С.Ганбаатар: Эдийн засаг хямраагүй гэж хомоолны цаана нуугдаж байгаа мануул шиг ярьж болохгүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.10.08
Эдийн засаг, Худалдаа

С.Ганбаатар: Эдийн засаг хямраагүй гэж хомоолны цаана нуугдаж байгаа мануул шиг ярьж болохгүй

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та “Рио Тино”-г АТГ-т өгсөн. Чухам ямар үндэслэлээр өгсөн юм бэ? 

-“Рио Тинто” мөнгө байхгүй, нэмэлт санхүүжилт хийх боломжгүй гэж зөндөө ярьдаг хэрнээ бидний баялгийг аль хэдийнэ бирж дээр гаргаад мөнгө босгож байсан. Энэ Оюутолгой чинь 100 хувь манай өмч шүү дээ. Харин ашиглахдаа хоёр талаасаа хөрөнгө оруулсан нь бол үнэн.

Тэгээд энэ хүмүүс Монголын нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх гэж оролдож олон төрийн бус байгууллагуудад мөнгө тараасан байна. Энэ бол ноцтой асуудал гэдэг үүднээс би “Рио Тинто”-г АТГ-т өгч байгаа юм.

Учир нь нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж байна гэж үзсэн. Хятад улсад “Рио Тинто”-гийн ажилтнууд авлига өгөх гэж оролдсон гэдэг байдлаар томоохон хэмжээний дуулиан болж олон хүмүүсийг үүн дээр шалгаж байсан.

Түүнтэй адил төстэйгээр төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүст зөвлөх үйлчилгээ авах хэлбэрээр олон тэрбум төгрөг өгч, Монголын шийдвэр гаргах төвшний хүмүүст нөлөөлж байна гэдэг утгаар нь би “Рио Тинто”-г АТГ-т үндэслэлтэйгээр өгсөн. 

-“Оюутолгой”-н ТУЗ-ын гишүүд Лондонд дуудагдаж, яриа хэлэлцээр хийгээд ирсэн. Тэд тодорхой хэмжээнд ойлголцолд хүрсэн гэж хэлж байгаа. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ? 

-Нэгдүгээрт, Лондонд дуудах шаардлага юу байсан юм бэ. Оюутолгой бол монголын  баялаг. Монголын баялгийг нутагт нь яриасай. Хоёрдугаарт, яагаад энэ яриа хэлэлцээрээ нууцлаад байгаа юм. Энэ бол атомын бөмбөгийг хэрхэн ашиглах тухай яриа биш шүү дээ. Үүнийг ил тод ярих ёстой. Ямар ч нууцлал байхгүй.

Гуравдугаарт, далд уурхайн санхүүжилт нэрийдлээр 24,3 тэрбум ам.долларын зээлийг “Рио Тинто” маш аюултай нөхцөлтэйгээр олон улсын 16 банк санхүүгийн байгууллагаас авахаар байгаа. Энэ авах гэж байгаа үйл ажиллагаандаа Монголын талаар гарын үсэг зуруулах гэж байна. Өөрөөр хэлбэл, өрийн бичиг зуруулах гэж байна гэсэн үг.

Энэ 16 банк санхүүгийн байгууллага бусдад худалдах эрх нь үүснэ гэсэн үг. Эдгээрийн дөрөв нь бусад улс орны Засгийн газрын оролцоотой байгууллага. Ийм өрийн бичигт гарын үсэг зурж болохгүй шүү дээ. Үүн дээр хатуу байр суурьтай байх хэрэгтэй.

Оюутолгой 100 хувь манай өмч шүү дээ. Харин ашиглахдаа хоёр талаасаа хөрөнгө оруулсан нь бол үнэн.

Учир нь УИХ-аас батлуулсан техник, эдийн засгийн үндэслэл дотор  таван тэрбум 120 сая ам.долларын анхны хөрөнгө оруулалт гэж батлуулсан. Далд уурхай гэдэг дээр нэг тэрбум 524 сая ам.долларыг батлуулсан. Хэрэв болзошгүй зардал гарч магадгүй гэдгээр эрсдэлийн сан дээр 970 орчим сая ам.доллар байгаа. Энэ 5,1 тэрбум ам.доллараар энэ үйлдвэр ажиллана.

Анхны экспортоо гаргаад мөнгө ороод ирэхийн алдад энэ мөнгөөрөө буцаан хөрөнгө оруулалт хийж болно. Дахин зээл авч болохгүй гэдгийг би хэлээд байгаа юм. Өнөөдөр баяжмал гарч байгаа. Миний тооцоогоор одоо аль хэзээний 700 орчим сая ам.долларын борлуулалт хийчихсэн байх ёстой.

Оноос өмнө тооцоо хийхэд 2 тэрбум ам.долларын баяжмал гарна гэж үзэж байгаа. Энэ мөнгийг буцаагаад хөрөнгө оруулалт хэлбэрээр далд уурхайдаа зарцуулж болно. Би одоо бүр буулт хийж байна шүү дээ. Би ийм энгийн зүйл асууж байгаа. Үүнд маань яагаад хариулахгүй байгаа юм бэ. 

-УИХ-ын чуулганд Ерөнхий сайд мэдээлэл хийх үеэрээ таны асуусан асуултыг ойлгохгүй байна гэсэн шүү дээ. Яагаад ойлгоогүй юм бол доо? 

-Ерөнхий сайд асуулгын үеэр надад хэлсэн. Таны хэлээд яриад байгаа зүйлийг би ойлгохгүй байна гэсэн. Би Ерөнхий сайдад маш олон хүчтэй Монголоо гэсэн шинжээчидтэй ажиллахыг зөвлөмөөр байна.

Би бол маш олон үндэсний хэмжээний эрдэмтэн, судлаачидтай ажилладаг. Олон улсын мэргэжилдээ үнэнч олон судлаачидтай санал бодлоо солилцдог хүн байгаа юм. Миний асуултад хариулах нь Ерөнхий сайдын үүрэг. 

-Яагаад тэгж хэлсэн юм бол? 

-Би өмнөөс нь хариулж мэдэхгүй. Ойлгохгүй байгааг нь би харин ойлгохгүй байгаа. Уг нь бол Н.Алтанхуяг сайд асар их туршлагатай. Өмнө нь Сангийн яамыг удирдаж байсан. Түүнээс өмнө Үйлдвэр худалдааны сайдын албыг хашиж байсан.

Миний мэдэхийн зургаан жил энэ намыг удирдаад явж байна. Асар их туршлагатай хүн гэж би хувьдаа боддог. Энэ хүнээс асар их үр дүнтэй зүйлийг хүлээж байгаа. УИХ дээр ойлгомжгүй байдлаар миний асуултад хариулт өгөхөд нь гайхсан. Ойрын үед хуулиараа хариулт өгөх учиртай. 

-УИХ-аар Хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталлаа. Энэхүү хуулиар хөрөнгө оруулагчдыг дөрвөн төрлийн татвараас чөлөөлнө гэж байгаа. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ? 

-Манай татварын орчин бол гайхалтай орчин. Үүнээс цааш татвар хөнгөлнө гэвэл бид мөрийтэй тоглодог хүмүүст ашиглагдаж байна л гэсэн үг шүү дээ. Хүн болгон ирж бүх зүйлийг маань цөлмөөд гардаг, уул уурхайг сорох бодлого манайд явагдаж байна. Энэ дэндүү гаарах вий гэж санаа зовж байна.

Бидний хөрөнгө оруулалтын орчноос шалтгаалахгүйгээр манай хөрш орнуудын худалдан авалт буурч байгаа энэ үеийг хөрөнгө оруулагчид чадварлаг ашиглаж бидний гарыг мушгиж байна даа гэж би харж байгаа. Харин энэ хууль дээр татварыг хөнгөлж огт болохгүй. Би тэрэн дээр эсрэг байна. Харин хөрөнгө оруулалтын нөхцөл тодорхой тогтвортой байна гэдэг нь харин болж байгаа юм.

Тэр болгон улстөрчдийн толгойд өнөө өглөө юу орж ирсэн бэ гэдгээр хуулийг өөрчилж болохгүй. Өнөөдөр хөрөнгө оруулалтын нөхцөл биднээс шалтгаалахгүйгээр өөрчлөгдөж байна гэдэг бол тогтворгүй байдлын илэрхийлэл шүү дээ. Энэ болгон дээр би байр сууриа илэрхийлж байгаа. 

-УИХ-аар Алтны тухай болон Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах талаар ярьж байгаа. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ? 

-Энэ хуулиуд дээр би хатуу байр суурьтай ажиллаж байгаа. Онцгойлон анхаарч ажлын хэсэгт нь орчихсон ажиллаж байна. Урт нэртэй хууль бол Монголд ач холбогдлоо өгсөн. Үүнийг огт муулж болохгүй. Ер нь Монгол оронд хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадынхан хариуцлагатай байх ёстой гэдэг ёс зүйгээ дэндүү уландаа гишгэж байна.

Уул уурхайн салбарт ойлголцол алга байна. Уул уурхайн бизнес Монгол орныг хоёр хувааж байна.

Энэ бол ноцтой зүйл. Уул уурхайн салбарт ойлголцол алга байна. Уул уурхайн бизнес Монгол орныг хоёр хувааж байна. Үүнээс угаадсыг нь долоож иддэг улс төрийн бүлэглэл байна.

Нөгөө талд нь малчид, байгаль орчин, иргэд хохирч байна. Миний хувьд уул уурхайг хаа гэсэнгүй. Уул уурхай бидэнд үр шимээ өгдөг. Харин уул уурхай байгаль орчныг хохироож байна шүү дээ.

Тиймээс аймаг бүрт уул уурхайн зөвшилцлийн механизмыг бий болгооч ээ. Үндэсний хэмжээний уул уурхайн зөвлөлийг бий болгооч ээ гэдэг саналыг хэлээд байдаг юм. Энэ арга Монголыг аварна.

Асуудал гэрээний үндсэн дээр явна. Тиймээс улстөрчид ширээний доогуур мөнгө авч чадахгүй болно. Би энэ санааг олон жил ярьж яваа. Ойлголцож, ярилцах ширээ хэрэгтэй байна. Монгол хүмүүс бие биенээ сонсож, ярилцаж чадахгүй байгаа нь Монгол Улсын сүйрүүлж байна. 

-МАН-ын зүгээс эдийн засаг хямарсан гэж хэлээд байдаг. Харин эрх баригч хүчин эдийн засаг хямраагүй бидний хийх гэж байгаа ажлыг харлуулах гээд байна гэж хэлээд байна. Та бие даагч гишүүний хувьд үнэн бодит зүйлийг хэлээд өгөөч? 

-Эдийн засаг бол маш хүнд, хэцүү байдалтай байгаа. Үүнийг хямарсан гэж томъёолж болно. Үүнийг хаана ч хэлнэ. Хэнд ч хэлнэ. Үүнийг хямраагүй гэж хэлж байгаа хүний гэр бүлийнх нь эдийн засаг хямраагүй байна гэж би ойлгож байгаа. Түүнээс биш Монгол Улсын эдийн засаг хямралын байдалтай байгаа. Цаашид ч хүндрэх хандлагатай байна.

Монгол хүмүүс бие биенээ сонсож, ярилцаж чадахгүй байгаа нь Монгол Улсын сүйрүүлж байна. 

Харин энэ байдлыг ашиглаж, улс төр хийж хэн нэгэн хүнийг унагаж суудлыг нь авъя гэдэг үүднээс хэн ч ярьж болохгүй. Тийм өнгөөр яриагүй гэдэгт итгэлтэй байна. Сандлын минь хөлийг чихрааж, дуугарахчих вий дээ гэдэг айдсаар хямраагүй шүү дээ гэж хомоолны ард нуугдаж байгаа мануул шиг зарим нь ярьж болохгүй.

Бодит байдлыг бодитоор нь ярих ёстой. Эдийн засаг хямарчихсан. Үүний яаж мэдэх вэ гэдэг олон жишээ байгаа шүү дээ. УИХ дахь намын бүлгүүдээс гурав, гурван хүн 500 мянган төгрөг бариад зах руу яв. Жилийн өмнө байсан юмны үнэ өнөөдөр хэдэн төгрөг болсон байгааг очоод үзэх хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн.

Төгрөгийн худалдан авах чадвар буурсан. Маш хүнд байгаа шүү дээ. Монголын гадаад худалдааны тэнцэл яагаад нэг тэрбум ам.долларын зөрүүтэй гараад байгаа юм бэ. Өөрөөр хэлбэл, бид бүтээж байгаагаасаа илүү идэж байгаа ард түмэн. Энэ бол эдийн засгийн хамгийн том хямралын дохио. 

ШИНЭ МЭДЭЭ