
МОНГОЛ ХҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ МОНГОЛЫН ТӨР АЖИЛЛАХ ЁСТОЙ
УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд дарга Б.Бат-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболдын санаачлагаар Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчиж буй болон тус улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол улсын иргэдийн зарим эрхийн хэрэгжилт сэдэвт уулзалт Төрийн ордон, Үндсэн хууль танхимд боллоо.
Уг уулзалтанд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд, Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол мэдээлэл шалгах хэлстын дарга Г.Ууганбаатар болон иргэдийн төлөөлөл оролцож 2025 оны 05 дугаар сарын 19-өөс 31-ний хооронд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс дээр ирсэн БНСУ-ын хил дээрээс буцаагдсан, хүний эрх ноцтой зөрчигдсөн иргэдийн гомдолыг хүлээж авч холбогдох байгууллагуудын байр суурийг сонсов.
Монгол улсаас БНСУ руу зорчсон иргэдийн тоо 2023 оны байдлаар 147 мянга байсан бол 2024 оны байдлаар 169 мянга болж өсжээ.
Хүний Эрхийн Үндэсний Коммист нийт 33 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн бөгөөд тухайн гомдолд чөлөөтэй зорчих, халдашгүй чөлөөтэй байх, эмнэлгийн тусламж авах, хохирол нөхөн төлүүлэх болон хүүхдийн эрхийн ноцтой зөрчил гарсан байна.
Хүний Эрхийн Үндэсний Комисс нь дээрх асуудлыг судалж, иргэдийн гомдлыг БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисст уламжлах, хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлүүлэх, олон улсын хүний эрхийн механизмд хандуулах зэргээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна гэж Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол мэдээлэл шалгах хэлстын дарга Г.Ууганбаатар уг илтгэлдээ дурдав.
Түүнчлэн 2025 оны 6 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд болох “Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” бүсийн форумын үеэр хоёр улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хооронд шинэ санамж бичиг байгуулж, иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах, гомдолд зохих анхаарал хандуулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.