
ХҮҮХДИЙН БАЯР ...
УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Миний үеийнхэн жил бүрийн 6 сарын 1-нийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэхээс илүү Хүүхдийн баяр гэж нэрлээд сурчихсан байдаг. Хүүхэд байхад Бамбарууш, Жаргалан гэдэг нэртэй ресторан, кафе байдаг гэнэ, Хүүхдийн паркын алсыг харагч гэж тэнгэрээс юм шиг бүхнийг ил хардаг тоглоом бий гэнэ. Хотоос ирсэн хүүхдүүд Элдэв-Очирын кино театрт кино үзлээ...Ийм яриа бол хөдөөгийн хүүхэд багачууд бидэнд мөрөөдөл шиг сонсогдоно.
Манайх 11 хүүхэдтэй ч гэсэн ээж, аав хоёр хирэндээ хичээж хөөрхөн тэмдэглэнэ. Нэг жил хайрцаг орос алим, молоко, орос чихрийн цуглуулга гээд биднийг сайн эрхлүүлсэн. Аав нанжин Хатгал руу тээвэрт явсны ач. Хашаагаар чихрийн цаас хийсээд л, халаасанд чихэр түнтийгээд. Гудамны хүүхдүүдтэй л хувааж иддэг байлаа.
Аав намайг ахлах ангид орох жилийн Хүүхдийн баяраар Солонгосын гурван канттай биеийн тамирын хувцас авч өгсөн нь санаанаас гардаггүй. Би их л баярлаж байж билээ. Удаан ч өмссөн. Ээж алдарт эхийн 1, 2 дугаар одонгоо хуучны 22-ын том хээтэй торгон дээлэн дээр зүүхээр хичнээн гоё харагддаг байсан юм бэ дээ.
Бид ээж ааваас жавтий хүртэхдээ хүртэж, ах эгч нарынхаа үгнээс гарахгүй гэр бүлийн хэн нь ямар ажил хийхэв гэдэг дүрэмд захирагдаж өссөн. Ямар ч ажил даалгасан шурдхийнэ. Жаахан алгуурлах юм бол загнуулна. Хам хум хийвэл зэмлүүлнэ. Ингэж л бид хүн болсон. Хүн ажил хийж байж ам хөдөлгөнө гэдгийг ойлгуулж өсгөсөн.
Одоо ч орос алимны үнэрээ мартаагүй. Бидний хүүхэд насны дурсамжид танзуур, молоко, цагаан самар, улаан ус том байр суурь эзэлдэг. Угаасан цамцаа өмсөж, ахаас уламжилж ирсэн пүүзээ углачихаад гүйж явсан бидний үеийн ХҮҮХДИЙН БАЯР сэтгэлд минь одоо ч тодхон байна гэв.
ШИНЭ МЭДЭЭ

