МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Зөвлөлдөх уулзалт"-ын үеэр түшээд саналаа хэллээ
"Зөвлөлдөх уулзалт"-ын үеэр
2016.09.15
Орон нутгийн хөгжил

"Зөвлөлдөх уулзалт"-ын үеэр түшээд саналаа хэллээ

Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүдтэй хийсэн "Зөвлөлдөх уулзалт"-ын үеэр Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа ажлуудын талаар гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Нийслэлийн удирдлагууд чухал цаг үед биднийг хүлээн авч уулзаж  байгаад талархаж байна. Улаанбаатар бол мегаполис том хот болсон. Хотын хууль эрх зүйн орчин, төсвийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Хот бие даан хөгжих эрхээ хэрэгжүүлж, чөлөөт эдийн засагтай байх хэрэгтэй. Иргэнийг тойрсон бүх асуудал бол хотын асуудал. Эдийн засаг хямарсан гээд гараа хумихаад сууж болохгүй. Бид иргэдийнхээ захисан захиас, хэлсэн үгийг мартаагүй. Нийслэлийнхээ хөгжлийг цогцоор нь шийдэх ёстой. Дуу хоолойгоо нэгтгэж хамтран ажиллах болно”

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Улаанбаатар хотын өмнө тулгамдаад байгаа гол асуудлууд бол агаар, хөрсний бохирдол, ус, замын түгжрэл юм. Хөрсний бохирдлыг шийдэхийн тулд зайлшгүй хогны үйлдвэр барих хэрэгтэй.

Агаарын бохирдлыг үүсгэж байгаа гол хүчин зүйл бол гэр хорооллын тэлэлт, түүхий нүүрсний хэрэглээ. Тийм учраас гэр хороололд бие даасан дэд бүтцүүдийг бий болгох тал дээр хотын удирдлагууд анхаарч ажиллаарай. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал бол хамгийн түрүүнд эхлүүлэх ажил.

Мөн харгиа цэвэрлэх байгууламжийг шилжүүлж, Эмээлтийн бүсэд байгуулах ажлын ТЭЗҮ-ийг хийж, төслийн баг нь шалгарсан байгаа. Энэхүү ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэхэд идэвхтэй оролцож ажиллана”

УИХ-ын гишүүн Б.Батзориг “Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны зарим гишүүд төв цэвэрлэх байгууламж дээр очиж нөхцөл байдалтай танилцсан. Байдал маш хүнд байна. Хотын удирдлагууд цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлж, гоц анхаарах шаардлагатай.

Мөн Да хүрээ захын асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон айлуудын асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хүсч байна. Газраа өгч орон гэргүй болсон олон өрх байна. Эдгээр хүмүүсийг яах вэ гэдэг асуудал маш хүнд байна. Мөн Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний насжилт 50, 60 гаруй жил болсон.

Шугам сүлжээ эвдэрсэн  тохиолдолд замаа хуулж янзлахаас өөр аргагүй байдаг. Ингэхгүйгээр хонгилын системд оруулах шаардлагатай байна. Мөн хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх цаг нь болсон. Эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед нэг хувийн хотын татвар аж ахуйн нэгжүүдэд маш том дарамт болж байна. Үүнийг байхгүй болгох хэрэгтэй”

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Нийслэлийн шинэ удирдлагууд цагаа олсон зөв уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. Улаанбаатарыг аюулгүй, эрүүл, ногоон хот болгохын тулд нэн түрүүнд Төв цэвэрлэх байгууламжийг яаралтай шинэчлэх шаардлагатай байна. Үнэхээр аюулын байдалд хүрсэн. Цэвэрлэх байгууламж маш нарийн инженерийн шугам сүлжээний үйлдвэр гэвэл үгүй. Энгийн л нэг байгууламж.

Манайх шиг бохирдлоо ил задгай асгаж, ууршуулах аргаар цэвэрлэдэг хот дэлхийд байхгүй. Ийм хоцрогдсон технологитой байвал цаашид хөгжиж эрүүл хот болно гэвэл боломжгүй. Хамгийн түрүүнд шинэ технологиор цэвэрлэх байгууламжийг барих зайлшгүй шаардлагатай.

Гэр хорооллын хөрсний бохирдол 90 хувьд хүрчихсэн. Үүнээс болж төрөл бүрийн халдварт өвчлөлүүд их үүсч байна. Энэ тал дээр нийслэлээс бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид ч хамтран ажиллахдаа бэлэн байна. Гэр хорооллыг дахин төлөвлөж олон давхар байшин барих нь зохимжгүй. Үүний оронд гэр хорооллыг инженерийн дэд бүтэц, эрчим хүчтэй холбож, эрчим хүч үйлдвэрлэх нь маш чухал юм”  

УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Гэр хорооллын иргэдийн наад захын хэрэглээ болох цахилгаан, эрчим хүч, ус зарим газар хангагдахгүй байна. Энэ тал дээр анхаарч ажиллахыг хүсч байна. Хотын иргэдийн хүсдэг зүйл бол мэдээж соёлтой үйчилгээ шүү дээ. Төрийн албан хаагчдыг иргэдэд хүнд сурталгүй үйлчилдэг болгоход анхаарч ажиллах шаардлагатай”

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Газрын харилцаанаас нийслэлийн орлогыг нэмэгдүүлэх бололцоо маш их байгаа. Орлогын томоохон эх үүсвэрийг бий болгож, нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой. ТЭЗҮ хийсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдээ яаралтай хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.

Бүх өрхийн эмнэлгийг цэргийн технологиор бага зардлаар өргөтгөх боломжтой. Та бүхэн үүнийг судалж үзээрэй. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороод гацчихсан олон өрх байна. Эдгээр иргэний асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүсч байна. Цаашид хамтран ажиллахдаа бэлэн байх болно”

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Би Чингэлтэй дүүргийн бүх хороогоор явж нөхцөл байдалтай танилцсан. Хүндрэлтэй асуудлууд олон байна. Тухайлбал, зарим хороонд нэг ч банк байхгүй, нийтийн тээвэр ч явахгүй байна.

Энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Мөн гэр хорооллын сургуулиудын эргэн тойронд архи, тамхи их худалдаалж байна. Үүнийг таслан зогсоохыг хүсч байна. Улаанбаатар хотын хөгжлийн төлөө Та бүхэнтэй хамтран дэмжиж ажиллах болно”   

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “УИХ-д нийслэлээс сонгогдсон 28 гишүүн байна. Бид Та нарын ард ямагт асаалттай танк байх болно. Нийслэлд ямар хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна үүнд бид хамтран ажиллахдаа бэлэн байна. Би зарим асуудлыг шууд яриад шийдүүлж байгаа. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 45-р цэцэрлэгийн асуудлыг нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогчтой ярьж, маш хурдан шийдүүлж чадсан.

Мөн тус дүүрэгт хурд сааруулагч тавих шаардлагатай байсан үүнийг ч шийдсэн. Энэ мэтчилэн хийх ёстой ажлуудыг холбогдох хүмүүст бичгээр өгнө. Та бүхэн яаралтай хариу өгч байгаарай. Хоёр талаасаа хамтран асуудлаа тухай бүрт нь шийдэж байя”  

УИХ-ын гишүүн А.Ундраа “Улаанбаатар хотын утааны асуудал бол нийгмийн эрүүл мэндийн хувьд гамшиг болж байна. Утааг багасгахын тулд зөвхөн зуухаар шийдэхгүй. Үүнийг цахилгаан, дулааны орчин үеийн шийдэл л шийднэ. Та бүхнийг Улаанбаатар хотоо агаарын бохирдлоос гаргаж чадсан шинэлэг баг байгаасаа гэж хүсч байна.

Хот татвартай байх ёстой. Гэхдээ хүн ам ихтэй  А зэрэглэлийн бүсэд өндөр татвартай, захын гэр хорооллоор бага татвартай байх татварын уян хатан бодлогыг явуулах нь чухал. Хот өөрөө татвартай байж орлогын эх үүсвэрээ бүрдүүлнэ шүү дээ”

УИХ-ын гишүүн С.Жавхлан “Энэхүү уулзалт цаг хугацаагаа олсон зөв зүйл болж байна. Өнөөдөр хотын өмнө тулгамдаад байгаа асуудлуудын нэг бол оршуулга болоод байна. Хатуухан хэлэхэд үхсэн, амьд хоёр нь газраа булаацалдсан байдалтай байна. Бид өвөг дээдсээ зөв оршуулж чадахгүй байна. Уриалгын чанартай зүйлүүдийг иргэдэд хүргэж, байгууллагуудын хаягийг босоо монгол бичигтэй болгож, монгол ёс заншлаа сэргээх хэрэгтэй.

Энэ тал дээр анхаарч ажиллахыг хүсч байна. Утаа, бөглөрөл гэхээсээ илүү сэтгэл, оюун ухааны бөглөрлийг арилгасан тохиолдолд замын түгжрэлийг арилгаж, утаагүй болж чадна гэдэг уриалгыг иргэдэд өгч ажиллана гэдэгт итгэж байна. Бид бүхний гарт Монголын тал хүний хувь заяа байна. Эдгээр иргэдийнхээ төлөө итгэлийг нь алдалгүйгээр ажиллах болно”

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Хотын нэг хувийн татвараас 2015 онд хэдэн төгрөг төвлөрсөн, 2016 онд хэдийг төвлөрүүлэхээр төлөвлөсөн бэ? Мөн 2020 он хүртэлх хотын ерөнхий төлөвлөгөөнд жижиг дунд үйлдвэрийг яаж дэмжихээр тусгасан бэ? гэдгийг асуумаар байна.   

Иргэдийн өмчийг эргэлтэд оруулж, гэр хорооллын барилгажилтад анхаарах хэрэгтэй. Гэр хороололд 3-4 давхар, цахилгаан шатгүй, өөрийгөө халаадаг барилгууд баригдвал илүү хурдацтай гэж үзэж байна”   гэлээ. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү 2015 онд хотын татварт 1,7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Харин 2016 онд 10 тэрбумын орлого төвлөрүүлэх тооцоотой байгаа юм. Одоогийн байдлаар 5,7 тэрбум төгрөг төвлөрч байна гэдгээ хэллээ.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хэрвээ нэг хувийн татварыг хүчингүй болговол хот дахиад хэзээ ч татвартай болж чадахгүй. Аль ч улсад хотын татвар байдаг. Үүнийг хэвшүүлэх хэрэгтэй, заавал байх ёстой зүйл. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийг дөрвөн газар байгуулна гэж мөрийн хөтөлбөрийн төсөлд тусгасан байгаа” гэлээ.

Мөн тэрээр бидний урилгыг хүлээн авч, анхны уулзалтад ирсэн нийт гишүүддээ талархал илэрхийлье. Энэхүү уулзалтыг хагас жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Нийслэлийн хөгжлийн төлөө Та бүхнийхээ дэмжлэгийг авч, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэлээ 

ШИНЭ МЭДЭЭ