НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА

Энэ онд нийслэлийн ойн 208 га талбайд цэвэрлэгээ хийгдэнэ
2025.05.23
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Энэ онд нийслэлийн ойн 208 га талбайд цэвэрлэгээ хийгдэнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар 2025 оны нийслэлийн ойгоос бэлтгэх модны хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Тус асуудлыг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин танилцуулав.

Энэ онд цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээгээр 208 га ой дахь хатсан мод, унанги, гишүү мөчрийг цэвэрлэн 60 шоометр хэрэглээний мод, 4400 шоометр түлээний модыг бэлтгэн иргэдийн түлшний хэрэгцээг хангахаар төлөвлөжээ. Засгийн газрын 2020 оны 184 дүгээр тогтоолоор батлагдсан Ойгоос бэлтгэж ашиглах 1 шоо метр түлээнд ногдуулах төлбөрийн хэмжээ 5920 төгрөг, хэрэглээний модонд ногдуулах төлбөрийн хэмжээ 17102 төгрөг байна. Тэгвэл энэ жил ойгоос түлшний мод бэлтгэсний төлбөрийн орлого 27.1 сая төгрөгийг бүрдүүлж нийслэлийн төсөвт оруулахаар төлөвлөжээ. Ойн цэвэрлэгээг хийснээр экологийн төлөв байдал сайжирч түймэр, ойн хөнөөлт шавж тархах нөхцөлөөс урьдчилан сэргийлнэ гэдгийг албаныхан онцлов.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Энэ удаа зөвхөн материалыг цахимаар хүлээж авна. Зөвхөн хайгуулын зөвшөөрлийг өгнө. Үүний дараа Зөвлөлөөр хэлэлцэж, Хөнгөн үйлдвэрийн яам руу шилжинэ. Тиймээс бүх компаниудад шат шатны хяналт тавигдаад явна” гэв. Ийнхүү 2025 оны нийслэлийн ойгоос бэлтгэх модны хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцэж НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа.

ШИНЭ МЭДЭЭ