Ц.Мөнхтуяа: Сүүлийн 30 жилд Монголын төрийн эрх баригчдын явж ирсэн замнал өөрсдөө суудалтай болчихвол ард иргэдээ мартдаг, энэ ёс зүйгүй байдлыг хэзээ зогсоох вэ!
УИХ-ын чуулганы /2025.06.17/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж сайд нарыг танилцууллаа. Улмаар Ерөнхий сайд захирамжаа гардуулан 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдлаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа дараах байр суурийг илэрхийллээ.
Хонь бүрэн чоно цатгалан гэдэг шиг л юм болох гээд байна.Ер нь бол сүүлийн 30 жилд манай Монголын төрийн эрх баригчдын явж ирсэн замнал ерөөсөө л өөрсдөө нэг сандал суудалтай болоод л авчих юм бол ард иргэдээор тас мартдаг. Тэгээд 4 жилийн дараа нэг сонгуулийн санал авахын тулд очоод гэнэт хайр зарлаад явчихдаг. Энэ ёс зүйгүй байдлыг хэзээ зогсоох юм бэ. Бүх хүнээс, бүх гишүүдээс, Ерөнхий сайд Г.Занданшатараас нэг асуулт байна. Төрийн албанд 20-40 жил өөрийн амьдрал, залуу нас, эрүүл мэнд бүх зүйлээ зарцуулаад ажиллаад тэтгэвэртээ гардаг. Тэтгэвэрт гарахдаа 36 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг. Энэ тэтгэмжийг зогсооно гэсэн цуу яриа гадуур яваад байна. Үүн дээр та зогсоох уу, үгүй юу Ерөнхий сайдын хувьд бодит үнэн хариултыг өгнө үү.
Салбарын сайд П.Наранбаяр сайдаас асууя. Улс орны хөгжлийн тэргүүлэх салбар нэг сая гаруй хүүхэд сурдаг 100 гаруй мянган хүн ажиллаж ажиллаж байгаа энэ том салбарыг манай П.Наранбаяр сайд тэргүүтэй хүн намын нөхдүүд маань самарлаа. Боловсролын багц хууль 2023 оны 7 сарын 7-ны өдөр батлагдсан. Энэ хуулиар боловсролын салбарт 6 реформын шинжтэй, 6 өөрчлөлт явагдаж байсан. Л.Энхамгалан сайдын үед боловсролын засаглал, боловсролын хөтөлбөр, боловсролын санхүүжилт, багшийн хөгжил, боловсролын үнэлгээ, цахим шилжилт гээд 6 чиглэлээр. Харамсалтай нь энэ зургаа зогсох нь зогсоод, ухрах нь ухраад, дампуурах нь дампуурсан гэж салбарын экспертүүд мэргэжилтнүүд, багш нар хэлж байна. Үүнийг би хэлээгүй. Засаглал дээр Боловсролын судалгааны үндэсний төв. БҮТ, зээлийн сангийн байгууллага дээр мэргэжлийн бус, улс төржсөн томилгоог хийсэн гэдгийг танай боловсролын салбарынхан над руу бас хэлдэг шүү, Наранбаяр сайд аа. Би зохиогоод яриад байгаа юм биш.