МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.13
Улстөр

Д.Рэгдэл: Эрдэм шинжилгээний ажлын жилийн зардал нь Туулын хурдны замыг 100 метр барих зардалтай л тэнцэж байна

УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл: 

Монгол Улсын хувьд Г.Занданшатар дарга бол ШУА-ийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд шинжлэх ухаан технологийн салбараа нэлээн сайн мэддэг гэж би ойлгодог. Өнөөдөр Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын 1 сая хүнд ноогдох ЭША-ын тоогоороо Азийн дунджаас 3 дахин бага байна. ДНБ-ий хувиар манайх 0.1% байдаг нь дэлхийн дунджаас 20 дахин бага гэсэн үг. Нэг хүнд ноогдох судалгаа хөгжүүлэлтийн зардлаар БНХАУ-тай харьцуулахад 61 дахин бага. Тэгэхээр бид энэ шинжлэх ухаан технологийн өрсөлдөөнд үндсэндээ оршин тогтноход маш хэцүү болж байгаа. Тэгэхээр энэ ЗГ-ын 24, 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шинжлэх ухаан технологийн арга хэмжээний зардлыг ДНБ-ий нэг хувьд хүргэнэ гээд заачихсан байгаа. Та үүнийг хэлбэрэлтгүй барьж байгаад 28 онд энэ хувьд нь хүргээдэх юм бол салбар эрс хурдан сэргэх юм. Тэгэхээр судалгаа хөгжүүлэлтийн ажилд шууд өгдөг зардал, өөрөөр хэлбэл эрдэм шинжилгээний ажлын жилийн зардал нь сүүлийн 15 жилийн дунджаар аваад үзэхэд Туулын хурдны замыг 100 метр зам барих зардалтай л тэнцэж байна. Туулын хурдны замд төсөвлөж байгаа 100 метр зам барих мөнгөөр шинжлэх ухаан технологийн салбараа авч явж байна.

2 дахь нь хөдөөгийн хөгжлийн асуудал. Бид хөдөөг соёлжуулан хөгжүүлэх үү эсвэл тэгсхийгээд байлгаад байх уу гэдэг ийм л замын голд байна. Олон жил энэ хэмжээндээ байгаа юм. Миний бодлоор сумын төвийг аймгийн төвтэй авто замаар холбох, цаашдаа сумын төвүүдийг холбох асуудлыг ер нь нэг анхаарч үзмээр байгаа юм. Жишээлбэл, дунджаар бодоход 4 сумын төвийг аймгийн төвтэй холбоход 600 орчим тэрбум төгрөг орж байгаа юм. 150 км зам барина гэж бодоход сумдын төвд инженерийн дэд бүтэц төвлөрсөн халаалтын систем хийвэл 110-аас 120 сумын төвийг 600 тэрбум төгрөгөөр хийх юм. Өдөрт 10 машин явдаг замыг барих гэж улайран хөөцөлдөж байхын оронд энэ инженерийн дэд бүтцийг хийвэл илүү үр дүнтэй ажил болно, соёлжино.

Сургуулийн цэцэрлэг, дотуур байрны хүүхдүүдийн ариун цэврийн байгууламж жинхэнэ бодит утгаараа ажиллаж эхэлнэ. Хүүхэд бүр хар багаасаа ийм байгууламж ашиглаж сурна гээд ач холбогдол ихтэй.

3-т Бид сүүлийн 20 гаруй жил хүртээмжтэй эдийн засгийн сууриа огт тавьсангүй хөгжлийн тулгууруудаа ерөөсөө бэхжүүлсэнгүй. Үүний гол зангилаа асуудал нь ядууралд байдаг юм байна аа. Сүүлийн 20 гаруй жил ядуурлын түвшин үндсэндээ 30%-тай. 27-оос 30%-ийн хооронд хэлбэлздэг. Ядуу хүмүүсийн тоо хүн амын өсөлтөө дагаад улам өсөн нэмэгдээд байдаг. Энэ ядуурлаа бууруулахгүй бол дундаж давхарга гэж түм яриад ямар ч нэмэр байхгүй. Нөгөө талаас баян чинээлэг давхарга хэзээ ч дундаж давхарга руу орж бараг ирэхгүй, нөлөөлөхгүй. Ядуурлын түвшнээс хүмүүсээ гаргаж авч байж дундаж давхаргаа бодитой бий болгож улс орны хөгжлийг тогтвортой авч явах суурийг тавина гэдэг нь бол ойлгомжтой. БНХАУ 15 жилийн дотор 600 сая хүнээ ядуурлаас гаргасан. Та Ерөнхий сайд болчих. Энэ ЗГ-ынхаа холбогдох хүмүүсийг Хятад руу явуулаад энэ арга барилыг нь судлуулаад энэ ажлыг бодитоор хийхгүй бол бид дундаж давхаргагүй болох нь.

ШИНЭ МЭДЭЭ