Ц.Мөнхтуяа: Гуя дагаж хүзүү гэдэг шиг төрийн албан хаагчид маш их айдастай байна
УИХ-ын чуулганы 2025.07.03-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа асуулт асуулаа.
Нэгдүгээрт,
Төсвийн тодотгол дагаж оруулж ирсэн хууль тогтоомжийн төслүүдтэй холбоотой асуултууд байна. ААНОАТ-ын тухай хууль нэмэлт заалт оруулахаар оруулж ирсэн. Өмчийн хэлбэр харгалзахгүй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зориулалтаар цэцэрлэг, сургуулийн зориулалтаар барилга байгууламж шинээр барих татварын 1 хувийн хөнгөлөлт эдлэхээр оруулж ирсэн. Төрөөс үзүүлэх татварын хөнгөлөлтөөр хувийн сургууль цэцэрлэг барих нь хэр зохимжтой вэ? Зөвхөн төрийн өмчийн сургууль цэцэрлэг барьж өгсөн тохиолдолд татварын хөнгөлөлт эдэлж болохгүй юу? Мөн Монгол төрийн боловсролын сайд хүн хувийн эрх ашгийн үүднээс хандаж болохгүй. Саяхан Л.Оюун-Эрдэнийн засгийн газар огцроод Сайдын үүрэг гүйцэтгэгч хийж байхдаа мэргэжлийн Их сургуулийн шаардлагыг хангаагүй байхад журмын бус ажлын хэсгээр Шинэ Монгол дээд сургуулийг Шинэ Монгол Их сургууль болгосон тохиолдол гарсан. Үүнд ашиг сонирхлын зөрчил байна гэж үзэж байна. Үүнд тайлбар сонсох гэсэн чинь Наранбаяр сайд алга.
Хоёрдугаарт,
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд алга. Төсвийн тодотголоо дагаад гуя дагаж хүзүү гэдэг шиг Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг дордуулахыг оролдсон нэмэлт өөрчлөлтүүд тусгаад азаар олон нийт, гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, шүүмжлэлд өртөөд Засгийн газар төслөө буцааж авсан. Удахгүй 2026 оны улсын төсөв хэлэлцэнэ. Энэ үеэр нөгөө заалт ороод ирэхгүй гэсэн баталгаа алга. Төрийн албан хаагчид бол маш их айдастай байна. Үүнийг дахин оруулж ирэх үү үгүй юу гэдгийг асуумаар байна.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.