Л.Энх-Амгалан: Хөвсгөлийн ёроолд шатахуун ачсан гурван машин байгааг тогтоосон
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.12.03
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Л.Энх-Амгалан: Хөвсгөлийн ёроолд шатахуун ачсан гурван машин байгааг тогтоосон

Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Хөх сувд” нэртэй төсөл санаачлан, хэрэгжүүлж байгаа аж. Түүнээс уг төслийн ажлын явцыг тодрууллаа.

-Таныг Хөвсгөл далайг цэвэрлэх “Хөх сувд” төсөл санаачилсан гэж дууллаа. Энэ талаар мэдээлэл өгөөч? 

Монгол Улсын цэнгэг усны нөөцийн дийлэнх хувийг эзэлдэг Хөвсгөл далайг цэвэрлэх, бохирдлоос хамгаалах зорилгоор “Хөх сувд” төслийг санаачилсан. Уг төсөл бүрэн хэрэгжсэнээр Хөвсгөл далайд живсэн, ёроолд нь байгаа тээврийн хэрэгсэл, бохирдол үүсгэж байгаа элдэв хог хаягдлыг татаж гаргах юм.

-Төслийн хүрээнд ямар ажил хийгээд байна вэ. Хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах вэ. Төсвийг хаанаас гаргаж байна?

Зөвхөн судалгааны ажилд 100 орчим сая төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг би хувиасаа гаргасан. Өнгөрсөн зун Канад, Японы эрдэмтдийг урьж, судалгаа хийлгэж, Хөвсгөл далайн ёроолд хэчнээн тээврийн хэрэгсэл байгааг болон тэдгээрийн байршлыг тогтоосон. Бидэнд мэдэгдсэнээр 70 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Энэ дунд шатахуун ачиж явсан гурван машин байгааг нь тогтоосон. Эхний ээлжинд энэ машинуудыг гаргахгүй бол шатахуун нь далайн устай холилдож их хэмжээний бохирдол үүсгэж байгаа юм.

Далайн ёроолоос машин, хог хаягдлыг гаргаж авдаг олон арга байдаг юм билээ. Бид тэр бүгдийг судалж байна. Шумбагч онгоцоор живсэн тээврийн хэрэгсэл рүү очиж, агаарын бөмбөлөг байрлуулан, түүнийгээ хийлснээр тээврийн хэрэгслийг усны мандалд хөвүүлж гаргаж ирэх арга хамгийн тохиромжтой гэж үзэж байгаа.

Хөвсгөл далай

Гэхдээ яг ямар аргаар нь гаргаж авахаа тогтоогүй байна. Ямар арга ашиглах вэ гэдгээс хамаарч шаардлагатай мөнгөн дүн тодорхой болно.

ШИНЭ МЭДЭЭ