МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.13
Улстөр

Ц.Идэрбат: 6-р сарын 9-нд болох байсан Зүүн бүсийн зөвлөгөөн цуцлагдаж, хийхээр төлөвлөгдсөн олон ажлууд битгий цалгардаасай

УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Улс оронд үүсээд байсан нөхцөл байдал, дараагийн Ерөнхий сайд хэн байх нь вэ? Манай нам ямар шийдвэр гаргах нь вэ гээд олон асуултын хариултаа авч байна. МАН-ын Бага хурал нь дотоод ардчилалтай, нэлээн илэн далангүй байж, 50 гаруй гишүүд улс орон, орон нутагтай холбоотой асуултуудын хариултаа нэр дэвшигчдээс тодорхой авсан.

УИХ-ын 80 гаруй гишүүний асуултыг нэг бүрчлэн сонслоо. Хариултыг ч мөн адил. Ард түмэн биднээс татварын шинэчлэл, баялгийн сан, тэгш хуваарилалт, авлигал гээд энэ олон асуултын хариуг хүсэж байгаа. Монгол улсын Ерөнхий сайдаар хэрвээ та сонгогдвол энэ асуудлууд дээр ямар байр суурь баримтлах вэ гэдгээ нэлээн тодорхой илэрхийллээ. 2 хурал дээр хэлсэн хариултыг харьцуулахад Бага хурал дээр ярьсан зүйл их хурлын чуулганы танхимд яг л тиймээрээ хариулагдаж байна.

Нөгөө талдаа та 20 гаруй жил Монголын улс төрд, Монгол төрийн олон чухал албыг хашиж явсан хүн. Таныг парламентын даргаар ажиллаж байх үндсэн хуулийн өөрчлөлт буюу баялгийн сангийн асуудал орж ирсэн. 2022 оны Эрүүгийн хуулийн авлигалтай холбоотой хатуу санкцууд орж ирсэн. 2024 оны баялгийн сангийн хууль амар биш байсан ч парламентын босгыг давуулаад л ороод ирсэн. Тэгэхээр таны энэ 2 хурал дээр хэлсэн үг өнгөрсөн парламентын танхимд байхдаа хийж хэрэгжүүлж байсан ам ажлын зөрүү харагдахгүй байна гэж эдгээр өдрүүдээс харагдаж байна. Сарын дараа наадам, наадмын маргааш намар бидний өмнө олон тулгамдсан асуудлууд бий. Цаг алдахгүй ажилдаа орно гэж байна. Амжилт хүсье, дэмжинэ гэдгээ илэрхийлье.

Нөгөө талдаа бид ардаа сонгогчидтой. Энэ 2028, 2024 оны сонгууль олон онцлогтой болсны нэг нь бол энэ бүсчилсэн хөгжил. Манай зүүн бүсийн хувьд түүхэн аялал жуулчлал МАА, дээрээс нь бүсийн өөрийнх нь онцлог энэ 2 том хөрштэйгөө хиллэдэг 7, 8 боомттой гээд олон онцлогуудыг агуулсан зүйл ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр дээр томоохон зорилтууд болж туссан. Энэ зургадугаар сарын 9-ний өдөр зүүн бүсийн зөвлөгөөн болох байлаа. Энэ үеэр зүүн бүсийн олон асуудлууд шийдэгдэх байв. Тиймээс зөвлөгөөн хийгдээгүйгээс болоод төлөвлөгдсөн олон ажлууд битгий цалгардаасай гэж хүсэж байна. Зүүн бүсийн ард иргэд маш их том хүлээлттэй байгаа гэдгийг Ерөнхий сайдаар сонгогдоод анхаараасай гэж бодож байгаагаа зориуд хэлмээр байна.

ШИНЭ МЭДЭЭ