МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Удирдах ажилтны зөвлөгөөнөөр сонгуулийн тогтолцоог ярилцана
Дотоод асуудал, хамтын ажиллагаа, төрийн бус байгууллага хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяа
2015.06.03
Улстөр

Удирдах ажилтны зөвлөгөөнөөр сонгуулийн тогтолцоог ярилцана

МАН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн эхэлж буйтай холбогдуулан намын Дотоод асуудал, хамтын ажиллагаа, төрийн бус байгууллага хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяатай ярилцлаа. 

-МАН-ын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн зөвлөгөөний онцлог нь юу байх вэ. Хэр өргөн хүрээг хамрах талаар мэдээлэл өгнө үү? 

МАН-ын XXVII Их хурлын дараагаар буюу өнгөрсөн оны зургадугаар сард бид Удирдах ажилтны зөвлөгөөнөө хийсэн. Харин энэ жилийнх “Удирдах ажилтны улсын зөвлөгөөн” гэдэг тодотголтой. Үүнд, УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайд нар, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаныхан, 330 сум, нийслэлийн 152 үүрээс гадна аймгийн намын хороодын дарга, дэд дарга гэх мэтчилэн нийтдээ 700 гаруй хүний төлөөлөлтэйгөөр хуралдана. Өнгөрсөн оны зөвлөгөөнд 500 гаруй хүн оролцож байсан бол энэ жил хамрах хүрээ нэлээд өргөжсөн гэж ойлгож болно.

Түүнчлэн өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр XXVII Их хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтээс гадна 2012, 2013 оны сонгуульд хийсэн үнэлэлт дүгнэлт, цаашдаа намын гишүүдээ хэрхэн идэвхжүүлэх талаар ярилцаж байсан бол энэ удаад намын Удирдах зөвлөлөөс гарсан сонгуулийн бэлтгэл хангах зургаан ажлын хэсгийн дарга мэдээлэл өгнө. Энэ үеэр ажлын явцаас гадна ажлын хэсгүүдийг аймаг, орон нутагт зохион байгуулах, төвтэйгөө хэрхэн хамтарч ажиллах талаар хурлын төлөөлөгчдийг мэдээ мэдээллээр хангах зорилготой. 

-Энэ удаагийн зөвлөгөөн сонгуулийн өмнө болж буйгаараа онцлогтой. Зөвлөгөөнөөс улс төрийн ямар шийдвэр гарах вэ? 

Энэ удаагийн зөвлөгөөн “Бид хамтдаа” уриан дор болох юм. Зөвлөгөөний үеэр сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр сонгогчдын саналыг авах аяныг эхлүүлэх талаар ярилцана. Үүний нээлтийн ажиллагаа зөвлөгөөний үеэр болно гэсэн үг. Товчхондоо, бид сум бүрт хүрч ажиллах аянаа энэ үеэр эхлүүлж байгаа юм. Мэдээж сонгуулийн өмнө намын удирдах ажилтнууд маань нэг дор цугларч байгаагаараа онцлогтой. Ер нь сонгуулийн үеэр гол хүч болдог бүх зүйлийг зохион байгуулдаг хүмүүс бол аймаг, сумын анхан шатны байгууллагын дарга нар байдаг.

Тийм ч учраас бид энэ удаагийн зөвлөгөөнд сумдын дарга нарыг урьж оролцуулан, мэдээ мэдээллээр хангана. Цаашлаад нам энэ сонгуульд хэрхэн, яаж ажиллах вэ гэдэг төлөвлөгөөгөө танилцуулахаас гадна тэднийхээ саналыг авах юм. Дээрээс нь манай нам “Бид хамтдаа” гэдэг томоохон аянаа аймаг, сумдад зохион байгуулна. Энэ ажлыг гардан гүйцэтгэх хүмүүс болох аймаг, сумдын төлөөллөө мэдээллээр хангах бас нэг зорилготой 

-Удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан бодлого, шийдвэрийн хэрэгжилт хэр байдаг юм бэ. Тухайлбал, өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн хэрэгжилтийг эргэж хянах тогтолцоо нь ямар байдаг вэ? 

Өнгөрсөн удаагийн Удирдах ажилтны зөвлөгөөнөөс бид намын Ерөнхий нарийн бичгийн даргын тавьсан илтгэл дээр гурван хуудас гаруй үүрэг даалгаврыг өгсөн. Үүнийгээ аймаг, орон нутагт бичгээр явуулаад араас нь жилийн эцсийн тайланг нь хүлээж авсан. Ер нь өнгөрсөн хугацаанд голлон анхааръя, хийе гэж зорьсон ажлуудаа зохион байгуулалтын хувьд XX- VII Их хурлаас хойш жилийн хугацаанд эцэслэх нь зүйтэй гэж үзсэн.

Ингээд аймаг, сумдын намын хороод маань Бага хурлаа хийсэн. Үүнээс улбаалаад сумын намын хороод ч гэсэн хурлаа хийсэн. Дэргэдэх байгууллагуудын чуулган болсон гээд нэрлээд байвал хийсэн ажил их. Өнөөдрийн байдлаар манай нам таван аймагт засаг барьж байна.

Ихэнхид нь цөөнх болсон энэ цаг үед намын бүлгийнхээ үйл ажиллагааг идэвхжүүлье, хууль бус үйл ажиллагааг олон нийтэд ил тод байлгахад анхааръя гэдэг уриалгуудыг гаргасан. Энэ мэтээр уриалга болгосон бүхэн маань тодорхой хэмжээнд ажил хэрэг болж байна. Гэтэл харамсалтай нь бүлгээс болон аймаг, орон нутгаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд хууль шүүхийн байгууллага хойрго хандах явдал их байна. 

-Тухайлбал, шүүхийн байгууллага хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа ямар тохиолдлыг та нэрлэх вэ? 

Хамгийн эхний ээлжид Архангай аймагт Засаг даргаа огцруулахаар өргөн барьсан ч асуудлыг өнөө хэр нь шийдээгүй байна. Түүнчлэн Говьсүмбэр аймагт нөхөн сонгууль болоод МАН дөрвөн тойрогт ялалт байгуулсан байхад өнөөдрийг хүртэл ИТХ нь хуралдаж, ард түмний саналыг баталгаажуулахгүй байна шүү дээ. Энэ бол хууль хэрэгжихгүй байгаагийн илрэл. ИТХ-д шинээр сонгогдсон төлөөлөгчдийг албан ёсоор баталгаажуулахгүй байсаар гурван ч долоо хоног өнгөрчихлөө шүү дээ. 

-Орон нутагт энэ мэтээр сонгогчдын эрхийг баталгаажуулахгүй байх тохиолдол цөөнгүй гарсан. Ийм тохиолдол бүрт намын анхан шатны байгууллагын хүч хүрэхгүй байна уу эсвэл орон нутгийн хууль хүчний байгууллагынхан том толгой гаргаж байна гэж ойлгох уу? 

Энэ бол аймаг, орон нутгийн засаг захиргааныхан хууль хэрэгжүүлэхгүй байгаагийн л илрэл. Тэр бүү хэл, Булган аймагт л гэхэд сумын ИТХ нь хуралдаад шүүхээс гарсан шийдвэрийг хүчингүй болгосугай гээд шийдвэр гаргачихсан байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр аймаг, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч, дарга нар Монгол Улсад байгаа хууль дүрмийг дагаж мөрдөхгүй байна. Тэр бүү хэл, өөрсдөдөө тааруулаад дүрэм журам зохиочихсон сууж байх жишээтэй.

Хуулийг дагаж мөрдөхгүй байх шалтаг, шалтгааныг хайж өдөр хоногийг өнгөрүүлээд л сууж байна шүү дээ. Гэтэл энэ хүмүүс чинь өөрсдөө бодлого, шийдвэр гаргадаг улс. Өөрсдөө ингэж хуулийг завхруулдаг байж яаж ард иргэдээсээ хууль сахиулахыг шаарддаг нь ойлгомжгүй. Дөнгөж саяхан болсон Говьсүмбэр аймгийн дөрвөн тойргийн ялалтыг баталгаажуулахгүй байгаагаас харахад л орон нутаг хууль хэрхэн хэрэгжиж байгаа нь шууд харагдаж байгаа юм.

 -Намын бүх шатны удирдах ажилтнууд цугларч байгаагийнх Сонгуулийн хуулийг хэрхэх талаар ярилцаж таарах болов уу? 

2016 оны сонгууль хаяанд ирсэн байна. Энэ сонгууль нэлээд хариуцлагатай болж таарна. Гэтэл харамсалтай нь тоглоомын дүрэм тодорхой болоогүй байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийг ямар хуулиар явуулах вэ гэдгээ бид тогтоогүй байна шүү дээ. МАН- ын зүгээс сонгуулийн тогтолцооны талаар ард түмнээсээ нээлттэй санал авъя гэдэг санал гаргасан. Гэтэл өнөөдрийн байдлаар харж байхад энэ саналыг маань дэмжихгүй шинжтэй байна.

Уг нь бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Та бидэнд Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхийг яаж хэрэгжүүлэх юм, сонгуулийн ямар хуулийг мөрдөх гэж байгаа юм бэ гэдгийг ард түмнээсээ асуух нь хамгийн зөв гарц шүү дээ. Үнэхээр л ардчилал хөгжсөн орон гэж байгаа юм бол бид нэг удаадаа ард нийтээсээ асуучихад буруудах зүйлгүй.

Өнөөдөр 76 хүн сууж байгаад хэдүүлээ хэрхэн яаж сонгогдох вэ гэдгийг хаалттай хаалганы цаана яриад шийдчихэж байна гэж ард түмэн харддаг. Гэтэл энэ хардлагыг багасгахаас гадна сонгох, сонгогдох үйл явцад ард түмэн нээлттэй оролцож чадвал тэднээс сонгогдож гарч ирсэн хүнд итгэх итгэл ч нэмэгдэж таарна. Энэ үүднээсээ Сонгуулийн тухай хуулийг зайлшгүй гаргах шаардлагатай гэдгийг Удирдах ажилтны зөвлөгөөнд ирсэн хүмүүстэйгээ ярьж таарна. 

-Ард нийтийн санал асуулга явуулахад багагүй зардал гарна гэж яриад байгаа шүү дээ. Одоогоор мөнгөн дүнг эцэслэж гаргасан уу? 

Ард нийтийн санал асуулга явуулахад төчнөөн төгрөгийн зардал гарна гэдэг тооцоог Удирдах зөвлөлөөс албан ёсоор гаргаагүй байгаа. Мэдээж тодорхой хэмжээний тооцоог бид өөрсдөө гаргасан. Ер нь Сонгуулийн хуулийг байнга өөрчлөөд байх нь утгагүй шүү дээ. Дээрээс нь Сонгуулийн хуулийг өөрчлөх бүрт олон нийт сонгуульд итгэхээ больдог, ойлгодоггүй болчихож байгаа юм л даа.

Судалгаа нотолгоо багатайгаас гадна ард түмний оролцоо багатайгаар хэдхэн хүн сууж байгаад Сонгуулийн хуулиа өөрчилчихдөг байдал харагдаад байгаа юм. Тиймээс бид та бүхний төлөөлөл байя, харин та нар биднийг ямар тогтолцоогоор төлөөлөх вэ гэдэг саналыг авъя гэхгүй бол улам л хардалт сэрдэлт бий болно. Өнөөх ардчиллын ил тод байх зарчим алдагдаад байна гэсэн үг шүү дээ. 

-Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд улс төрийн нам төдийгүй аливаа байгууллагаас явуулж байгаа улс төрийн үйл ажиллагаа олны анхааралд байна л даа. Тэр тусмаа ууган намын удирдах ажилтнууд чуулах гэж байгаа нь мэдээж олны анхаарлыг татаж таарна. Удирдах ажилтнуудын зөвлөгөөний мэдээллийг хэвлэлийнхэнд ямар байдлаар хүргэхээр төлөвлөсөн бэ? 

Энэ удаагийн хурлаар дотоод зохион байгуулалтын асуудлаа нэлээд ярина. Гэхдээ бид хэвлэлийнхэнд цаг тухайд нь мэдээллээ өгөөд явна. Энэ хурлаас гарах бодлого, шийдвэрийнхээ талаар танилцуулах болно. Мөн “Бид хамтдаа” аяныхаа нээлтийг маргааш зохион байгуулна. Энэ аяны нээлт олон нийтэд нээлттэй болох юм.

Түүнчлэн аймаг, орон нутгаас ирсэн удирдах шатны төлөөлөгчдөдөө маань энэ хурлын үеэр намын Удирдах зөвлөл болон намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нартайгаа уулзаж, санаа бодлоо солилцохоос гадна мэдээ мэдээллээ солилцох боломж олгох үүднээс асуулт, хариулт явуулах болно. Гэхдээ мэдээж намын дотоод асуудлыг их ярих учраас зөвлөгөөний үеэр болох бүх үйл ажиллагааг нээлттэй явуулах боломжгүй шүү дээ.

ШИНЭ МЭДЭЭ