УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.01.10
Эрүүл мэнд

Л.Энх-Амгалан: Иргэдэд шаардлагатай үйлчилгээ үзүүлж байгаа эсэхийг хянадаг тогтолцоо хэрэгтэй

Иргэд сар бүр эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр долоон төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй ч тэр бүр  даатгалаар санхүүжигдэн эмчилгээ хийгдэх боломж хомс байдаг.

Тиймээс даатгуулагчдыг бүх шатны хувийн эмнэлэгт нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулах боломжийг хуулиар нээж өгөх ёстой гэж хууль санаачлагчид үзлээ.

Хувийн болон төрийн байгууллагын албан хаагчид сар бүр цалингийнхаа дөрвөн хувийг эрүүл мэндийн даатгалд төлдөг. Ингэснээр дотор, мэдрэл, нүд, чих, арьс, яаралтай бус гэмтэл, мэс засал гэсэн үндсэн үйлчилгээнүүдийг даатгал төлсөн мөнгөөрөө авах ёстой гэж хуульчилсан гэсэн ч дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд иргэд тэр бүр эмчилгээ үйлчилгээг аваад байдаггүй. Аль болох гурав дахь шатлалын эмнэлгийг зорьдог нь нууц биш.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүл мэндийн даатгалын тухай хуульд эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж байгаа эмчилгээ үйлчилгээний төрлүүд нь бага байгаа. Мөн тодорхой иргэдэд эрүүл мэндийн даатгалаас мөнгө авах бололцоо байхгүй байна. Эрүүл мэндийн санхүүжилтийг хоёр эх үүсвэрээр бус нийт санхүүжилтийг сангаар нь дамжуулж эмнэлгүүдтэй үйлчилгээ худалдан авах гэрээ хийгээд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс гэрээ хийж үүний дагуу иргэдэд шаардлагатай үйлчилгээ үзүүлж байгаа эсэхийг хянадаг тогтолцоонд шилжих зайлшгүй шаардлагатай байна.

Энэ жил эрүүл мэндийн салбарт 570 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх мөнгөн дүн харьцангуй бага. УИХ-аар хэлэлцүүлж байгаа эрүүл мэндийн даатгалын тухай хуульд эрүүл мэндийн салбарын төсөв, даатгалын сангийн мөнгийг нэгтгэснээр иргэдийн эрүүл мэндийн даатгалын төвд төлдөг мөнгийг бүгдийг эмчилгээ авахад нь зориулах боломж бүрдэх юм.  

ШИНЭ МЭДЭЭ