С.Ганбаатар: “Рио тинто”-гоос ашиг авдаг бүлэглэл миний өөдөөс улаан хамгаалагч шиг дайрдаг
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.10.20
Уул уурхай, Ашигт малтмал

С.Ганбаатар: “Рио тинто”-гоос ашиг авдаг бүлэглэл миний өөдөөс улаан хамгаалагч шиг дайрдаг

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Оюутолгой компани монголчуудыг луйвардаж, молиго үмхүүлж байна гэх. Таны хувьд Монголын талд төлөх татварын асуудлыг хөндөж байгаа. Мөн нэр бүхий хүмүүсийг АТГ-т өгсөн. Энэ асуудал юу болж байна вэ?

Монголын уул уурхайн хамгийн том хөтөлбөр бол “Оюутолгой” төсөл. Оюутолгойн ордыг ашиглахад монголчууд бид 10 мянган ажлын байр бий болгоно, төсвийн 30 хувийг доллараар бялхуулан оруулж ирнэ гэж ярьж байсан. “Ашгийн 74 хувийг монголчуудад өгнө” гэж нэг хэсэг рекламдаж байлаа.

Харин энэ болгонд монголчууд итгэсэн. Тухайн үед миний хувьд “Наад ярьж байгаа зүйл гэрээн дээр алга байна” гэж тэмцэж байсан. Өнөөдөр Оюутолгойгоос 130 сая ам.долларын татварыг авъя гэхэд 30 саяыг ч өгөх үү, үгүй юү гэдэг асуудлыг босгож тавилаа.

-130 сая ам.долларын татварыг 30 болгож бууруулсан. Гэтэл татварт авах 30 сая ам.долларыг бүр өгөхгүй байх байдал үүсэж байгаа хэрэг үү?

Өөрөөр хэлбэл, цаашид 70 жилд бид ямар ч татвар авахгүй гэдэг байдал үүслээ. Яагаад гэвэл, 30 хувь гэдэг татварын хөнгөлөлтөд ороод үндсэндээ юу ч авахгүй гэсэн үг. Олон төрлийн татварын хөнгөлөлтүүд байгаа. Тэгэхээр ийм аюултай байдалд орсон нөхцөлд дахиж гэрээг ярья л даа, ярилцая. Монголчуудынхаа төлөө “Рио тинто”-гийн талтай “Нөхцөл байдал ийм байна” гээд ярих хэрэгтэй.

Баялгаа өгөөд өрөнд ороод, дараа нь ямар ч татвар, ногдол ашиг авахгүй байдал үүснэ гэдэг бол ичмээр зүйл. Бид үр хүүхэд маань хүнд байдалд орлоо гэдгээс ичиж болохгүй. Үүнийг ширээн дээр гаргаад “Би үр хүүхдэдээ ямар ч ашиггүй гэрээ хийчихсэн байна. Бүр хортой гэрээ боллоо. Эргэж яръя” гэж “Рио тинто”-гоос асуух нь ичмээр зүйл биш. Монголын улс төрд “Рио тинто”-гоос ашиг авдаг маш том бүлэглэл бий болсон.

Тэд парламентад миний өөдөөс улаан хамгаалагч шиг дайрдаг. Би шүүгч юм уу, АТГ-ын дарга биш ч нэлээд хэдэн гишүүнийг АТГ-т өгсөн. Хариу ирнэ гэж найдаж байгаа. Ямар ч байсан сонгуулийн өмнө асар олон улстөрч “Оюутолгойг ил тод болгоно. Ашигтай болгоно” гэж амлаж байсан ч би тэгж яриагүй. Гэхдээ би амьдралынхаа 10 жилийг “Оюутолгойг монголчуудад ашигтай болгоё” гэж тэмцэж байгаа. Хэзээ ч би “Оюутолгойг гар” гэж ярьж байгаагүй. Миний амнаас тийм үг нэг ч гарч байгаагүй.

Ганцхан монгол хүмүүсийн ашиг хаана байна, монголчуудад ямар дэмтэй юм бэ гэдгийг асуудаг, тодруулдаг.

Ганцхан монгол хүмүүсийн ашиг хаана байна, монголчуудад ямар дэмтэй юм бэ гэдгийг асуудаг, тодруулдаг.

-Оюутолгойн гэрээг өөрчилье гэж тэмцэж, дуугарч байсан хүмүүс чимээгүй боллоо. Ганц ярьж байгаа хүн нь та гэхэд болно. Харин та “Миний өмнөөс улаан хамгаалагч шиг дайрдаг бүлэглэл байна” гэлээ. Тэгвэл ганцаараа хүчин мөхөсдөж байна уу?

Монголын ард иргэд бүгдээрээ намчирхсан улстөрчдийн золиос болоогүй. Цөөхөн хүн нам дагасан бүлэглэлээс ашиг олж, тэднээр тэжээлгэж, дэмжиж явдаг. Нийт ард иргэдийн 90-ээс илүү хувь нь намчирхсан бүлэглэлүүдээс хөндий байдаг. Харин үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө санаа зовж явдаг монголчуудын ихэнх нь намайг дэмждэг. Энэ утгаараа би хэзээ ч ганцаардахгүй.

-Ард түмэн байна.

-Харин тэд бол ганцаардана, амь нь тэмцэж байгаа. Тийм учраас тэд жаахан олсон мөнгөөрөө миний эсрэг асар их сөрөг, нэр хүндийг минь гутаах гэсэн довтолгоо хийдэг. Энэ бол ухаантай монгол ард иргэдийг минь доромжилж байгаа хэрэг. Гэхдээ тэд үр дүнд хүрч чадахгүй.

-Оюутолгойн гэрээг өөрчилье гэж С.Баярцогт гишүүнтэй мэтгэлцсэн. Тэгэхэд С.Баярцогт таныг яллаа гэж үзсэн. Харин өнөөдөр ялагдал хүлээж байна гэж харж болох уу?

-С.Баяцогтыг ялъя гэж анхнаасаа ороогүй. Бид хоёулаа л хамтдаа ялъя гэж орсон. Бид нэг Монгол. Би “Голынхоо нэг талд гаръя” гэж мэтгэлцээний төгсгөлд хэлж байсан. Яах вэ, мэтгэлцээний үед би ёс зүйгийн хувьд ялсан. Мэтгэлцээний үед “С.Баярцогтоос асууна, хариулна. С.Ганбаатараас асууна, хариулна” гэдэг зарчмаар явсан. Өөрөөр хэлбэл, хоорондоо юу ч ярихгүй, асуулт асуухгүй, дайрахгүй гэсний дагуу би 100 хувь энэ дүрмийг биелүүлсэн.

С.Баярцогт 100 хувь зөрчсөн. Би асуултаа асуусан, асуудлаа гаргаж тавьсан. Тэр нэг ч удаа миний асуултад хариулаагүй. Би түүний бүх асуултад хариулсан. Дайрч байхад нэг ч үг хэлээгүй. Энэ бол монголчууд бид ёс зүйтэй байж амжилтад хүрнэ гэсэн үг.

Бие биенээ маажих гээд доромжилвол биднийг хооронд нь муудалцуулж байгаа шар толгойтой хүмүүс, зарим нэг гадны хөрөнгө оруулагчид асар их баярлах байсан болов уу. Гэхдээ би тэднийг баярлуулаагүй. Монголчууд эвтэй, ухаантай гэдгийг харуулж чадсан.

-Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбумаар хэтэрсэн гэдэг зүйл яригдаж байна. Тэгэхээр гэрээг өөрчилж чадах боломж бий юү?

-Боломжтой. Гэрээг байгуулсаны дараа хувь нийлүүлэгчдийн гэрээг 2009 байгуулж, 2010 онд өөрчлөлт орж байсан. Гэрээнд өөрчлөлт орж болдог. Тэд өөрсдөдөө ашигтай бол гэрээнд өөрчлөлт оруулдаг. Бид өөрсдөө яагаад итгэхгүй, нэгдсэн байдлаар дуугарахгүй байна гэдэг бий. Харин яагаад ингэж байна гэвэл, Оюутолгойд бараа, бүтээгдэхүүн нийлүүлдэг асар олон улстөрч Монголд бий.

Тэд үнэхээр ёс зүйтэй юм болов уу. Учир нь тусламж хүссэн, бараагаа нийлүүлсэн хүмүүстээ үнэнч хэвээрээ байна. Тэгэхээр тэдний ёс зүйн зарчмыг бид агуулгаар нь ойлгож, Монголынхоо төлөө бай гэдгийг хэлэх гэсэн юм. Тэд бараагаа нийлүүлж, их ашиг олсон хүмүүстээ ёс зүйтэй загнаад байх юм. Оюутолгойн борлуулалтын дэлгэрэнгүй тайлангаас зарим нэг тоо баримт хэлэхэд, борлуулалтын цэвэр орлого 220 тэрбум төгрөг, өртөг 167 тэрбум төгрөг байна.

С.Баярцогт 100 хувь зөрчсөн. Би асуултаа асуусан, асуудлаа гаргаж тавьсан. 

Энэ дотор зарим бараагаа 70-80 дахин өндөр үнээр шахсан байгаа. Өөрөөр хэлбэл, дандаа улстөрчдийн шахаа байх жишээтэй. Ерөнхий ба удирдлагын зардал гэхэд 125 тэрбум төгрөг байгаа бол санхүүгийн зардал буюу хүүлж байгаа хүү 200 тэрбум төгрөг байхын зэрэгцээ орлогын нийт дүн ашгийн -284 тэрбум төгрөг байгаа юм. Тэгэхээр бид хэзээ ч ногдол ашиг авахгүй гэсэн үг. Мөн хэзээ ч татвар авахгүй.

-Та Татварын ерөнхий газрын даргыг шалгуулахаар АТГ-т өгсөн. Чухам ямар үндэслээр шалгуулах болов?

-130 сая ам.долларын татварыг монголчууд авна гэсэн. Үүнийг харин 30 сая болгосон. Гэхдээ Татварын ерөнхий газар дөрвөн сар дарж байгаад хоёр сарын дараа татварын маргаан таслах комиссоос шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, зургаан сарын дараа 130 сая ам.доллар 30 болсон. 100 сая ам.доллар гэдэг бол 180 тэрбум төгрөг буюу 180 цэцэрлэг гэсэн үг. Тиймээс монголчуудын эрх ашгийг хохироож, энэ мэдээлэл нууц байгаа нь маргаантай.

Оюутолгойн хөрөнгө оруулагч нартай татварын газрын тодорхой зарим хүн, төрийн алба хаагчид холбогдож, хуйвалдсан байх магадлал ихэсч байгаа. Энэ мэдээлэл нууц байх тусам хардлага маань ихэснэ. Ингээд мэргэжлийн байгууллагаар шалгуулж байна. Цаашид ч гэсэн энэ тал дээр холбогдох олон зүйл бий. Дөрвөн сарын хугацаанд дарж байх үед татварын байцаагч нарыг шийдвэрийн эсрэг гомдол гаргах эрхийг нь өгөхгүйн тулд Татварын ерөнхий газрын дүрэм, журамд өөрчлөлт оруулсан байгаа юм.

Тиймээс энэ асуудалд зориулж хийсэн болов гэж бодогдохоор. Өөрөөр хэлбэл, 130 сая ам.долларын татварын акт тавьсан байцаагч нарт гомдол гаргах боломж өгөхгүй тулд дүрэмдээ өөрчлөлт оруулж, түүнийгээ өдөрт нь Татварын ерөнхий газрын дарга Батмагнай баталгаажуулсан. Энэ бол байж болохгүй зүйл. Энэ талаар холбогдох газарт шалгуулж байна.

-Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ