МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.13
Улстөр

С.Цэнгүүн: Чимээгүй тахал болсон хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг та юу гэж харж байгаа вэ?

УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

Та ард түмний нуруун дээрээс татварын дарамтыг авч хаях цогц реформ хийнэ гэж хэлсэн. Тэгснээ өнөөдөр ахиад ард иргэдэд учирч байгаа татварын дарамтыг бага болгож тансаг хэрэглээний болон хэт өндөр орлоготой иргэдэд ноогдуулах татварыг нэмэгдүүлж тэгш шударга нөхцөлийг хангана гээд бас хэлчихлээ. Таны бодлоор хэт өндөр орлоготой хүмүүс гэж хэлж байна вэ? Хэт өндөр орлоготой хүмүүс гэдэг чинь хувиараа бизнес эрхлэгчид байгаа. Бүтээмжтэй чадварлаг ажиллаж чаддаг гүйцэтгэх захирлууд, менежерүүд байгаа. Уул уурхайн салбарт ээлжээр ажиллаж байгаа уул уурхайн салбар буюу Монголын эдийн засгийг авч яваа энэ хүмүүс байгаа юмТүүнээс биш өндөр цалин авах боломж манайд байхгүй. Харин Засгийн газрын аль нэг яам агентлагт ажиллаж байгаа 1-2 сая төгрөгийн цалингаас илүү мөнгө авдаггүй хэрнээ тэрбумтан үр хүүхэд нь үнэтэй гадаадын том сургуулиудад сураад явдаг. Хаанаас яаж мөнгөө олдог нь тодорхойгүй хүмүүс л байгаа. Тэгэхээр төрийн албаны дунд шатын авлигачидтайгаа та тэмцэнэ гэж хэлбэл илүү шударга ёсыг бий болгох юм биш үү. Ил тодоор татвараа төлөөд яваад байгаа хүмүүсийн тэр татварыг нь ахиж нэмнэ гэж ярих эрх бол байхгүй гэж бодож байна. Илүү бүтээмжтэй сайн ажиллаж байгаа хүмүүсээ бид нар шийтгээд. Нийтээрээ ядуу байх бодлого баримтлаад явах юм уу? Монгол Ардын Нам өмнө нь ч гэсэн энэ бодлого хэрэгжүүлж байсан. Тэрнийх нь үр дүнд залуучууд нь эх орондоо хийж бүтээе гэж бодохгүйгээр яршиг гадагшаа явъя л гэж боддог. Өнөөдөр бид нар бүх залуучуудаа алдаж байгаа шүү. Тэгэхээр таны яриад байгаа либерал бодлого, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого биш. Тийм учраас та энэ бодлогоо татаж аваарай гэж хүсмээр байна.

Хоёрдугаарт нь надаар дамжуулж Монгол Улсын залуучуудаас ирсэн асуулт. Чимээгүй тахал болсон хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг та юу гэж харж байгаа вэ? Монгол улсын хэмжээнд 2017-2022 оны хугацаанд мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 939 гэмт хэрэг, 1173 сэжигтэн бүртгэгдсэн байна. Энэ тоо улам нэмэгдэж байгаа. Нийт холбогчдын 92% нь 35-аас доош насны оюутан залуучууд, хүүхэд багачууд орж байна. Өнөөдрийн байдлаар 200 орчим хүн ял эдэлж байна. Тэгэхээр Монгол Улс маань тээвэрлэгч биш бүр хэрэглэгч орон болсон. Та энэ тал дээр ямар төлөвлөгөө байна вэ? Хэрхэн энэ төрлийн гэмт хэрэгтэй бодитоор тэмцэх вэ? Мансуурах бодисын ангилалыг юу гэж хардаг вэ? Маривана болон Канибасын төрлийн ургамлууд дээр ямар байр суурь баримталж ажиллах вэ?

 Түүний асуултад, Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ