С.Эрдэнэболд: Ажилдаа ормогцоо намчирхаад, халаа сэлгээ хийж ялгаварлан гадуурхсан сайдыг онцолж байгаад огцруулна шүү!
УИХ-ын чуулганы /2025.06.17/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж сайд нарыг танилцууллаа. Улмаар Ерөнхий сайд захирамжаа гардуулан 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Г.Занданшатар Ерөнхий сайдыг оруулаад 20 сайдтай Засгийн газар. 10 нь өмнөх ЗГ-аас шилжиж орж ирж байна. 38-аас 61 насны 19 сайд насны хувьд харьцангуй залуу. Сэтгэл дундуур байгаа зүйл бол эмэгтэй сайд нарын тоо хоёрхон байна. Т.Аубакир гишүүний хувьд үндэсний цөөнхөөс кабинетад оруулж байгаа нь сайшаалтай. Нэг зүйлийг хэлэхэд энэ бол Монгол төрийн Засгийн газар шүү! Монгол Улсын ЗГ шүү. Аль нэг намын хэвгий явах ЗГ биш шүү. Ажил үйлстээ өсөрхөж биш жудагтай хандаарай гэдгийг бүр эхэнд нь захиж хэлмээр байна. Оччихоод баахан бужигнуулаад л, намчирхаад л халаа сэлгээ хийгээд байвал ялгаварлан гадуурхсан сайдыг онцолж байгаад огцруулна шүү гэдгийг эхнээс нь хэлчихье. Утсаа оролдоод байгаа сайдууд наашаа түр харчих. Өмнөх ЗГ АН, Ардын нам, ХҮН намын мөрийн хөтөлбөр 85,9%-ийн ижилсэлттэй гэж байсан. Энэ мөрийн хөтөлбөр нь үргэлжлээд явах юм байна. Энэ мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлээд яах вэ. АН-ын 8 сайдыг хасч засгаас гаргасан ч томилгоогоор орсон хүмүүсийн эрхийг нь хамгаална шүү. Монгол төрд хэтэрхий намчирхахаас илүүтэй бодлого явахын тулд хүмүүсийг битгий ялгаварлан гадуурхаарай гэж хүсье.
Хоёрдугаарт, П.Сайнзориг гишүүн хэлээд байна. Хоёрхон сайд л ажилласан бодлогоо оруулж ирсэн гэж. Ийм зүйл байж болохгүй шүү. Ц.Туваан нарын бодлогынхоо юмнуудыг оруулсан хүмүүс зөндөө байгаа шүү. Манай С.Одонтуяа сайд гэх мэт. Энэ бүхнийг нь өнгөрсөн цаг хугацаанд нь зөв дүгнээд үлдээхгүй, араас зөв буруу байдлаар нэхээд, яриад байвал бид ч улс төр ярьж чадна шүү гэдгийг хэлье. Ерөнхий сайдаас асуух зүйл нь ёс зүйн шалгуурыг та кабинетдаа хэр зэрэг тавьж байгаа юм бэ. Нэр цэвэр байдлын шалгуурыг хэр тавьж байна? Энэ 2 асуултад хариулт авъя.
Бас нэг хүсэлт байна. Монгол Улс бол парламентын засаглалтай улс. Парламентын гишүүд ард түмнийг төлөөлж байгаа. Гэтэл ЗГ-ын гишүүд цул алтан тэмдэг зүүдэг. Энд байгаа ЗГ-ын гишүүдийн энгэр дээр цул алтан тэмдэг байгаа. УИХ-ын гишүүд яадаг вэ гэхээр 350 мянган төгрөгийн үнэтэй мөнгөн зүүлттэй байдаг юм. Учир нь цаагуураа алт мөнгөөр ялгаад ЗГ-ын гишүүд нь илүү чухал юм байна гэдэг ойлголтыг төрүүлэх шинжтэй. Энэ бол бэлгэдлийн төдий зүйл биш харагдац, илэрхийлэмж байгаа юм. Тийм учраас ЗГ-ын шинэ гишүүдийг алт биш үнэт металл биш энгэрийн тэмдэг зүүлгэх ёстой.
Ж.Чинбүрэн сайд олон зүйл дээр Т.Мөнхсайхан сайдтай маргаж байхыг харсан юм аа. Та утааны сонсгол удирдсан, зовлон бэрхшээлийг нь мэдэж байгаа хүн урагшаа харж ажиллаарай. Т.Мөнхсайхан сайдын зөвийг нь аваад, шинэчлэлээ зөв хийгээд яваарай гэж хүсье. Яагаад гэхээр хүний эрхийн асар хүчтэй асуудлууд байгаа. Наадмын дараа намар. Хүйтэрнэ, дахиад л утааны асуудал орж ирнэ.. Тэгэхээр улсын төсвийн 6%-ийг эрүүл мэндтэй тэнцүүлэх ажлыг үе шаттайгаар хийнэ гэсэн мөрийн хөтөлбөрийг бүр үхэн хатан ар араас нь хэрэгжүүлж яваарай гэж хүсэж байна. Энэ дээр та ямар итгэл үнэмшилтэй байна?
Л.Мөнхбаатар сайд хүний эрхтэй холбоотой асуудлууд, багц хуулийн асуудлууд, энэ жил хүний эрхийн үндэсний 2 дугаар хөтөлбөр орж ирэх гээд маш олон асуудлуудыг О.Алтангэрэл сайд оруулсан. Та энэбодлогын одоо залгамж холбоог яаж авч явах вэ гэсэн асуултад хариулт авъя. Эцэст ньхэлэхэдЕрөнхий сайд санал тавьсан учраас л би орж байна гэсэн жүжиг хэрэггүй. Улсынхаа төлөө хүчин зүтгэж ажиллаарай. Бүгдэд нь амжилт хүсье!
Түүний асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Ж.Чинбүрэн, ХЗДХ-ийн сайдад нэр дэвшигч Л.Мөнхбаатар нар хариуллаа.