"Арцат" зуслан ажиллаж эхэллээ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Арцат” зуслан
2014.06.26
Орон нутгийн хөгжил

"Арцат" зуслан ажиллаж эхэллээ

Нарлаг зуны зугаатай өдрүүдийг хүүхэд, багачууд маань байгалийн үзэсгэлэнт сайхан газарт өнгөрүүлэх боломжтой боллоо.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Арцат” зуслан юм. Олон жил үйл ажиллагаагаа явуулж, хүүхэд багачуудын инээд хөөр, баяр баясгалан дунд өчнөөн оныг үдсэн энэхүү зуслан буйраа сэлгэж, цоо шинэхэн байршил, барилга байгууламжтайгаар дахин нээгдлээ.

Энэхүү зуслангийн нээлтийн арга хэмжээ энэ сарын 22-ны өдөр болж өнгөрлөө. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Р.Нямсүрэн, “Арцат” зуслангийн захирал Л.Пүрэвдулам, Мандал сумын Засаг дарга Н.Нямдаваа, ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү болон нутгийн иргэд оролцлоо. Нээлтийн арга хэмжээнд

Нийт 12 байшинтай бөгөөд дотроо зургаан хүүхэд байрлах боломжтой.

Мандал Сумын Засаг дарга Н.Нямдаваа хэлсэн үгэндээ “Хүүхдийн төлөө гэж дуугарч, багачуудын сургалт хүмүүжилд анхаарч Арцад зуслангийнхаа үйл ажиллагааг шинээр нээж эхлүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлж байна” гэв.

ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү “Арцат зуслан нээгдэхийг Мандал сумын багачууд болон маш олон хүүхэд албан ёсоор нээгдэхийг хүлээж байсан биз ээ. Улам өргөжиж шинээр үйл ажиллагаа явуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн” юм.

“Арцат” зуслангийн талаар товч танилцуулахад нэг удаадаа 120 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай бөгөөд хоолны болон урлагийн заалтай. Нийт 12 байшинтай бөгөөд дотроо зургаан хүүхэд байрлах боломжтой.

Энэхүү зусланд ирж амрахад хүүхэд багачуудын хувьд ямар ч насны ялгаа байхгүй. 24 цагийн турш таны хүүхдэд хараа хяналт тавихаараа бусад газруудаас онцлогтой. “Арцат” зуслан нь нийт 30 багштай үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн орчин үеийн шийдлийг харуулсан усан оргилуур, өнгө өнгөөр гэрэлтсэн гэрэлтүүлэг, бие засах газар, тоглоомын талбай гээд уйдах завгүй зуны зугаатай өдрүүдийг өнгөрүүлэх боломж Мандал сумын Хэрх тосгонд бий болжээ.

Л.Пүрэвдулам: “Арцат” зусланг нээхэд туслалцаа үзүүлсэн “Сентерра гоулд Монголиа” компаний хамт олондоо баярлалаа.

Ингээд “Арцат” зуслангийн захирал Л.Пүрэвдуламтай нээлтийн арга хэмжээний үеэр уулзаж цөөн асуултад хариулт авлаа.

-"Арцат" зуслангийн нээлтийн арга хэмжээ болж байна. Та зуслангийнхаа талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

“Арцат” зуслангийн захирал Л.Пүрэвдулам

-"Арцат” хүүхдийн зуслан нь Цагаан хөтлийн Тултын тохой гэдэг газар шинээр дахин байгуулагдлаа. Дээр үеэсээ Хараа голын эрэг дээр тул загас ихтэй байсан учраас Тултын тохой хэмээн нэрийдсэн байдаг. Энэ сайхан бэлэг дэмбэрэлтэй, нар хур тэгширсэн өдөр нутгийн ахан дүүс, үр хүүхэд, найз нөхдийнхөө хамтаар Арцат зуслангийнхаа нээлтийг хийж байгаадаа маш их талархаж байна.

-Танай зуслангийн давуу тал юу байна вэ?

-Нэн тэргүүнд манай зуслан нь байгалийн үзэсгэлэнт азар оршиж байгаагаарай онцлогтой. Дээрээс нь евөл, зунгүй ундардаг рашаан булагтай гэдгээрээ давуу талтай. 30 гаруй төрлийн эмийн ургамалтай. Таван төрлийн жимс ургадаг. Түүнчлэн манай зусланд амрахаар ирсэн хүүхдүүдийг усан бассенд хичээлүүлэх боломжтой.

Түүнчлэн бидний зүгээс эрүүл сайхан агаарт, хүүхдийн зрүүл мэнд, сургалт хүмүүжилд нь нөлөөлөх нь олон зүйлийг хийж байна. Дээрээс нь хүүхдийн “Нархан” цэцэрлэгтэй шефийн холбоотой. Тэгэхээр багш болон нягтлангууд маань өвөл хотод цэцэрлэгтэй ажиллаад зунд нь зуслан дээрээ ирдэг.

 -"Арцат" зуслан хичнээн хуүхэд хүлээж авах хүчин чадалтай вэ?

-Манай зуслан 120 хүүхэд хүлээж авах боломжтой. "Арцат" зусланг маань шинээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж өгсөн “Сентерра гоулд Монголиа” компаний хамт олондоо маш их баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Түүнчлэн "Арцат" зусланд ирэх зам харгуйг хүртэл засч өгсөн юм.

Маш олон хүний дэмжлэг туслалцаатайгаар зуслангаа босгож, нээлтээ хийлээ. Манай гэр бүлийн хүн энэхүү зусланг 20 гаруй жил удирдсан. Тиймээс гэр бүлийнхээ хүний үйл ажиллагааг тасалдуулахгүй байхыг их хичээж, цаашид ч гэсэн илүү эрч хүчтэйгээр зүтгэнэ дээ.

-Хүүхдүүдийг хэзээнээс эхэлж хүлээж авах вэ?

-Энэ сарын 23-ны өдрөөс хүлээж авсан. Нийтдээ таван ээлж ажиллуулахаар бэлтгэж байна. Түүнчлэн энэ жил манай сумын 90 жилийн ой болж байгаатай холбогдуулан ирэх наймдугаар сард ахмад болон нутгийнхаа хүмүүсийг хүлээж авахаар бэлтгэж байгаа.

Нөгөөтэйгүүр, манай зусланд хүүхдээ амраахдаа эцэг, эхчүүд нь санаа зовох юмгүй. Бид 24 цагийн турш жижүүр болон ээлжийн багштай. Хүүхдүүдийг байнгын хараа хяналтад байлгадаг.

-Зусланд амрахыг хүссэн олон хүүхэд байгаа байх. Тиймээс та нэг өдрийнх нь төлбөрийг хэлж болох уу?

-Өдрийн 15-20 мянган төгрөгөөр хүүхэд багачуудаа амрааж байна.

ШИНЭ МЭДЭЭ