Экспортыг түүчээлэх зам
Экспортыг түүчээлэх зам
2015.10.05
Зам, Тээвэр

Экспортыг түүчээлэх зам

-Концессын гэрээгээр 15.8 км зам баригдаж, ашиглалтад орлоо-

Сэлэнгэ аймгийн Мандал сумыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор газар шорооны ажлаа эхлүүлээд байсан “Замын битум” компанийнхан дээр нутгийн малчин сүү, цагаан идээгээ ганзаглан ирээд “Хүүхээд дарга чинь эзгүй юм шиг байна, цай ууж, өрөм бяслаг ид.

Энэ их шорооны улиралд газар шороотой ноцолдох амаргүй. Хоол хошоо дуусвал хэлээрэй, мал “гаргаж” болно. Зам баригдчихвал уу, Зүүн хараагийн бид чинь сүү цагаан идээ, тариа ногоогоо Улаанбаатар хотод борлуулахад төвөггүй болно. Мөн ч олон машин энэ намагт суусан даа. Хуртай жил хэцүү, хэцүү” хэмээн хууч хөөрчээ. Ажлын хувцас өмсөн газар шорооны ажилтай “ноцолдож” зогссон захирлыг малчин ажилчин нь хэмээн эндүүрсэн байж...

Нутгийн зон олны ийм нэгэн элэгсэг сэтгэлийн хүндлэл дунд ажлаа эхлүүлж байсан дээрх компанийнхан өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт авто замаа ашиглалтад орууллаа. Нийтдээ 15.8 км замыг таван сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулж байгаа нь энэ юм.

Авто замыг концессын гэрээгээр барьж, ашиглалтад оруулж байгаагаараа онцлогтой. Тодруулж хэлбэл, төр хувийн хэвшил хамтран барьсан зам хэмээн тодорхойлж болно. Нийтдээ 10.8 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр баригджээ. Хоёр жилийн өмнө концессын гэрээгээр дээрх замыг барьж байгуулах санаачлага гарахад үндэсний компаниудаас оролцох зүрх зориг гараагүй. Харин энэ хавар Аж үйлдвэрийн яамнаас хувийн хэвшлүүдийнхээ дунд санал тавьснаар “Замын битум” компани бусдыгаа удирдан ажиллахаар шалгарсан байна.

Экспортыг түүчээлэх зам

Тус компанийн захирал Б.Бямбаа “Концессын гэрээгээр авто зам, сургууль цэцэрлэг барина гэхэд үндэсний компаниуд зүрх зориг гаргаж оролцдоггүй байсан. Зөвхөн гадаадын компаниуд оролцдог байсан. Энэ удаад бид анхдагч нь боллоо. Цаашдаа үндэсний компаниуд өөрсдийнхөө хүч бололцоогоор зам барих боломжтойг нотолсон нь хамгийн бахархалтай. Дархан-Сэлэнгийг Улаанбаатар хоттой холбосон авто замуудын өргөн 7 метр байдаг бол энэ замыг 7.5-8 метрийн өргөнтэй барьсан” гэж хэллээ.

Намаг ихтэй энэ замын бартааг багасгахын тулд олон жилийн өмнө сумын төв рүү чиглүүлж гар аргаар бетонон зам барьсан ч эвдэрч сүйдсэн аж. Дараа нь шороон зам болгож, зассан. Гэвч дулааны улиралд дээрх замаар авто машин явахад бэрх. Намагт нь суудаг. Жижиг тэрэг нь ч суудаг, том ачааны машин ч суудаг. Харин энэ жил замыг шинээр барьж, ашиглалтад оруулснаар дээрх бэрхшээл багасна. Одоо дахиад 20 гаруй км замыг үргэлжлүүлэн барих шаардлага бий.

Тэгж байж, уг зам Улаанбаатар хот, мөн хойд хилийг манах Алтанбулаг сумтай холбогдоно. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхээ нөөц бололцоонд тулгуурлан эхний ээлжинд 15.8 км замыг ашиглалтад оруулсан. Үргэлжлүүлээд дутууг нь гүйцээх чиглэлд хаа, хаанаа анхаарлаа хандуулж ажиллах ёстой. Ингэсэн цагт Улаанбаатар хотынхны хүнсний ногооны хэрэгцээг хангах, Зүүн хараа сум экспортын замтай болох. Цаад агуулгаараа Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүнийг хойд хөрш рүү экспортлох хамгийн дөт зам болно.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын тодотгосноор Мандал суманд Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн парк байгуулахаар ажиллаж байна. Энэ өвөлдөө гүйцэтгэгч компани нь шалгарчихвал ирэх жил 60 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил эхэлнэ. Тодруулж хэлбэл, экспортын чиглэлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжинэ хэмээн ойлгож болох аж. Учир нь Мандал сум хүнсний ногоо тариалалтаараа улсдаа тэргүүлдэг.

Бусад сумдтай нь харьцуулахад, газар зүйн байршлаараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахад хамгийн дөхөмтэй. Удахгүй 1000 тоннын багтаамжтай хүлэмж, зоорийн аж ахуй ашиглалтад орно. Нийт 15 зоорь барьж байгуулж байна. Зоорины дэргэд том талбайтайт, түүндээ хүнсний ногоогоо тариална. Хураасныхаа дараа зоорилох боломжтой. Дараа нь ногоогоо боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон гадаад зах зээлд экспортлох сүлжээг бий болгохоор ажиллаж буй аж. Ингэж чадсан нөхцөлд Мандал суманд ажлын байр олноор бий болно, иргэд орлоготой болно, сум хөгжинө.

Экспортын орлого нэмэгдэнэ. Том агуулгаараа бол хөдөө аж ахуйн үйлдвэрлэл цогцоороо хөгжинө. Нөгөө талдаа сэлэнгэчүүд дотооддоо өрсөлдөх бус гадагшаа өрсөлдөнө. Харин хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг байгуулж, ашиглалтад оруулж, үр шимийг нь хүртэхэд концессын гэрээгээр байгуулсан 15.8 км зам авто зам түүчээ нь болох нь.

ШИНЭ МЭДЭЭ