2025.06.18
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Ц Идэрбат: "Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу" үед иргэдийн гол асуудлыг шийддэг нь тэтгэврийн зээл. Үүнийг хааж, боох хэрэг байна уу!
УИХ дахь Нийгмийн бодлогын байнгын хороо 2025.06.18-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. /Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат асуулт асуулаа.
Байнгын хороодын нэг анхаарах ёстой нэг зүйл байна. Дараагийн байнгын хорооны хурлаар оруулах, 7 хоногийн хугацаанд бэлтгэлийг нь хангуулах зайлшгүй шаардлага байна. Энэ бол тэтгэврийн зээлийн нөхцөлийн асуудал байгаа. Тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлыг нэлээн удаан ярилаа. Шийдвэр гаргах байгууллагын шийдвэрээ гаргах хугацааг хүлээлээ. Гаргасан шийдвэр нь амьдралд төдийлөн нийцэхгүй, асар олон хүнийг бухимдуулсан шийдвэр байгаа. Энэ маань анх гарахдаа л төрийн байгууллагаас эх үүсвэртэй учраас бид үүнийг засах тал дээр анхаарах ёстой юм байна!
Нэгдүгээрт, тэтгэврийн зээлтэй холбоотой ийм шийдвэр яагаад гаргах болов?
Хоёрдугаарт, банк санхүүтэй холбоотой олон хууль тогтоомжууд гарч байгаа. Банкны хүү тэр дундаа бүр хамгийн эрсдэлгүй гэж үзэж байгаа тэтгэврийн зээлийн хүүг буулгах асуудал дээр Монгол банк ямар төлөвлөгөөтэй байгаа юм. Юу төлөвлөж байгаа юм. Хэзээнээс ямар үйл ажиллагаа явуулж эхлэх вэ?
Хүний амьдрал баян юм. Учир нь тэтгэврийн зээл гэдэг чинь үнэхээр л "дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу" үед иргэдийн гол асуудлыг нь шийддэг зээл юм байна. Тэгээд олон янзын л хүмүүс өдөр болгон, хэдэн арваараа мессеж бичиж байна. Ялангуяа цэргийн тэтгэврийнхэн чинь надаас залуу хүмүүс тэнд тэтгэвэрт гарчихсан, ямар нэгэн бизнес хийхэд эх үүсвэр болгоё, эрсдэлээ бид өөрсдөө хариуцъя, эмнэлэгт үзүүлмээр байна л гэнэ. Бас бизнесийн эргэлтийн зээл авчихмаар байна гэх мэт. Үүнийг заавал 70/30 эсвэл 50/50 гэх. Гол хясаад байгаа юм нь хугацаа. Заавал нэг жил гэх. 1 жилийн хугацаагаар авахаар тэр нь хүрэлцэхгүй байна. Ингээд л бизнес хийх ч хэцүү, байх ч хэцүү л юм руу ороод байна. Тэгэхээр энэ рүү анхаарлаа хандуулж, ярих нь зүйтэй юм. Бидний ярьж байгаа сэдэв бол нэг их гийгүүлээд байхаар сэдэв биш шүү дээ. 2026 оны Монгол Улсын төсөв дээр тэтгэвэр 6-8%-аар нэмэгдэнэ. Гэхдээ өнөөдрийн бидний ярьж байгаа сэдэв нь жоохон бололцоогоо өөрсдөдөө ашиглаад, амьдралын чанараа дээшлүүлэх орлогоо нэмэгдүүлэх, өөр олон ач холбогдолтой зүйлүүдэд нь хаалт тавих хэрэг байна уу?
ШИНЭ МЭДЭЭ


