Нутгийнхаа төлөө сэтгэл зүтгэл гаргасан залуусаараа бахархаж байна
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2015.08.25
Орон нутгийн хөгжил

Нутгийнхаа төлөө сэтгэл зүтгэл гаргасан залуусаараа бахархаж байна

Хөвсгөл аймгийн Жаргалант сум аймгийнхаа хамгийн урд захад Архангай, Завхан аймагтай хил залгаа оршдог.

Хүн амаараа аймагтаа тэргүүлдэг сум. Гэвч сумын төвийн гол үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэг нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, барилга нь хуучирч муудсаны улмаас хэзээ хэзээгүй нурж унах дөхжээ. Соёлын төв мөн адил олон жилийн өмнөөс хананд нь цууралт явагдаж чангахан хөгжим тавихад ураж унахад бэлэн болсон, хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөчих спорт заал байхгүй гээд юм юм л дутагдаж, улсын төсөв харан гарьдсоор ирсэн. Гэсэн ч улсын төсвийг царайчлан хүлээхийг тэвчээгүй сайхан залуучууд тус суманд бүтээн байгуулалт хийж нэг ёсондоо төрийн өмнөөс ачааг нь үүрчээ.

Хөвсгөлийн Жаргалант сумын уран сийлбэрч Шагдарсүрэнгийн Пүрэвдорж гэж залуу 140-өөд сая төгрөгийг хувиасаа гаргаж стандартад нийцсэн спорт заал барьж ашиглалтад оруулсан байна. Уг спорт заалны нээлтэд оролцсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өнөөдөр улсын эдийн засаг хүнд байхад хувиасаа хөрөнгө гаргаж шинэ спорт заалыг сумандаа барьж ашиглалтад оруулсан Ш.Пүрэвдорж, хувийн шинэ цэцэрлэгийг хувийн хөрөнгөөрөө барьж байгуулсан Д.Жаргалсайхан хоёроороо үнэхээр бахархаж байна. Энэ залуус хөрөнгө мөнгөө банкинд хадгалуулж хүүгээ өсгөж, эсвэл өөрт ашигтай бизнес эрхэлж болох л байсан. Гэвч энэ залуучуудад нутгаа гэсэн сэтгэл байна, хүүхэд залуучууддаа буян болох гэсэн зүтгэл байна. Би та нараараа бахархаж байна. Нутгийнхныхаа өмнөөс баярлалаа” гэж хэллээ.

Мөн тэрээр Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дээд шагнал “Хөвсгөлийн бахархал медалиар Ш.Пүрэюдорж, Д.Жаргалсайхан нарыг шагналаа. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан шинэ спорт заалыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан Ш.Пүрэвдоржид спорт заалныхаа тохижолт бусад зүйлд хэрэглээрэй хэмээн 20 сая төгрөг хандивласныг Жаргал сумын иргэд талархан хүлээн авлаа. Тус суманд шинэ цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан Д.Жаргалсайханд орчин үеийн даралтад хөгжим бэлэглэж, үйл ажиллагааны хувьсах зардлыг БСШУ-ны яаманд уламжлан шийдвэрлүүлэхээ амлав.  Ийнхүү Хөвсгөл нутгийн залуус хувийн хөрөнгөөр спорт заал барьж, хүүхдийн цэцэрлэг байгуулж нутгийн зон олондоо буян үйлдлээ. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэж Монголчууд хэлэлцдэг. Эдгээр залуусын ажил амьралд түмэн олны баярласан сэтгэлийн буян оршино буй за.

 

ШИНЭ МЭДЭЭ