
Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчдийг танилцууллаа
УИХ-ын чуулганы /2025.06.19/-ний өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчдийг танилцууллаа.
Хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөх Г.Ганболд нэр дэвшигчдийн танилцуулгыг хийлээ.
Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Лхагвасүрэн овогтой Золзаяа нь
1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 48 настай. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлага, олон улсын худалдааны магистрын зэрэгтэй. Төрийн албаны албанд 23 жил 9 сар ажилласан туршлагатай, үүнээс Тагнуулын ерөнхий газарт ахлах ажилтан, тасгийн дарга, газрын орлогч дарга, Авлигатай тэмцэх газарт ахлах мэргэжилтэн, Гадаад харилцааны яаманд, БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газарт Консул, Тэргүүнээр ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын ахлах референтээр ажиллаж буй юм байна.
Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Цэнддаваа овогтой Амартөгс нь
1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай. Эдийн засагч мэргэжилтэй, төрийн удирдлага болон бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, төрийн албанд 25 жил (дэс түшмэлийн албан тушаалд 8.8, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 12, тэргүүн түшмэлийн албан тушаалд 4.7 жил) ажилласан туршлагатай, үүнээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын дарга, Төрийн албаны зөвлөлд хэлтсийн дарга, Ажлын албаны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Бадамдорж овогтой Төгсцэнгэл нь
1978 онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 47 настай. Эрх зүйч мэргэжилтэй, хуулийн магистрын зэрэгтэй, төрийн албанд 15 жил (Ахлах түшмэлийн албан тушаалд 8, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 5.5, тэргүүн түшмэлийн албан тушаалд 1 жил) ажилласан туршлагатай, үүнээс Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн шинжээч, референт, Хууль зүйн үйлчилгээний хэлтэс, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны референт, зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд өдгөө Улсын Их Хурлын Тамгын газрын Дотоод хяналтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалыг хашиж байна.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ТББХ-ны санал дүгнэлтийг танилцууллаа.
ШИНЭ МЭДЭЭ




