлаг, газар, яамд дөрөв, таван орлогчтой болсон. Баахан зөвлөхтэй болгосон байна. Мөн төрийн өмчит өчнөөн компани байгуулж, зохион байгуулаад тэндээ асар олон хүнийг ажиллуулдаг болсон.

Та бүхэн мэдэж байгаа Эрдэнэт үйлдвэрийн орлогч гэхэд сарын 10 мянган еврогийн цалинтай, улиралдаа 60 мянган еврогийн урамшуулалтай, томилолт зардлаар 30 мянган евро авдаг. Энэ мэтээр төрийн өмчит компаниудын удирдлага арваас доош сая төгрөгийн цалинтай байгууллага байхгүй болсон байна шүү дээ. Тэгэхээр төрийн данхайсан нүсэр бүтэц, энэ их цалин хэмжээг бууруулах зайлшгүй шаардлага байгаа.

Гагцхүү манай батлан хамгаалах салбарт тэгж бууруулж, хасах боломж туйлын хомс юм л даа. Гэхдээ бид бүх салбар, нэгжээр ямар боломж байгааг судалж байна. Би  албаа хүлээж аваад бодлогын чанартай нилээд хэдэн тушаал гаргаж үр дүн эхнээсээ гарч байна. Тухайлбал төсөв хэмнэлтийн зарчмаар ажиллах, дэг журмыг сахиулах чиглэлээр гаргасан тушаал шийдвэр юм. Тушаалын хэрэгжилтийг хангуулж ажиллуулахаар ажиллаж байна даа. 

-УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдсан. Энд танай намын мөрийн хөтөлбөрөөс ямар заалтууд нь оров?

УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг ээлжит бус  чуулганы хугацаанд Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, МАН-аас сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, амлалтыг биелүүлэх суурь боломжийг бүрдүүллээ. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт МАН-ын мөрийн хөтөлбөрийн зорилт бүрэн тусгагдсан.

Засгийн газрын 4 жилд барьж ажиллах гол бодлогын баримт бичгийг баталсан гэсэн үг. Хэдийгээр улс орны эдийн засгийн байдал хүндхэн байгаа ч бид энэхүү мөрийн хөтөлбөрийг бүрэн биелүүлэхийг шахаж шаардаж ажиллана. Мөн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг нь төсвийн тодотгол байв. Монгол Улсын 2016 оны төсвийн төсвийн тодотгол болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэн баталлаа. 

Монгол Улсын 2016 оны нэгдсэн

  • төсвийн орлогыг 5.348,2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22,1 хувьтай тэнцүү байхаар,
  • төсвийн зарлагыг 9.694,4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40,1 хувьтай тэнцүү байхаар,
  • төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 4.346,2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 18,0 хувьтай тэнцүү байхаар баталлаа. 

Мөн эдийн засаг, төсвийн орлогын бодит байдлаас үүдэн нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ ирэх жилүүдэд ихээхэн буурахаар байна.
Тухайлбал, хөрөнгийн зардлыг хэмжээг

  • 2016 онд 2,350.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 9,7 хувьтай,
  • 2017 онд 1,573.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 6,1 хувьтай,
  • 2018 онд 1,040.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 3,8 хувьтай тэнцүү байхаар  Нийгмийн халамжийн зардлын ДНБ-д эзлэх хувь ирэх онуудад тогтвортой байхаар байна.

Нийгмийн халамжийн зардалд 2016-аас 2018 онд тус бүр ДНБ-ий 1,2 хувийг зарцуулахаар тооцсон. 

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх векселиэр төлбөр гүйцэтгэсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 672,929.5 сая төгрөгөөр, "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 70,705.0 сая төгрөгөөр баталлаа.

Эдийн засаг хямарсан иргэд, аж ахуйн нэгжийн орлого, үйл ажиллагаа хумигдаж байгаа энэ хүнд үед цалин бууруулах, татвар нэмэх саналыг дэмжих боломжгүй гэдэг улс төрийн шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг гаргасан. Татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх дараах хуулийн төслүүдийг Засгийн газарт буцаахаар болсон.

Тухайлбал Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрлөлт оруулах тухай хуулийн төсөл,Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

-Нийгмийн бодлогын чиглэлээр ямар ямар  асуудлууд яригдаж шийдэгдэв?

Төсвийн тодотголоор хүүхдийн мөнгийг зорилтод бүлэг 60 хувьд сар бүр олгож, үлдсэн 40 хувьд хуримтлал үүсгэн 2019 онд  бөөнөөр олгохоор шийдвэрлэсэн. Түүнчлэн нийгмийн хүлээлт үүссэн зарим зардлуудыг нэмж тусгасан.

Тухайлбал, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 1,4 тэрбум, оюутны сургалтын төлбөрийн зээлд зориулан Боловсролын зээлийн санд 20,5 тэрбум, малын гоц халдварт өвчин шүлхий өвчний голомтыг устгах, вакцинжуулахад шаардагдах 13,3 тэрбум, арьс ширний урамшуулалд 9,8 тэрбум, тариалан эрхлэгчдийг дэмжих санд 3,4 тэрбум төгрөгийг нэмж тусгасан.

Малчин Н.Шаравжамц улс орны эдийн засгаа хямралаас гарахад нь зориулж мянгат малчин бүр малаа хандивлахыг уриаллаа

“Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн 19.1-т “..10-аас доошгүй жил алба хаасан цэргийн албан хаагч тэтгэвэрт гарахад нь 36 сарын, бусад цэргийн албан хаагчид 24 хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэсэн өөрчлөлт оруулах хуулийн төслийг гишүүд дэмжээгүй тул цэргийн албан хаагч тэтгэвэрт гарахдаа 36 сарын тэтгэмж авах авдаг хуулийн заалт хэвээр үлдсэн.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цалинтай холбоотой зардлыг бууруулахгүй гэсэн зохицуулалт хийгдсэн байгаа. Цалингийн нэмэгдлийг тодорхой хувиас хэтрүүлэхгүй байх мөн төрийн албан хаагчдад олгодог 36 сарын нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг өгөхдөө Засгийн газраас оруулж ирсан саналаар ажилласан жилээс хамаарч 1-12 сар байхаар тусгаж өгсөн.

Цаашид эдийн хуучин хэвээр 36 хүртэл сарын тэтгэмж өгөх боломжийг судалж саналаа оруулж ирэх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Мөн    Хамтын тэтгэврийн хууль хүчингүй болсноор 300 мянган ахмадын эрхийг хасч байгаа юм биш. Хамтын тэтгэврийн хууль дээр цаг хугацааны хязгаар тавьснаар 7000 гаруйхан хүн хамарна. Гэтэл манайд хань ижлээ алдсан 77 мянган ахмад байгаа.

Тиймээс уг хуулийг буцааж хамтын тэтгэвэр авбал зохих бүх хүнийг хамруулахаар зохицуулалтыг хийх нь зүйтэй гэж олонх үзсэн. Түүнээс гадна Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг буцаан татсантай холбогдуулан, уг хуулийн хүлээлт нийгэмд хүлээлттэй байгаа учраас Засгийн газраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ.


-Төсвийн тодотголын хүрээнд Засгийн газраас оруулж ирсэн татварын өөрчлөлтүүд янз бүрийн хэл ам дагууллаа. Эцэст нь зарим нэг зүйл нь өөрчлөгдөж байна?

Эдийн засгаа тогтворжуулахын тулд бид ийм онцгой арга хэмжээнүүдийг авахаас өөр арга байхгүй төсвийн тодотгол оруулж ирсэн л дээ. Гэтэл зарим талаараа өөрчлөгдөж байна. Бид ялангуяа улс орны эдийн засгийн нөхцөл хүнд байгаа ийм үед газрын даргаас дээш түвшний албан хаагчид, УИХ, Засгийн газрын гишүүд цалингаасаа хасалт хийе гэж оруулж ирсэн. Энэ дэмжигдсэнгүй, цалинг бууруулахгүй байхаар болж байна.

Оюутны тэтгэлэгтэй холбоотой асуудал байна. Хэрвээ бололцоотой бол МАН нийгмийн чиг баримжаатай намын хувьд нийгэм рүүгээ, олон түмэн рүүгээ чиглэсэн арга хэмжээнүүдийг авна шүү дээ. Гэхдээ нөхцөл байдлаа бодолцож үзээд их орлоготой давхаргадаа тодорхой хэмжээгээр татвар бий болгоё. Тэгээд орлогоосоо хамаарсан шаталсан татварын тогтолцоог бий болгоё гэсэн ийм л зорилго тавьсан.

Тухайлбал, 2.5 сая төгрөг хүртэл цалинтай хүн бол 10 хувиа л авья. Хэрвээ гурван сая төгрөгийн цалинтай бол 500 мянган төгрөгт нь 25 хувийн татвар тавихаар санал оруулсан. Мөн 150 мкв хүртэл талбайтай байрнаас татвар авахгүй. Хэрвээ 200 мкв байвал 50 мкв-аас нь татвар авья гэж байгаа. Тансаг хэрэглээнээс татвар авах нь бусад улс орнуудад байдаг л жишиг шүү дээ. Гэтэл бүх шатны цалинг бууруулахгүй байх шийдвэр гарлаа.

Оюутны тэтгэлгийн хувьд намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан оюутны зээлийн санг байгуулахаар болсон.  Оюутны 70200 төгрөг чинь нийт дүнгээрээ 35 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа. Гэтэл түүнийг оронд 100 тэрбум төгрөгийн зээлийн сан байгуулаад нийт их, дээд сургуульд суралцагчдын 70 хувь нь зээлийн сангаас сургалтын төлбөрийн асуудлыг шийдүүлээд явахаар намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтыг биелүүлье гэж байгаа.

Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт буюу 60 хувьд нь бэлнээр нь олгоод явна. Үлдсэн 40 хувьд нь мөнгийг нь 2019 онд дансанд нь байршуулаад өгчихье. Тодорхой хугацааны дараа мөнгийг нь олгоно гэж ярьж байгаа.Өнгөрсөн долоо хоногт хүүхдийн мөнгийг олгоод эхэлсэн.  Хос хөдөлгүүртэй, эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд хор нөлөөгүй автомашинаас татвар авахгүй байя гэж байна.

Төрийн өмчит компаниудын удирдлага арваас доош сая төгрөгийн цалинтай байгууллага байхгүй болсон байна

Онцгой албан татварыг бол авъя. Ингээд ямар ч байсан бусад улс оронд байдаг жишгийн дагуу татвар авах ёстой хэсэгт нь тодорхой хэмжээгээр татвар нэмээд нийгмийнхээ халамжийн чиглэлээр хүрсэн түвшингээсээ бууруулахгүй байхаар төсвийн тодотголыг оруулсан л даа. 

-Ирэх оны гуравдугаар сард Чингис бондын зээлийн эхний төлөлт, зээлийн хүүд 500 мянган ам.доллар төлнө. Энэ оны төсвийн алдагдал дөрвөн их наяд гаруй төгрөг гэж байна. Ийм байхад татварын өөрчлөлтөөс орж ирэх хэдэн зуун тэрбум бага л даа. Тэгэхээр цаашдаа ямар арга харагдаж байна вэ. “Стэнд бай”-д хамрагдах уу, бонд босговол нэлээд өндөр хүүтэй болох гээд байна гэх юм?

Эдийн засгаа төрөлжүүлээд тэндээсээ авдаг орлогоо бий болгох хэрэгтэй. Аж ахуй, бизнес эрхэлж байгаа хүмүүсийг хууль эрхзүйн талаар дэмжих, хууль хяналтын байгууллага шалгадаг дарамталдаг байдлыг чөлөөлж өгөх алхмуудыг хийнэ. Мөн хамгийн эхний жишээ гэхэд мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн дээрээ тогтоосон дарамт, татвар бүх юмаа чөлөөлөхөөр явж байна.

Нөгөө талаар томоохон орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх чиглэлээр ажиллах шаардлагатай байна. Мэдээж ийм хүнд нөхцөл байдалд дунд хугацаанд тодорхой хэмжээний зээл авах шаардлага гарч байгаа. Гэхдээ өмнө нь тавьсан асар өндөр хүүтэй зээлийн үйлчилгээний төлбөр гэхэд хоёр их наяд гаран төгрөг болж байна.

Яагаад гэвэл арилжааны богино хугацаатай авсан зээлүүдийн хүү дарамт болох төдийгүй, үндсэн зээлийг төлөх шаардлага гарч байгаа учраас ийм ийм зүйлүүд явагдаад байна л даа. Харин одоо бид дунд, урт хугацаандаа өгөөжөө өгөх зоригтой бодлого зорилтуудыг төсвийн тодотгол, мөрийн хөтөлбөр бүх юмандаа оруулж эдийн засгийг эрүүлжүүлэх, уналтыг зогсоох, тогтворжуулах, цаашдаа урт хугацаанд өсөлтийг хангах ийм зорилтын хүрээнд л бодлогоо боловсруулж ажиллаж байна даа. 

ШИНЭ МЭДЭЭ