МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Бат-Эрдэнэ: Бүх яам юм бүтээе гэж битгий дайр
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2016.09.06
Эдийн засаг, Худалдаа

Ж.Бат-Эрдэнэ: Бүх яам юм бүтээе гэж битгий дайр

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Анхаарал татаж байгаа цаг үеийн асуудлын нэг бол төсвийн тодотгол. Энэ талаар таны байр суурийг сонирхъё.

Засгийн газрын оруулж ирсэн саналыг дэмжиж байгаа. Бид сонгуульд оролцохдоо эдийн засгийн хүндрэлийг ярьж байсан.

Гарах арга зам бий. Хүндрэлээс гарахын тулд хийх ажлуудаа тодорхой болгож мөрийн хөтөлбөрөө боловсруулан сонгуульд орсон. 

Тиймээс мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Үүнийг дагаад 2016 оны төсвийн тодотгол, Засгийн газрын мөрийн хөтөлбөр орж ирлээ. Ер нь хүндрэлээс гарахын тулд тодорхой арга хэмжээнүүдийг зайлшгүй хэрэгжүүлэхээс өөр аргагүй.

Санхүү тэг үзүүлэлттэй, мөнгөний нөөцгүй болсон байна. Дөрвөн их наяд төгрөг дутаж байна. Зарлага өсч, бүх гүйцэтгэл тавигдаагүй байсан.

Концессын гэрээгээр хийгдэх бүх гүйцэтгэл шахагдаад төвлөрчихсөн байна. Тэгэхээр энэ их хэмжээний зарлагаа дөрвөн жилдээ хувааж тооцохоос өөр замгүй.

2016 оны төсвийн тодотгол дээр хүмүүс бухимдаж байх шиг байна. Гэхдээ өөр замгүй. Төсвийн тодотголоо хүмүүст тааруулж, зардлуудаа хойш нь тавих юм бол дахиад л ачаагаа ар нуруун дээрээ бөөгнүүлээд байна гэсэн үг.

Тиймээс бүх зардлаа дөрвөн жилдээ тэнцүү хувааж байж зардлаа нааш нь татна. Энэ жилийн зардал 7-9 их наяд болж хоёр их наядаар нэмэгдэж байна.

Гэтэл эдийн засаг дээшилж байгаа өнгө харагдахгүй байна. Давхар орлого буурч байна. 

Энэ дундаас 4.3 наяд төгрөг дутаж байна гэдэг бол тодорхой хэмжээнд реформ дээрээ хөдөлгөөн хийж орлого зарлагаа тэнцүүлэх шаардлагыг бий болгож байна. Миний хувьд төсвийн тодотголын зарим зүйл дээр танах асуудлыг ярихаас биш ерөнхийд нь дэмжиж байгаа.

-Төсвийн тодотголоор нэлээдгүй хэмнэлт хийсэн ч эргээд урсгал зардал, хөрөнгө оруулалт нэмэгдлээ гэж шүүмжлэх хүмүүс байна. Эндээс хэмнэх боломж бий юу?

Урсгал зардал бол хэмнээд орж ирсэн байдал. Цалин, тэтгэвэр гээд бусад төрийн байгууллагын гарах зардлыг аль болох танаж оруулж ирсэн. Ухаж төнхөөд ч хэмнэх мөнгө гарч ирэхгүй.

-Засгийн газар төсвийн орлогыг бүрдүүлэхэд одоо байгаагаас өөр олон боломжийг эрж, бааз суурийг нэмэгдүүлэх ёстой. Ялангуяа газрын төлбөрийг нэмэх боломж байгааг зарим гишүүн хэлж байсан?

Газраас татвар авах асуудал яригдаж байсан. Ер нь бол татварын хүрээгээ тэлэх ёстой. Ийм байдлаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг гишүүд хэлж байсан. Гэхдээ нэлээд том судалгаа хийх хэрэгтэй.

Засгийн газар бүрэлдээд cap гаруйн хугацаанд боловсруулж оруулж ирсэн төсөв учраас ерөнхий стандартын дагуу зүйлүүдийг оруулж ирсэн.

Цаашид татварын хүрээг тэлж хэмжээг нь барих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүн бүр, аж ахуйн нэгж болгон татвар төлөгч байна. Гэхдээ татварын хэмжээ жигд байж үндсэн бааз сууриараа татварын хэмжээ, орлого нэмэгдэнэ. Ерөнхий зүйл байгаа болохоос яг суугаад хийсэн дорвитой судалгаа алга.

-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр төсвийн тодотголтой уялдаж чадаж байна уу?

Төсвийн тодотгол Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр уялдаж чадахгүй. Цалин, тэтгэвэрт өгөх мөнгө байхгүй учраас шахсан тодотгол орж ирж байгаа.

Мөрийн хөтөлбөрийн ажлын хэсэг сүүлд хуралдаад урд нь сонгуульд орсон мөрийн хөтөлбөрөө 100 хувь авъя гэсэн.

Судалгаа хийгээд үзэхээр 92 хувийн гүйцэтгэлтэй байсан. Үлдсэнийг шахаж оруулж ирж байгаа. Яаж ч байсан дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлье гэсэн.

Хүмүүс тодотголд орж ирсэн асуудлыг мөрийн хөтөлбөртэй зүйрлээд байна. Ядаж жил хагасын дараагаас эхлээд мөрийн хөтөлбөр хэрэгжиж байна уу гэж асуух хэрэгтэй.

-Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга замыг ярьж байна. Та эдийн засгийн хямралын гарц, арга замыг хэрхэн тодорхойлж байна вэ?

13 яам бүгдээрээ юм бүтээе гэж битгий дайраач гэдгийг бүлгийн хурал дээр сайд нарт хэлж байгаа.

 Хүндрэлээс гарахад аль яамд нь хамгийн хэрэгтэй, хамгийн эхэнд ажлаа хийх ёстой вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Сайд, дарга нар нэг газар очихоороо бүгд юм хийж өөрийнхөө болон салбарынхаа нэрийг гаргах гэж зүтгэдэг.

Жаахан юм хийхийн тулд төсөвт тусгуулна гэж амбицладаг. Мэдээж сайд нарын салбарынхаа төлөө ажиллах үүрэг нь бий.

Гэхдээ ийм хүндрэлтэй байгаа нөхцөлд зарим яам стандарт бичиг хэрэг талын зүйлсийг хийгээд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг голлох газруудынхаа бүтээн байгуулалтад анхаарах хэрэгтэй.

Түүнээс тогоонд байгаа жаахан юмаа хүн болгон адилхан самардана гэж зүтгэвэл юу ч үгүй болно. Аль болох үр бүтээлтэй зүйлд нь зарцуулъя гэсэн саналтай байна. Том төслүүд бол байгаа.

Бас нэг зүйл нь жижиг дунд үйлдвэр гээд их олон жил ярьсан ч үр дүн алга гэж хүмүүс халшраад байна. Бизнес хийхээс татгалзаад, цалингаа нэмэгдүүлэхийг л бодно.

Цалингийн төлөө явдаг ард түмэн болчихлоо. Нэг нь цалингаа аваад, нөгөөх нь бизнес хийдэг тэр зүйл рүү яагаад орж болохгүй гэж. 

Зах зээл эхэлснээс хойш явсан жижиг дунд бизнес эрхлэгчид маань өр зээлдээ баригдаж дампуураад, арайхийж үлдсэн нь үлгэн салган явж байна. Тэгвэл олон улс руу гардаг, гаднын зах зээлийг эзлэх тал руу орох хэрэгтэй. Max, ноос ноолуур, чацаргана дотоод зах зээлээсээ гарч болно.

Энэ мэтчилэн хүн болгон үйлдвэрлэгч байж гэр бүлийн суурийг бэхжүүлсэн хөдөлмөрийн зах зээлийг бий болгомоор байгаа юм. Хэдэн жил алдаад хаширчихлаа. Тиймээс энэ чиглэлээр яам, тамгын газраас бодлого барьж ажиллах хэрэгтэй.

-Батлагдчихсан байсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг буцаалаа гэсэн шүүмжлэл байна. Эдгээр хуулиуд нийгэмд хүлээлт үүсгээд байсан нь асуудал дагуулж байх шиг?

Хуулийн өөрчлөлтөөр гүйцэтгэх байгууллага, албан газруудад бэлтгэл ажил хийгдэж байдаг. Хоёр байгууллага шийддэг байсан бол шилжих, нэгдэх салах наад зах нь бланкны асуудлаас болоод дагалдах журам гарч байдаг.

Ямар нэгэн байдлаар хууль өөрчлөгдөхөд бэлтгэл ажил их шаарддаг.  Мөн дагалдах хуулиуд хойшилсон учраас буцааж байх шиг байна.

ШИНЭ МЭДЭЭ