МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Баясгалан: Хурдаа тохируулаагүйгээс автомашинаа тэргэнцрээр сольсон. Гэхдээ амьд байх сайхныг мэдрээд амьдарч байна
2025.06.30
Улстөр

Ж.Баясгалан: Хурдаа тохируулаагүйгээс автомашинаа тэргэнцрээр сольсон. Гэхдээ амьд байх сайхныг мэдрээд амьдарч байна

"Хоёр хөл дээр босоод зогсох ямар сайхан гэж санана. Тэр мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй тансаг, гоё ч хичээгээд зогссоны дараа даралт унаж, бие маш ихээр өвддөг" хэмээн хоолой зангируулан хүүрнэх түүнийг Ж.Баясгалан гэдэг. Түүнийг жүжигчин, бизнесмен, УИХ-ын гишүүн гэдгээр нь олон нийт андахгүй. Мөн түүний тэсвэр хатуужил, хүсэл тэмүүлэл, алдаа, оноо бүхэн нь олон хүнд итгэл найдвар, урам зориг, ухаарал хайрлаж байдаг гэдэгтэй маргах хүн ховор биз ээ. Энэ ч утгаараа бид ганцхан хормын болгоомжгүй үйлдэл ямар их эрсдэл дагуулдаг гэдгийг иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс УИХ-ын гишүүн Ж.Баясгалангийн сэтгэлийн утсыг хөндөж, цөөн хором ярилцсан юм.

-Сэтгэлийн шархыг нь хөндөж, хүнд үеийг нь эргэн дурсаж байгаад уучлалт хүсье. Таныг автын ослын улмаас хоёр хөл дээрээ явах боломжгүй болсон гэдгийг хүмүүс мэддэг ч яагаад осолд орсон талаар нь тэр бүр мэддэг. Та тухайн үед чухам юуг буруу тооцоолсон юм бэ?

-Би бол тамирчин хүн. Тамирчин хүн ямар нэгэн спортыг сонгосноороо тэр спортын давуу болон сул талыг ойлгож, бодох ёстой юм билээ. Миний хувьд экстрим спортод илүү сонирхолтой. Жүдо бөх, бие хамгаалах урлаг, мото спортоор хичээллэдэг байсан. 2017 оны тавдугаар сарын 13-ны өдөр Монголын бартаат замын "Баха-250" уралдаанд оролцож байхдаа би аваарт орсон. Монгол хүн хүлэг мориноосоо уначаад морио муулдаггүй шүү дээ. Үүнтэй адилаар би ч гэсэн осолд орсныхоо дараа автомашинаа тэргээр сольж, амьдралынхаа алхаж явах, хүүхдүүдээ тэврэх тэр хүч чадлыг өвчтөний ороор сольчхоод энэ спортыг, автомашинаа муулахыг хүсдэггүй. Учир нь би эрсдэлээ тооцоогүйд л бүх зүйл байсан. Амжилтад хүрсэн хүн үргэлж ялалт өөд тэмүүлдэг. Яг л тэр үедээ ямар ч эрсдэл үүсэхгүй юм шиг боддог. Тухайн үед уралдааны замаа өмнөх өдөр нь үзсэн байсан ч маш жижигхэн тооцооллыг буруу хийж, хурдаа тохируулаагүйгээс болж, хурд хэд дахин үржигдэж, улмаар осолд болсон.

-Сүүлийн үед залуучууд мото спортоор хичээллэх нь элбэг болжээ?

-Залуучууддаа хандаж хэлэхэд мото спортоор хичээллэ. Энэ спорт бол маш сайхан спорт. Гэхдээ гудамжинд биш. Мото спортын залуус хэзээ ч гудамжинд уралддаггүй. Тэд техникийнхээ, өөрийнхөө чадварыг маш сайн мэддэг учраас хэзээ ч гудамжинд уралддаггүй. Хэрэв залуус маань давхимаар байгаа бол энэ спортоор хичээллэ, хурдаа бүү хэтрүүл гэж хэлмээр байна. Замын хөдөлгөөний дүрэм гэдэг бол зөвхөн таны өөрийн амь нас, эрүүл мэнд биш. Таны хайртай дотнын хүмүүсийнхээ өмнө хүлээх үүрэг. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа битгий хэтрүүлээрэй, анхаарал болгоомжтой зорчоорой л гэж дүү нартаа захимаар байна.

-Та ослын дараа БНСУ-д эмчлүүлж байхдаа гуравхан сарын настай гэж хэлсэн эмчдээ хандаж, "Энэ өвчнийг эмчилсэн анхны эмч нь та байх болно" гэж хэлж байсан гэдэг. Та энэ талаараа яриач?

-2017 оны долдугаар сарын 08-ны өдөр байсан санагдаж байна. Би ослын дараа Солонгост очиж хагалгаанд орж, хоёр сар эмчлүүлээд төлбөр маш өндөр гарсан учраас Монгол руугаа буцахаар болсон юм. Ингээд нутаг буцахаас хоёр хоногийн өмнө эмч нарын зөвлөгөөнөөр орсон. Тэр үед 10 солонгос эмчийн эсрэг талд би, миний эхнэр, аав, орчуулагч бид хэд л байсан. Би тэр үед амьдралаа хэзээ ч сонсож байгаагүй, хүнд мэдээг сонссон. Тухайн үед би оношоо мэдээгүй байсан л даа. Гэтэл эмч "Ж.Баясгалан та хүзүүний түвшин С4-төө гэмтсэн. Босох боломжгүй. Цаашдаа амьдрах боломжгүй. Гэхдээ амьд байх сайхан. Танд гурван сарын нас л байгаа" гэж хэлсэн юм. Тиймээс би бага ч атугай итгэл, найдвар олж авахын тулд эмчээсээ "Таны эмчилж байсан хүмүүсээс над шиг өвчтэй хүн эдгэрч байсан биз дээ" гэж асуухад "Харамсалтай нь байхгүй" гэж хариулсан. Тэгэхээр нь би "Ядаж дэлхийд байгаа биз дээ" гэхэд мөн л "Уучлаарай. Ийм гэмтэлтэй хүн эдгэрсэн, амьд үлдсэн тохиолдол байхгүй" гэж хэлсэн. Тэр үед үнэхээр хэцүү байсан шүү.

-Та тухайн үед чухам юу бодож байсан бэ?

-Би өөрийгөө бодоогүй. Дөрвөн хүүхдээ, ханиа, аав, ээж, найз нөхдөө л бодсон. Тэгээд би чадна, чадах ёстой. Би өөрийнхөө төлөө биш, тэр хүмүүсийн төлөө амьд үлдэж, тэр хүмүүсийн төлөө сайн сайхан амьдрах ёстой л гэж бодсон. Мөн би эхнэртээ "Би гайхамшгийг бүтээнэ" гэж амласан. Түүнийхээ төлөө одоо ч мөн зүтгэж л явна. Гайхамшгаа бүтээж чадаагүй ч гайхамшиг бий гэдэгт итгэсээр л яваа.

-Ослын дараа нэгэн лекцийн үеэр таныг хол дээрээ зогсож байгаа чинь хараад олон хүн баярлаж байсан. Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?

-Би даатгал гэдэг зүйл хүмүүст ямар хэрэгтэй зүйл байдаг юм бэ гэдгийг таниулахын тулд илтгэл тавьсан. Энэ илтгэлд ямар нэгэн зохиомол зүйл байгаагүй. Би өөрт тохиолдсон зүйлээ яриад хоёр хөл дээрээ зогссон. Ер нь зогсох маш хэцүү байдаг. Маш удаан хугацаанд бэлдэж байж зогсдог. Хөл дээрээ зогссоны дараа даралт унаж, бие их өвддөг. Гэхдээ зогсох мэдрэмж үнэхээр гоё. Өлсөж үзээгүй хүн талхны амтыг мэдэрдэггүй гэж. Өвдөж үзээгүй хүн сайн ойлгохгүй л байх. Гэхдээ зогсох мэдрэмж бол үнэхээр гоё.

Би УИХ-ын гишүүн болохоосоо өмнө хүүхдүүдэд лекц уншдаг байсан. 21 аймгаар тойроод лекц уншаад явж байхад хүүхдүүд "Та их азтай хүн юмаа. Та хөөрхөн эхнэртэй, сайхан мэргэжилтэй, таны кинонууд гоё" гэдэг байсан. Харин би тэд нарт "Та нар надаас илүү азтай. Яагаад гэвэл ямар ч хүн хүсээд та нарын насыг авч чадахгүй. Тийм гоё хүүхэд насандаа байна. Хоёрдугаарт та нар хэний ч туслалцаагүй гүйж, харайж байна. Алхаж байгаа хүн алхахын жаргалыг мэдэрдэггүй юм. Тиймээс энэ бол маш гоё аз жаргал юм шүү" гэж хэлдэг байсан.

-Хүүхдүүдийн хэлдгээр та үнэхээр хөөрхөн, сайн эхнэртэй шүү. Таныг тэр хүнд цаг үеэс энэ хүртэл түшиж байсан хүн нь таны эхнэрийг гэж боддог?

-Тэгэлгүй яах вэ. Хань гэдэг хүн хана мэт санагддаг. Өнөөдөр намайг энэ хэмжээнд авч яваа хүн нь мэдээж миний эхнэр. Миний эхнэрийг Мөнхтуяа гэдэг. Бид хоёр 21 жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд хань минь ээж шиг минь, эхнэр шиг минь, охин шиг минь бүх талаараа нөхөж явдаг маш сайхан эмэгтэй. Би монголынхоо бүх сайхан эмэгтэйчүүдийг энэ сайхан эмэгтэй шиг мундаг, хүчирхэг гэж боддог.

-Сүүлийн жилүүдэд иргэд холын замд явахдаа цаг нартай уралдаж, хурдаа хэтрүүлснээс, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол маш ихээр гарч байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Монголчууд жилийн дөрвөн улиралд амьдардаг учраас үргэлж яарч байдаг юм шиг байгаа юм. Гэтэл яарч, сандарч явснаас болж, ямар их эрсдэл гардаг гэдгийг тооцоолдоггүй. Уг нь монголчууд сайн явж ирэв үү гэдгээс биш хурдан явж ирэв үү гэдэггүй шүү дээ. 20 км-ын цагийн хурд хэтрүүлж явснаараа 500 км замд та магадгүй ердөө 30-хан минут л хожно. Гэхдээ энэ хурд нь эрсдэлийг 30 дахин ихэсгэж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй байгаа юм. Таны өөдөөс ирж яваа автомашины жолооч ч хайртай бүхнээ суулгаад зорчиж байгаа гэдгийг үргэлж бодож, хурдаа тохируулж, гэрлээ шилжүүлж, замын хөдөлгөөний дүрмээ л баримталж зорчиж байгаасай гэж хэлэхийг хүсэж байна. Мөн аялал зугаалга, амралтаар хөдөө орон нутгийг зорьж байгаа бол архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол хэзээ ч бүү автомашин жолоодоорой. Хэрэв тамын элч гэж байдаг бол энэ үйлдэл нь тамын элчээс өөрцгүй юм. Архи уусан хүний сэтгэн бодох чадвар, самбаачлах хурд өөрчлөгддөг. Энэ ч утгаараа та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол эргэн тойрондоо хутга барьсан алуурчнаас өөрцгүй аюултай. Тиймээс архи уусан үедээ хэзээ ч бүү жолоо бариарай гэж хэлмээр байна. Зам тээврийн осолд хэн ч зөвтөн байдаггүй. Бүгд хохирогч байдаг юм шүү.

ШИНЭ МЭДЭЭ