МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулахад японтой хамтарна
2012.03.13
Гадаад харилцаа

Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулахад японтой хамтарна

Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд манай улсаас Япон улсад сууж буй Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Д.Ганхуяг, З.Энхболд, Сангийн сайд Д.Хаянхярваа, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт тэргүүтэй төлөөлөгчид байгаа юм.

Энэ удаагийн айлчлал өнгөрсөн жилийн өдийд зүүн Японд болсон газар хөдлөлт,  цунамийн нэг жилийн ой, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөртэй давхцаж буй. Тиймээс Ерөнхий сайд өчигдөр эхлэх байсан айлчлалаа урагшлуулснаар 11-ний өдөр "АНА" компанийн Ерөнхийлөгч Ш.Ито, "Мицүбиши" компанийн Ерөнхийлөгч К.Кобаяши нарыг хүлээж авч уулзах, Зүүн Японы байгалийн гамшигт амь үрэгдэгсдийг хүндэтгэх ёслолд оролцох, Японд ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, сар шинийн мэнд дэвшүүлэх зэрэг арга хэмжээнд оролцлоо.

Харин албан ёсны айлчлал өчигдөр эхэлсэн. Энэ өдөр Ерөнхий сайд С.Батболд Хөгжлийн банк, Японы Мицүй-Сумитомо банкны уулзалт, санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, Японы Эзэн хааны ордонд Хунтайжтай уулзлаа. Үүний дараа JIBIC банкны Ерөнхийлөгч  Ватанбэ, "Мицүй-Буссан" компанийн Ерөнхийлөгч М.Иижима нарыг хүлээн авч, хамтран ажил-лах санамж бичигт гарын үсэг зурав. Монголын эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийн гол түлхүүр нь хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, боловсон хүчний нөөц гэдгийг хоёр тал онцолж байна. Тиймээс санамж бичгүүд эдийн засаг, хамтын ажиллагаа, стратегийн түншлэлд түлхүү анхаарчээ.