МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.12
Улстөр

С.Зулпхар: Дэлхий нийтийн геополитиктэй уялдуулж Бүс ба зам, Шинэ торгоны зам, Дундын коридор санаачилгуудтай нэгдэх боломж бий юу?

УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн С.Зулпхар:

Монгол Улсын Ерөнхийлөгчөө Монгол Улсын Ерөнхий сайдад санал болгож байгаа Гомбожавын Занданшатарыг улс төрийн туршлагын хувьд, төрийн албаны туршлагынх нь хувьд, хувийн хэвшилд санхүү, эдийн засгийн бодлогын чиглэлээр ажиллаж байсан туршлагынх нь хувьд, цаашлаад гадаад харилцаа, геополитикийн мэдлэг туршлагынх нь хувьд, нөгөөтэйгүүр эрдэм судлалын чиглэлээрх туршлагынх нь хувьд дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

3 асуулт байна. Нэр дэвшигч маань хөдөлмөрлөлтийг дэмжинэ хэмээн тодорхой саналуудыг хэлж байна. Үүнийг онцгойлон дэмжиж байна.

1.Атрын-4 аяныг хэрэгжүүлээд тодорхой хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд үр дүнгүүд гарч байна. Орон нутгаар яваад үзэхэд газар тариаланг дэмжих чиглэлээр олгож байгаа зээлийг дунд нь олгож байгаатай холбоотойгоор Бүсийн өөрийнх нь өрсөлдөх чадвараас хамаараад ААН-үүдийн зарим нь энэ зээлийг авч чаддаггүй талаар санал ирж байна. Баруун бүсэнд газар тариалан харьцангуй сул хөгжсөн учраас Төвийн бүстэй өрсөлдөөд зээл авахад хүндрэлтэй байдаг. Цаашдаа Засгийн газраас Атрын-4 аяныг хэрэгжүүлэх хүрээнд Бүсийн онцлогтой зээлийн багцуудыг гаргах боломжтой юу?

2. Монгол Улсын Засгийн газар 2025 оны 4-р сарын 2-ны өдөр 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарлачихсан. Үүнтэй уялдаж ЗГ-ын тогтоол гарсан. Тогтоол дээр бүх зүйл тодорхой байна лээ. Хэдий төсвийн байдал хүндрэлтэй байгаа ч ирэх жилийн боловсролын төсөв дээр, ялангуяа мэргэжлийн боловсролыг дэмжих замаар хөдөлмөрлөлтийг дэмжих чиглэлийн бодлого хэрэгжүүлэхэд анхаарах шаардлага бий. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

3. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлт гэсэн томоохон зорилт тавиад бид тодорхой үр дүнд хүрчихлээ. Сайн үр дүн гарч байна. Цаашид боомтуудаа нээх, байнгын ажиллагаатай болгох, хатуу хучилттай автозамаар холбох зорилтууд тавигдсан. Энэ хүрээнд бидний тавьсан зорилтуудыг үлдсэн хугацаанд биелүүлэх боломж байна уу?

Та бол геополитик маш сайн мэддэг хүн. Дэлхий нийтийн геополитиктэй уялдсан байдлаар Бүс ба зам санаачилга, Шинэ торгоны зам, Дундын коридор байна. Ийшээ нэгдэх боломж бий юу? Ийм шаардлага бий юу? Үүний бэлтгэлийг ойрын хугацаанд хангах боломжтой юу?

Түүний асуултад Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ