Л.Энх-Амгалан: Дулааны станц ашиглалтад орно
Л.Энх-Амгалан: Улсын Их Хурлын гишүүн
2012.09.03
Орон нутгийн хөгжил

Л.Энх-Амгалан: Дулааны станц ашиглалтад орно

УИХ-ын  гишүүн Л.Энх-Амгалантай  ярилцлаа.

-Та өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаад ирсэн байна. Томилолтын гол зорилго юу байв?

-Ард иргэдийнхээ итгэлийг авч УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараахи миний анхны хөдөө орон нутгийн томилолт энэ боллоо. Аймгийнхаа төвд баригдаж байгаа томоохон хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа. Эрүүл мэнд, боловсролын салбарынхантай уулзлаа. Наадмын маргааш намар гэж ярьдаг.

Айл өрх, албан байгууллага бүр л өвлийн бэлтгэлээ базааж намрын их ажил өрнөж байна. Сургууль, цэцэрлэгүүдийн засвар, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 90-ээд хувьтай байна. 50 ортой төрөх эмнэлгийн шинэ барилгыг 11 сард бүрэн ашиглалтад өгөхөөр гүйцэтгэгч компани ажиллаж байна.

Мөн ирэх аравдугаар сард Дулааны станц ашиглалтад орно. Байгалийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ төв ашиглалтад орж нээлтээ хийлээ. Ер нь Улсын төсвийн хөрөнгө оруулалттай ажлууд жигд явж байна гэж хэлж болохоор. Зарим нь хугацаа хожимдож байгаа ажлыг түргэвчлүүлэх, хамгийн гол нь чанартай байх асуудлыг миний зүгээс тавьж байгаа.

Гол гол салбаруудад шинэ барилга байгууламж ашиглалтад ордог боловч нэг хоёр жилийн дараа  тар нь танигддаг, будаг шохой нь халцардаг, хана туургад нь цууралт үүсдэг, дээврээс цас борооны дусаал гоождог муу жишээ бий. Гүйцэтгэгч компани нь хариуцлага хүлээдэггүй. Төсвөөс мөнгө авах, тендерт ялах үедээ сайхан сайхан зураг бариад гүйгээд байдаг. Ийм ам ажлын зөрүүг арилгах талаар холбогдох яам, газар, орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллах цаг болсон байна.

-Та тодорхой жишээ татаж болох уу?

-Жишээ нь манай Мөрөн сумын 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хатуу хучилттай зам барих тендерт хотын нэг компани аль 2007 онд ялсан байдаг. Одоо болтол зам баригддаггүй. Компанийн нөхдүүд зам барих шаардлагатай мөнгөө улсаас авчихсан.

Аймаг орон нутгийн удирдлагууд холбогдох яаманд асуудлыг тавьж шүүхэд өгөөд ч таг чиг. Ийм байж болохгүй биз дээ. Наад зах нь ийм луйврын шинжтэй асуудалд УИХ-ын гишүүний зүгээс хариуцлага тооцуулж хуулийг хэрэгжүүлдэг байлгахын төлөө ажиллана.

-УИХ-ын сонгуулийн өмнө нэр дэвшигчид олон сайхан амлалт авдаг. Гэхдээ хэлсэн амандаа хүрдэг нь ховор гэж иргэд ярьдаг л даа. Таны хувьд сонгуулийн өмнө хийж бүтээхээр төлөвлөсөн ярьсан зүйл дээрээ хэр цаг зав гарган ажиллаж байна?

-Өнгөрсөн УИХ-ын сонгуульд намаас нэр дэвшиж байгаа хүн хувийн мөрийн хөтөлбөртөй байхыг хуулиар хориглосон. Миний хувьд сонгуулийн үеэр намын мөрийн хөтөлбөрийг ярьж таниулж явсан л даа. Харин Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн даргын сонгуульт ажлыг нилээд хэдэн жил хийж байгаагийн хувьд аймгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах үүднээс санаачлан хэрэгжүүлж хийсэн, бүтээсэн зүйл бий.

Цаашид хийхээр төлөвлөсөн томоохон төслүүд ч олон байгаа. Энэ бүхнийгээ ямар ч байсан хийж үр дүнг нь хамтдаа үзэхийн төлөө ажиллаж байна.  Би аймгийнхаа бүх сумаар хэд хэдэн удаа тойрохдоо төрийн албан хаагчид, эмч, багш нартай тус тусад нь уулзсан.

Ингэж явахад тэдний амьдралд хамгийн тулгамдсан асуудлын нэг нь орон сууц байсан л даа. Хөдөө амьдарч байгаа иргэд Төрийн албан хаагчийн 4 мянган айлын орон сууц хөтөлбөр, сүүлд хэрэгжсэн 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдаж чаддагүй. Энэ үүднээс миний бие хөдөө ажиллахаар ирсэн, ажиллаж байгаа залуу гэр бүл, насаараа улсад зүтгэсэн ахмадууд, ая тухтай амьдрах хүсэлтэй иргэд  аймгийнхаа төв дээр, сумандаа тохилог орон сууцанд амьдарч яагаад болдоггүй юм гэж бодсон.

Ийм бололцоо байгаа, зоригтой хийе гэж шийдсэн. Эхний ээлжинд аймгийн төвд “Шинэ мөрөн” төслийнхөө 1000 айлын орон сууц барих газраа сонголоо. Инженерүүдийнхээ баг, орон нутгийн удирдлагууд, бусад мэргэжлийн хүмүүсийг байлцуулсан техникийн хурлаа хийгээд ирсэн.

-Тэгвэл Мөрөнгийнхөн орон сууцны шинэ хороололтой болох цаг ойртож байгаа юм байна. Харин үнэ ханш нь ямар байх бол та үнэ ханшийг нь  хэрхэн харж байгаа вэ?

-Хамгийн гол нь боломжийн хямд үнэтэй байлгахын тулд орон нутгийн удирдлагуудтай ярьж байгаад газрыг нь үнэгүй шийдвэрлүүлнэ. Гадаад тохижилт, зам, дэд бүтцийн хөрөнгийг төрөөс шийдэхэд Улаанбаатар хотынхоос хямд байхаар тооцоо гарч  байна.

Өөрөөр хэлбэл 1мкв-ийн үнэ 900 мянган төгрөгөөс илүүгүй байх болов уу. Дээр нь банкны бага хүүтэй урт хугацааны зээлээр олгох боломжийг бас судалж байгаа. Манай Хөвсгөлийн урдаа барьдаг сайн инженерүүд энэ төсөл дээр ажиллаж байгаа нь бас нэг давуу тал гэж би нилээн олзуурхаж байгаа шүү.

Яагаад гэвэл тэд маань Мөрөнгийнхөө халуун дулаан, цахилгаан, цаашид хот болж тэлэх ерөнхий төлөвлөгөөг гаргасан, орон нутгаа гарын хуруу шигээ мэддэг хүмүүс. Энэ төслийн маань дараагийн үе бол хашаандаа тохилог халуун хүйтэн устай амины орон сууцтай болох боломжийг олгоход чиглэх юм. Бас л дэд бүтцийг гэр хороолол руу чиглүүлж ажиллана. Сая Улаанбаатар хотын гэр хороололд халуун хүйтэн ус, халаалтын ажлыг амжилттай хийсэн мэргэжлийн инженерүүдийг Мөрөнд аваачсан. Мөрөнгийнхөө гэр хороололтой танилцуулж зураг төсөв, судалгааны ажлыг эхлүүлэхээр боллоо.

-Таныг дэд бүтэц, мэдээлэл технологийн чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай удирдаж байсныг мэднэ. Харин орон нутгийнхаа дэд бүтцийн чиглэлд ямар ажил хийж байна.

-Нэгэнт бид хоёрын ярилцлага  хөдөө орон нутагт ажилласан томилолтын талаар өрнөж байгаа болохоор аймгийнхаа дэд бүтэц, харилцаа холбооны чиглэлээр товчхон ярья. Сая Төмөрбулаг сумын Тээл багт гар утасны сүлжээ орууллаа. Энэ бас л миний хийж хэрэгжүүлэхээр нутгийнхандаа хэлж ярьж байсан зүйл.

Хөдөө алслагдсан хоёр мянга орчим малчин өрх эрүүл мэндийн болон бусад төрийн үйлчилгээг гар утсаараа гэрээсээ авах, хол амьдардаг үр хүүхэд, хамаатан садантайгаа холбогдох боломжтой болж байна гэсэн үг. Цаашдаа аймгийнхаа бүх багийг үүрэн телефонд холбоно, бүх сургууль, эмнэлэг, төрийн байгууллагыг шилэн кабельд холбож цахим сургууль, цахим эмнэлэг болгохоор ажиллаж байна. Энэ ажлын явц сайн байгаа.

-Хууль эрх зүйн хувьд өөрчлөлт хийх шаардлагатай   ямар салбарууд байна?

-Хууль эрх зүйн орчныг сайжруулах зүйл маш их байгаа. Онцолж хэлэхэд хөдөөгийн өрхийн эмнэлгүүдийг өөд нь татахгүй бол мэргэжилдээ үнэнч хэдэн хүний нуруун дээр бүх үйл ажиллагаа нь явдаг. Манай Мөрөнд 6 өрхийн эмнэлэг ажиллаж байна.

Ачаалал ихтэй, төсөв багатай, тоног төхөөрөмж, байр сав хүрэлцээгүй, дээр нь бүх өрхийн эмнэлгийг хувийн статустай болгосон. Сумын эмнэлгийн ачааллаас илүү юу гэхээс дутахгүй ачаалалтай мөртлөө авах ёстой цалин хөлсний нэмэгдлээс гадуур үлддэг. Жишээ нь хөөцөлдөж байгаад ямар нэг шугамаар дуудлаганд явах машинтай болдог.

Гэтэл жолоочийн цалин, бензиний төсөв байхгүй учраас нөгөө машины хэрэг гарахгүй л байна шүү дээ. Байдал ийм л байна. Тэгэхээр одоогийн нэг хүнд ноогдох эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлс, үйл ажиллагааны санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргадаг тогтолцоо руу шилжүүлэх нь оновчтой санагдсан.

 Мөн томилолтын хугацаанд Мөрөн сумын шинэ эмнэлэг барих газрыг сонгож аймаг орон нутгийн удирдлагуудтай ярилцлаа. Аймгийн нэгдсэн эмнэлэг сумын иргэдэд үйлчлэхэд л ачааллаа даахгүй шахам байдаг. Тэгвэл Мөрөн хот тусдаа эмнэлэгтээ болчихвол энэ ачаалал эрс багасна гэж үзэж байгаа.

Манай мөрөн хот Улсын хэмжээнд дөрөвт орохоор том захтай. 2000 гаран хүн энд лангуу түрээсэлж гар дээрээс жижиг наймаа эрхлэн өрхийнхөө орлогыг бүрдүүлдэг.

Энэ хүмүүсийн ихэнх нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, өөрөөр хэлбэл нийгмийн даатгал эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй байна. Саяхан УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар “Ажилласан жил, нийгмийн даатгалыг нөхөн тооцох тухай” хуулийн төслийг өргөн барьлаа.

Энэ хуулийн гол санаа нь .“ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох” гэж нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй болсон нийт иргэдийн 1990-1995 оны ажилласан жилийг нөхөн тооцох, 1995-2000 оны ирээдүйд тэтгэвэрийн даатгалд хамрагдахад нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох ажиллагаагаар ойлгож болох юм. Энэ хууль батлагдвал зах дээр наймаа эрхлэдэг хүмүүсийн нийгмийн баталгааг хангасан бодлого болно.

Зөвхөн аймгийн хэмжээний хувийн бизнес эрхлэгчид бус улсын хэмжээний бүх хүмүүст хамаарч ойлгогдоно л доо. Цаашдаа 2000 оноос хойш хувиараа жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүсийг тодорхой үзүүлэлт, орлогоор нь судалгаа гаргаж нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх боломжийг судалж хуульд өөрчлөлт оруулах талаар хуулийн төсөл санаачлан ажиллах бодол байна.

ШИНЭ МЭДЭЭ