“Ахмадын сувиллын газар”-ыг Хөвсгөл нуурынхаа зүүн эрэгт байгууллаа
2014.08.05
Орон нутгийн хөгжил

“Ахмадын сувиллын газар”-ыг Хөвсгөл нуурынхаа зүүн эрэгт байгууллаа

Цэнгэг усаараа Монголдоо төдийгүй дэлхийд алдартай Хөвсгөл нуураараа овоглосон Хөвсгөл аймагт 11 мянга орчим ахмадууд гавьяаныхаа амралтыг эдлэн амьдарч байна.

Хөвсгөл нуурын эргэн тойронд 30 орчим жуулчны баазууд үйл ажиллагаа явуулдаг ч Хөвсгөл аймгийн ахмадуудад зориулсан амралт, сувиллын газар өдийг хүртэл байгуулагдаж байсангүй.

Үр хүүхдээ дагаж, гэрийн зай, байшингийн мухарт нэгээс хоёр хоносон болдог хэмээн гомдолж суусан ахмадууд маань  өөрийн гэсэн амралт сувиллын газартай боллоо.

2014 оны 7 дугаар сарын 28-ны билэгт сайн өдөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хувиасаа 60 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Хөвсгөл аймгийн “Ахмадын сувиллын газар”-ыг Хөвсгөл нуурынхаа зүүн эрэгт байгуулж нутгийнхаа ахмадуудын магнайг тэнийлгэн баярлуулжээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Ахмадын сувиллыг аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний газарт хүлээлгэн өглөө

Энэхүү буянтай ажлыг хамтран хэрэгжүүлж, бодит ажил болгоход Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дуламжав тэргүүтэй тус хэлтсийн хамт олны хичээл зүтгэл их байсныг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ахмадын амралт сувиллын газрын нээлтийн үеэр онцлон хэллээ. 

Хөвсгөл аймгийн ахмадуудаас жилдээ 1500 орчим өндөр настнууд амралт сувилалд амрах хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг бөгөөд тэр бүр өөр аймагт байгаа сувилалд очих боломжгүй байдаг. Хөвсгөл нуурын эрэг дээр байгуулагдсан энэ сувилалд нэг ээлжиндээ 60 орчим хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд цахилгаан эрчим хүчинд бүрэн  холбогдсон байна.

Мөн ахмадын сувилалын  зуны гэрүүд болон дотоод тавилгыг гэрийн модоороо алдартай Жаргалант сумын гэр урлаачдаар хийлгэж, гэрийн хөшиг, өрх, туурга тэргүүтэй оёдлын ажлыг “Сүүн сэтгэл” архины эсрэг Төрийн бус байгууллагын гишүүд урлажээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Ахмадын сувиллыг аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний газарт хүлээлгэн өгч, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тэргэнцэр, эмнэлгийн болон  чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжийг бэлэглэсэн юм.

Хөвсгөл аймгийн ахмадын сувиллын нээлтийн арга хэмжээнд МУСГЗ Далантай Сүрэнжав тэргүүтэй гавьяатууд, ахмадуудын төлөөлөл 100 орчим хүн оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ