Оньс тайлагч
Улс төрийн нөхцөл ороо бусгаа байна. Энэ нь сонгууль ойртож буйн илрэл.
УИХ- ын гишүүдтэй холбоотой мэдээлэл цахим орчинд хүч гүрж, энэ тэр гэсэн элдэв яриа чих сортолзуулах нь яршигтай. Тэгвэл олны анхаарлын төвд орж, нийгэмд хүлээлт үүсгэсэн бас нэг асуудал нь Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн болоод байна.
Хэдийгээр энэ асуудалтай холбоотой янз бүрийн мэдээлэл бий ч эцсийн дүнд баттай биш гэх. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энх- Амгалангийн гарт энэ шалгалтын дүн хав дарагджээ. Бас эл баримтаа олон нийтэд дэлгэх үү, эс дэлгэх нь эргэлзээтэй хэвээр. “Чингис”,”Самурай” бондын хэрэгжилтийн талаарх мэдээлэл түүнд бий.
Зүй нь Эдийн засаг болон Төсвийн байнгын хороон дээр өнгөрсөн долоо хоногт танилцуулах ёстой байсан ч УИХ- ын дарга З.Энхболдын өгсөн “чиглэл”-ээр бүлгээрээ хуралдаж байж энэ асуудлыг шийд гэх үндэслэлээр хойшлуулсныг эрхэм гишүүн хэлсэн байх юм. Ингээд бодохоор түүний гарт буй баримтад олон нийт байтугай саарал ордон дотор ч задарч болохгүй нууц байгаа бололтой.
Ямартай ч Л.Энх-Амгалан их нууцыг хадгалж яваа ч оньс тайлах хугацааг хүлээж буй гэлтэй. Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хурал зарлагдаж гишүүдийн ирц гүйцсэн тохиолдолд энэ баримтыг ил болгоно гэсэн.
Эрхэм гишүүний тухайд Хөвсгөл нутгийн хүү. УИХ-ын гишүүний суудалд тухлахаас өмнө удирдах албан тушаал хашиж явсан. Дээр нь хэвлэл мэдээллийн салбарт элэгтэй. Эзэмшсэн мэргэжил гэхээс урьтаж мэдлэг боловсролын хувьд чамгүй. БНСУ, АНУ, Санктпетербург гээд гадны сургуулиудад өндөр боловсрол эзэмшсэн сэхээтэн.