Бондын шалгалтын дүнг ярих гэхээр АН-ынхан зугтаж байна
'Морин цаг"-т УИХ- ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар оролцлоо
2015.11.26
Эдийн засаг, Худалдаа

Бондын шалгалтын дүнг ярих гэхээр АН-ынхан зугтаж байна

УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг мэдээллийн 'Морин цаг"-т УИХ- ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар оролцож. 'Чингис", 'Самураи' бонд, Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн шалгалтын дүнгийн талаар мэдээллээ.

Өнөөдөр товлогдсон Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, Хөгжлийн банкны үйл ажиллагааны байдалтай танилцаж санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулах ёстой байв. Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар тэргүүтэй гишүүд картаа сугалан гарсны улмаас байнгын хорооны ирц бүрдэлгүй энэ асуудал хойшлоод байна.

Энэхүү ажлын хэсэг нь Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны 2015 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 01/02 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалж, Г.Батхүү, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Я.Санжмятав, Г.Уянга, Л.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар нарын гишүүд бүрэлдэхүүнд орж ажиллажээ. Өнгөрөгч хугацаанд ажлын хэсэгтаван удаа хуралдаж, 10 гишүүний дөрөв нь дүгнэлтэд гарын үсэг зурсан байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдээлэхдээ "Хоёр байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадаагүй мэтээр буруу мэдээлэл хийлээ. Хурлын тэмдэглэлийг гишүүдэд тараасан. Энэ асуудал хоёр удаа хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон хэрнээ яагаад хойшлогдсон, АН-ынхан картаа сугалж гараад асуудлыг хойшлуулах байдлаар хандаж байгааг ойлгохгүй байна, бас харамсаж байна. Ажлын хэсгийн гишүүд таван удаа хуралдахад бүгд байр сууриа илэрхийлсэн' гэлээ.

Ажлын хэсэг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан дөрвөн дүгнэлт дээр үндэслэн дүгнэлтээ гаргасан. Тухайлбал, *Чингис", "Самурай" бонд, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд Үндэсний Аудитын газраас 2014,2015 онд хийсэн хоёр удаагийн аудит, Сангийн яамнаас ажлын хэсэг гаргаж шалгасан тайлан, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн биелэлтийн хүрээнд дүгнэлтээ гаргасан. Ямар нэг улс төрийн ашиг хонжоо хайсан, хэн нэгнийг буруутгасан зүйл байхгүй, улс төрийн зорилгоор ажлын хэсэг ажиллаагүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэж Л.Энх-Амгалан гишүүн онцлов.

УИХ-ын харьяа байгууллага болох Үндэсний аудитын газрын дүгнэлтийг хэлэлцэхгүй байна. Хөгжлийн банкаар санхүүжүүлсэн бүх төсөл, хөтөлбөр УИХ-аар батлагдах хуультай, гэтэл ихэнх нь Засгийн газрын тогтоол шийдвэрээр санхүүжилт олгогдсон байна. Зарим тохиолдолд Засгийн газрын тогтоолгүйгээр санхүүжүүлсэн байна гэж гишүүд мэдээллээ.

Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсанаар олон зөрчил дутагдал гарчээ. Тухайлбал,

-Орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хэрэгжилт хангагдаагүй, авто зам, хөдөө аж ахуй гэх мэт салбарт тендер зарлалгүй шалгаруулалт хийсэн.

-1.5 тэрбум амдолларын ‘'Чингис” бондыг арилжаалснаас бондыг арилжаалах үйл ажиллагааны зардалд гэрээний дагуу 5.4 сая амдолларыг суутгуулж, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Монголбанкин дахь Засгийн газрын бондын харилцах дансанд 1,494.6 сая ам. долларын орлого орсон байна. 5.4 сая ам.доллар нь хаашаа алга болсон, юунд зарцуулагдсан нь тодорхойгүй, үүнд ҮАГ акттавьсан байна.

-Хөгжлийн банк нь Японы хөрөнгийн зах зээлд 30 тэрбум иены (290 орчим сая ам.доллар) бонд арилжаалахын тулд Японы Олон Улсын хамтын ажиллагааны банкинд (ОУХАБ, ]В1С) "Самурай' бондын 19.2 хувийг буюу 5,7 тэрбум иенийг шууд (55,7 орчим сая ам.доллар) суутгуулсан байна. "Самурай" бонд гаргах шаардлага байсан эсэхэд тусгайлан аудит гарган дүгнэлт гаргуулах шаардлагатай.

-Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкуудад хадгаламжийн хүүнээс 2.5-3 пунктээр доогуур байршуулсан. Ямар шалгуураар ямар банкинд байршуулсныг хууль хяналтын байгууллага шалгах ёстой.

-Шинэ төмөр замд 200 сая ам.долларын санхүүжилт олгосон ч зарцуулалт нь тодорхойгүй.

-Монгол Улсын хөгжпийн тэргүүлэх салбарт хамааралгүй Хөрөнгийн биржид 1.49 сая амдолларын зээл, МИАТ ХХК-д Боинг-767 онгоц худалдан авахад 84.3 сая ам.доллар олгосон.

-"Чингис" бондын эх үүсвэрээс бүрдүүлсэн хөрөнгийн 62 хувийг улсын төсвөөс эргэн төлөх зээлд зарцуулсан Гэтэл Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл зөвлөмждөө Засгийн газрын хүлээх эрсдэлийг багасгах, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих үүднээс нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт тухайн төслийн санхүүжилтийн 1/3-аас хэтрэхгүй байх заалт чиглэл өгсөн байна.

-Түүнчлэн гурван тэрбум төгрөгийн тендертэй замын ажил авсан атлаа ажлын явцад 10 тэрбум төгрөгийн өртөгтэй болгосон, замын тусгай зөвшөөрөлгүй компани тендер аваад ажил гүйцэтгэх байхдаа тусгай зөвшөөрлөө нөхөж авсан гэх алдаа дутагдал олон гарсныг ажлын хэсгийн дүгнэлтэд тусгасан гэж гишүүд мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ