
"Эксперт” ахмад үеэс туршлага солилцох “Туршлага бол хүч” уриатай хөтөлбөрийн нээлт боллоо
Ахмадын нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад Улсын Их Хурал манлайлж, эерэг нөлөө үзүүлэх, үе хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх залгамж холбоог чухалчлан мэдлэг, туршлагатай ахмадуудыг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд татан оролцуулах, Улсын Их Хурлын гишүүдэд мэдлэг, туршлагаа хуваалцах, бодлогын шийдвэр гаргахад тэдний оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж “Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.
Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.07.03/ Төрийн ордонд болсон бөгөөд уг арга хэмжээний үеэр Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа үг хэлсэн. Тэрбээр, 2024 онд баталсан Ахмад настны тухай хуулийн шинэчлэлээр 50 ба түүнээс дээш ажилтантай байгууллагууд нийт ажлын байрны 2.0 хүртэлх хувьд ахмад настныг ажиллуулах, ажил эрхэлж буй ахмадууд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байх зохицуулалтыг тусгасан. Мөн байгууллага бүр жил бүрийн төсвөөсөө Ахмадын санд тусгах зохицуулалттай болсон талаар танилцууллаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун “Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр Улсын Их Хурлын хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох үйл ажиллагаанд туршлагатай ахмадын дуу хоолойг тусгаснаар хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, оролцоог нэмэгдүүлэх, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, үе хооронд мэдлэг туршлага солилцох, дамжуулахад чухал үр дүнтэй” гэлээ.
“Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох хөтөлбөрт нийт 122 ахмад ажиллах хүсэлтээ ирүүлснээс эхний ээлжинд 15 ахмадыг сонгон шалгаруулж, 14 гишүүн хамтран ажиллахаар болсон байна. Хөтөлбөрт шалгарсан ахмад настнууд Улсын Их Хурлын хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хяналт шалгалт хийх үйл ажиллагааг олон нийт, ахмад настны төлөөлөлд таниулж, мэдлэг ойлголт өгөхөөс гадна өөрийн мэдлэг туршлагаараа Улсын Их Хурлын гишүүдэд зөвлөх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ШИНЭ МЭДЭЭ



