УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.06.16
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Л.Энх-Амгалан: Монгол хэлний хуульд эдийн засгийн хөшүүргийг тусгах хэрэгтэй

УИХ өнгөрсөн баасан гаригт Монгол хэлний тухай хуулийн төслийг нухацтай хэлэлцэв.

Монгол хэлний дүрэм хэдэн янз болж, харь үг хэллэг монгол хэлэнд олон орж буй нь нэлээд шүүмжлэл дагуулаад байна. Иймд Их хурлын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, А.Бакей, Г.Батхүү, Л.Гантөмөр, Н.Энхболд нар хуулийн төсөл санаачилж, хэлний эрдэмтэд төсөл дээр ажил­ласан юм. Энэ хуу­лийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэ­лэл­цэхийг дэмжиж анх­ны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Манай улсад сүү­лийн хорь гаруй жи­лийн хугацаанд мон­гол хэл бичгийн хэрэг­лээтэй холбоотой тө­рийн бодлого, зохи­цуулалт алдагдсаны ул­маас иргэд, төрийн бай­гууллага, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын монгол хэлний мэдлэгийн төвшин доройтсон гэж үзжээ.

Мөн монгол хэлний зөв бичгийн дүрэм, толь бичгийн нэгдмэл байдал алдагдсан, бүх шатны боловсролын байгууллага дахь монгол хэлний сур­галтын чанар муудсан, гадаад нэр томьёог мон­голчлох, үгийн санд шинэ үгийг бүртгэх ажил зогсонги байдалд орсон, гудамж, зам, талбай, ал­бан байгууллагад монгол хүүхдэд монгол хэлний хичээлийг заахгүй бай­гаа зэрэг монгол хэлний хэрэглээ, хөгжил, хам­гаалалтай холбоотой олон сөрөг асуудал хуримтлагджээ.

Энэ байдлыг хар­галзан үзэж, монгол хэ­лээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, улам боловс­ронгуй болгохтой хол­боотой харилцааг зохицуулах зорилгоор Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн шинэчилсэн найруулга болох Монгол хэлний тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Төсөлтэй холбог­дуулан гишүүд ийм санал хэллээ.

С.Баярцогт:

-Энэ хуулийг яг одоо хэлэлцэхэд эрт байна. Хуулийг хэлэлцэх эсэхийг шийдээд дараагийн шат­ны хэлэлцүүлэг хийхийг хүлээж, гишүүд, иргэд, олон нийтийн дунд санал асуулга явуулж байж энэ хууль бүтэн болно. Одоо хуулийн төслийг баталвал иргэдийн дунд крилл бичигтэй дээр нь үндэсний монгол бичгийг давхар хэрэглэнэ гээд ши­нээр сурах болон да­хин сурах хүмүүст ойрын хэдэн жилд үүсэх хүнд­рэлүүд харагдаж байна.

Дээрээс нь латин үсгийг галиглаад хэрэглэх ёстой. Амьдрал дээр бүх хүн ла­тин үсгийг хэрэглэн сошиал ертөнцтэй харьцаж байна. Иймээс бид босоо бичиг рүү шил­жих үү үгүй юу гэдгээ хэ­лэл­цүүлэг өрнүүлж, нухацтай ярилцаж байж шийдвэр гаргах хэрэгтэй.

Миний хувьд эсэргүүцэж байгаа зүйл байхгүй. Уг нь гурван төрлийн хэлний талаарх энэ том асуудлыг гишүүд санаачлах бус Засгийн газар бодлогын төвшинд оруулж ирээд үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай байсан. Улсын Бага Хурлын үед монгол хэлний асуудлыг хэлэлцэж нэлээд маргаан, мэтгэлцээн дагуулж үр дүнд хүрэлгүй орхиж байсан.

Л.Цог:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Тэгэхдээ их түвэгтэй. Улсын Бага Хурлаар монгол хэлний талаар хэлэлцэж байх үеийн гишүүдээс энд сууж байна. Энэ үед маш их маргаж мэтгэлцэж байсан ч үр дүнд хүрээгүй. Улс үндэстнүүдэд хос бичиг, хос хэл гэж байдаг юм байна.

Крилл, хуучин монгол, латин гээд гурван багц зүйл яваад байна. Манай монгол хэл бичгийн эрдэмтдийн дунд криллээ хамгаалсан, хуучин монгол бичгээ хамгаалсан хоёр урсгал байдаг юм билээ. Энэ асууд­лыг хойш нь та­вилгүй хэлэлцээд явах нь зүйтэй. Гэхдээ довтолгож болохгүй үе шаттай хэ­лэлцэх нь зүйтэй гэсэн саналтай байна. Цаашид Засгийн газраас ч хийж хэрэгжүүлэх зүйл их гарна.

Л.Энх-Амгалан:

-Хуулийн төслийг хэ­лэлцэхийг дэмжиж байгаа. Монгол бичгийн талаар сүүлийн 20 гаруй жил ярилаа. Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг гаргасан.

Төр өөрөө санаачилга гаргаад монгол бичгээ хэрэглээ болгох хугацаа болсон уу гэвэл болсон. Тэгэхдээ бусад гишүүдтэй санал нэг байна.

Энэ асуудлыг хэлэлцэхэд үндэсний зөвшилцөл зайлшгүй байх шаардлагатай. Хуулийн төсөлд зургадугаар ангиас үндэсний монгол бичиг заахаар оруулж ирж байна. Энэ заалтыг Боловсролын талаар баримтлах бод­логын бичиг баримтат зайлшгүй оруулж өгөх нь зүйтэй. Нөгөө та­лаас үүрэгжүүлсэн заал­тууд их байна. Ингэх­дээ урамшууллын зохи­цуулалт, эдийн засгийн хөшүүргүүдийг тусгах хэрэгтэй. Лоозон, тунха­гийн шинжтэй бус цог­цоор нь харж амьд хууль гар­гахад анхаарах нь чухал.

О.Баасанхүү:

-Монгол судлалын чиглэлээр тогтоолын төсөл батлуулж байсан хүний хувьд энэ хуулинд их анхаарч байна. Монгол хэлний хууль гэсэн нэр томьёотой мөртөө монгол бичгийн хууль гээд байгаа нь ойлгомж муутай байна. Хэлний тухай хууль яриад байна уу бичгийн тухай хууль яриад байна уу гэдэгт хамгийн түрүүнд санаа тавих ёстой. Хэлийг улс орны тусгаар тогтнолтой холбож байгаа үед маш няхуур хэлэлцэж ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатай.

ШИНЭ МЭДЭЭ