“Итгэлийн зээл” олгож, үрийн аж ахуй байгуулахыг дэмжинэ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2016.09.16
Эдийн засаг, Худалдаа

“Итгэлийн зээл” олгож, үрийн аж ахуй байгуулахыг дэмжинэ

Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Атар трейд”, “Гацуурт”, “Гэгээлэг трейд” компанийн тариалангийн талбайд зочилж, үр тариа, хүнсний ногооны хураалт, хадгалалтын байдалтай танилцан тариаланчидтай уулзлаа.

Шаамар сумын ногоочин Ц.Нацагдоржийн ногооны талбайд болсон уулзалтад нутгийн иргэд, ногоочид оролцон санал бодлоо солилцов. Тэд ногоогоо нийслэлд хүргэж нэг кг-ийг нь 200 төгрөгөөр ченжүүдэд өгдөг, үнэ хямдарснаас хавар, зуны их ажил нь үр дүнгээ өгдөггүй, хүн хүчний боломжоос шалтгаалж хотод болдог яармаг худалдаанд оролцож чаддаггүйгээ ярилаа. Мөн зээлийн хүү өндөр байгааг дурдаж байв.

“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт газар тариалангийн даатгалын эрх зүйн орчин бий болгоно. Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлнэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Итгэлийн зээл” олгож, үйлдвэрлэл эрхлэх бололцоогоор хангах зорилт туссан. Үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, эх орныхоо хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо худалдан авч хэрэглэж байхыг иргэддээ уриална” гэж Ерөнхий сайд хэллээ.

Ногоочдын хувьд ганцхан намрын улиралд бус бүтэн жилийн турш төмс, хүнсний ногоогоо борлуулдаг байвал амьдрал ахуйд нь дэмтэй. Энэ нь ногооны төвлөрсөн зоорьтой болох ёстой гэсэн үг. Иймээс “Итгэлийн зээл” олгох чиглэлд Засгийн газар анхаарна. Энэ зээлээр үрийн аж ахуй байгуулж, шинэ сортын үрийн ногоо тариалж, импортын төмс, хүнсний ногоотой үнэ, чанараар өрсөлдөх ёстой гэдгийг хэллээ.  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллана

ШИНЭ МЭДЭЭ