Л.Энх-Амгалан гишүүний хэлсэн санал
2014.05.09
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Л.Энх-Амгалан: Гадны хөрөнгө оруулагчдын хувьд Монгол цорын ганц сонголт биш шүү

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ тухай хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт нар танилцууллаа.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого баталсантай нийцүүлхээр өргөн барьсан юм.

Гишүүдийн 51.7 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Л.Энх-Амгалан гишүүн асуулт асууж, хариулт авлаа

Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгчөөс санаачлаад нэг хуулийн төсөл олон нийтээр хэлэлцэгдээд дэмжлэг аваад явж байна гэж сонссон. Энэ хуульд Ерөнхийлөгчийн хуулийн төсөл туссан уу? Энэ хуульд хийгдэж байгаа өөрчлөлтийг дотны болоод гадны хөрөнгө оруулагчдад маш том хүлээлттэй байна. Бодлогын бичиг төрийн зохицуулалт ямар байх вэ гэдгийг хийж өгсөн. Тэгэхээр үүнийг хууль баталгаажуулж өгөх ёстой. Хуулийн төсөлд энэ талын ямар зохицуулалт орсон вэ? Энэ хуулийг боловсруулахад мэргэжлийн байгууллага, ялангуяа Уул уурхайн үндэсний ассоциацийн саналыг ерөөсөө аваагүй гэсэн. Цаашид энэ мэргэжлийн байгууллагуудынхаа саналыг авах нь зөв юм.

Д.Ганхуяг сайд хариулав: Энэ хууль яг Эрдэс баялгийн бодлоготойгоо уялдаж хийгдсэн байгаа. Ерөнхийлөгчийн ТГ-ын дэргэд энэ хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсэг 208-2012 онд ажиллаж байсан. Нэг хуулийн төсөл гаргаад олон нийтээр хэлэлцүүлсэн нь асар их шүүмжлэлтэй тулгарсан учраас Эрдэс баялгийн бодлого боловсруулах ажлын хэсэг гаргаад энэ бодлоготойгоо уялдуулж хуулийг өөрчлөлт оруулах төслөө боловсруул  гэсэн шийдвэр гаргасан. Тэгэхээр үүнээс өөр хуулийн төсөл байхгүй гэж ойлгож байгаа. Төрийн зохицуулалтыг яг бодлоготойгоо нийцүүлсэн байгаа. Мэргэжлийн холбоо, эрдэмтэдтэй маш олон удаа хуралдсан байгаа. Бүх саналыг бас авах боломжгүй.

Л.Энх-Амгалан гишүүн санал хэллээ

Бид хөгжих ёстой салбараа дэндүү их улстөржүүллээ шүү дээ. Цаашдаа би уул уурхай бол улстөргүйгээр эдийн засгийн салбар болж хөгжих ёстой гэсэн ойлголттой байдаг. Хамтарч Засгийн эрх барьж байгаа Эвслийн бүлгийн төлөөлж байгаа гишүүд нь засгийн газраасаа өөр зүйл яриад байгаад ойлгохгүй байна. Эсвэл хоёр засгийн газартай болчихсон юмуу. Эдийн засгийн хүндрэлээс гарах тухай сүүлийн нэг сар л хэлэлцлээ шүү дээ. Яаж гарах юм  бэ ? хамгийн түрүүнд уул уурхайн салбараа хөгжүүлж байж хүндрэлээс гарах юм байгаа биз дээ. Энэ салбар экспортын 90, ДНБ-ын 40 орчим, Төсвийн орлогын 40 орчих хувийг энэ салбар хийж байна.  

ШИНЭ МЭДЭЭ