Сэлэнгийн хөгжлийн гарц аялал, жуучлал, бүтээн байгуулалт
Сэлэнгэ аймагт
2013.12.10
Орон нутгийн хөгжил

Сэлэнгийн хөгжлийн гарц аялал, жуучлал, бүтээн байгуулалт

“Сэргэлэн бол Сэлэнгийнх соотон бол чонынх” гэсэн уриатай залуус нэгдэн чуулж, хамтлаг дуучдын нүргээн дунд нэг өдрийг үдлээ.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын удирдлагууд, УИХ-ын гишүүн С.Баярцогт аймгийнхаа оюутан залуустай Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд чуулга уулзалт зохион байгуулан шилдгүүдээ тодруулж, ажлаа дүгнэсэн юм. Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас эх нутгийнхаа хөгжлийг тодорхойлогч төрөлх нутгийнхаа төлөө цохилох зүрхтэй оюунлаг залуусынхаа дунд шилдэг илтгэлийн уралдаан зохион байгуулжээ:

“Сэлэнгэ аймгийн хөгжлийн гарц” илтгэлийн уралдааныг УИХ-ын ЖЭрдэнэбатын санаачилгаар гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа нь энэ. Гадаад дотоодын их дээд сургуульд суралцаж буй оюутан залуусынхаа зорилго тэмүүлэл санал бодол, нутгийнхаа хөгжлийн боломжийг бодитоор тодорхойлсон шинэлэг санал, санаачилгыг дэмжин ажил хэрэг болгодог онцлогтой аж. Илтгэлийн уралдаанд МУИС, МУБИС,  ШУТИС, ОХУ-ын Уралын холбооны ИС, Иркутск хотын Техникийн их сургууль, Солонгос, Турк улсын Истанбулын Техникийн их сургууль, Энэтхэгийн Махатма Гандигийн их сургууль зэрэг 20 гаруй сургуулийн оюутнуудаас  99 бүтээл иржээ.

Эхний шатанд 34 илтгэлийг шалгаруулж, дараагийн шатанд шалгарсан 23 илтгэлийг Улаанбаатар хотын ШУТИС- ийн хурлын танхимд хэлэлцүүлж хамгийн өндөр оноо авсан 12 илтгэлийг сүүлийн шатанд шалгаруулсан юм. Сэлэнгийн залуус нутгийнхаа хөгжлийн гарцыг Газар тариалангийн гол бүс нутаг болох аймаг орон нутгийнхаа онцлогт  нийцүүлэн “Ургацын баяр” арга хэмжээг өргөжүүлж аялал жуулчлалтай холбох, хүүхэд залууст зориулсан цогцолбор байгуулах хэмээн тодорхойлжээ.

Мөн аялал жуулчлалын “Мини Монголия” улсын загвар цогцолбор байгуулах, фермерийн аж ахуй хөгжүүлэх, аялал жуулчлал зочид буудлын хүний нөөцийг тодорхойлох, аймагтаа гутлын, хаягдал хог дахин боловсруулах, хатуу зөөлөн бяслагны үйлдвэр байгуулах зэрэг олон шинэ санаачилга дэвшүүлжээ.

Ингээд аймгийнхаа өнөөгийн болон ирээдүйн хөгжлийг олон талаас нь харж, бодит судалгаа тооцоо гаргаж бусдыгаа манлайлсан шилдгүүд тодорлоо. Тэргүүн байр буюу нэг сая төгрөгийн эзнээр Сүхбаатар сумын харьяат ШУТИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Х.Нямдалай “Байгаль орчны тогтвортой байдал хөгжил ба иргэний оролцоо” сэдвээр эзэллээ. Дэд байрыг Баянгол сумын харьяат Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Л.Дөлгөөн “Сэлэнгэ аймгийн хөгжлийн гарц-Аялал жуулчлал” илтгэлээрээ эзэлж 800 мянган төгрөгийн эзэн боллоо.

Харин гуравдугаар байрыг Сүхбаатар сумын харьяат МУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Б.Энхзаяа, Н.Задгайцагаан нар “Бүтээн байгуулалтын эхлэл цогцолбор” илтгэлээрээ эзэлж 500 мянган төгрөгийн эзэн боллоо. Тусгай байрт МУИС-ийн төгсөх курсын оюутан Т.Ганзоригийн “Аялал жуулчлал хөгжлийн гарц”, МУИС-ийн хоёрдугаар дамжааны Б.Ууганболорийн “Эрүүл хүн-Эрүүл нийгэм" илтгэл шалгарч аймгийн Засаг даргын нэрэмжит шагнал гардлаа.

Уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн засаг дарга С.Бүрэнбат аймгийнхаа бүтэн жилийн хугацаанд хийсэн ажил хөдөлмөрийг тайлагнаж өмнө жил үүдэд аймгийнхаа хөгжлийн гарцыг тодорхойлж шилдгээр шалгарч байсан оюутнуудын санал санаачилга ажил хэрэг болон эхний үр дүн нь гарч байгааг дуулгалаа. Мөн энэ жилийн шилдэг санаануудыг ажил хэрэг болгохоо амлаж цаашид оюутан залуусаа дэмжин ажиллана гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ