МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.05.23
Орон нутгийн хөгжил

Д.Батлут: Хууль хоорондын зөрчил үүссэн зэрэг бэлтгэл ажил дутуугаас Хот тосгоны тухай хуулийг 1 жилээр хойшлуулсан

УИХ-ын чуулганы /2025.05.23/-ны өдрийн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын асуултад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Д.Батлут хариуллаа.

УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гарч ажилласан. Монгол Улсын Засгийн газрын хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлын тайлан мэдээллүүдийг авч сонссон. Засгийн газар ч нэг ижил байр суурьтай, ажлын хэсэг ч нэг ижил байр суурьтай буюу нэг жилээр хойшлуулъя гэсэн санал оруулсан.

Яагаад гэхээр бид бүхэн хуулийн хэрэгжилттэй холбоотой зарим нэг асуудлууд дээр анхаарах шаардлага байна.

Нэгдүгээрт, Ц.Сандаг-Очир гишүүний хэлдэг зарим орон нутгийн хилийн эргэлтийн цэгийг тодорхой болгох, хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөг батлах зэрэг асуудал байгаагаас гадна зарим нэг хуулийн зөрчилтэй холбоотой асуудлууд үүсэх магадлалтай гэж харсан. Тухайлбал, Дархан-Уул, Орхон аймаг зэрэг газруудын нутаг дэвсгэрийг дагнасан хот бий болгоно гэхээр сум, багийн ИТХ, Иргэдийн нийтийн хуралтай холбоотой асуудлыг хэрхэх вэ гэдэг зохицуулалт байхгүй. Нэг ёсондоо төлөөллийн зарчим алдагдаад, цаашлаад Үндсэн хуулийн цэц, үндсэн хуулийн зөрчил рүү явах нөхцөл байдлууд үүснэ гэж харж байгаа. Тийм учраас хууль хоорондын зөрчилтэй холбоотой, тухайн газар нутагтай холбоотой асуудлыг хууль эрх зүйн хүрээнд нь зохицуулж болох уу гэдгийг шийдвэрлэсний дараа энэ хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр ажиллахгүй бол болохгүй байна. Тиймээс бэлтгэл ажил зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэн.

ШИНЭ МЭДЭЭ