Ц.Мөнхтуяа: Төрийн албан хаагчид эмч багш нарын цалин, ахмадын тэтгэвэр, ахуй амьдрал нь ямар байгааг дарга, сайд нар мэдэх үү, хэзээ цалин нь амьдралд нь хүрэхээр болох вэ!
УИХ-ын чуулганы /2025.05.23/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа дараах байр суурийг илэрхийллээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл 2026, 2027, 2028 онуудад улсын эдийн засаг, санхүүгийн байдал, нөхцөл байдал ямар байх вэ. Ард иргэдийн амьдралд хэр наалдах вэ гэсэн төсөөллөө хэлэлцэж байна. Тийм учраас ард түмний ахуй, амьдралтай холбоотой асуултыг ард түмэнд ойлгомжтой энгийн үгээр асууя. Энгийн үгээр тайлбарлаж хариулж өгөөрэй.
Нэгдүгээрт,
ирэх онуудад ард түмний нуруун дээр дарамт болж байгаа татварууд болох ААН-ийн ОАТ, ХХАОТ, НӨАТ -ыг яаж бууруулахаар тооцож байгаа вэ? Сонгуульд өрсөлдөх болохоороо бүгдээрээ татвар бууруулна гэж бүгдээрээ ам,амандаа шаарддаг хэдий ч яг энэ төсөөлөл дээр чинь татвар бууж байгаа юм бол харагдахгүй байна.
Хоёрдугаарт,
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнийн өсөлт буюу инфляцын түвшин 8,2%-тай байхаар тооцсон байхад 7%-тай байна гээд оруулаад ирсэн байна. Гэтэл бодит байдал дээр инфляц маш их өсөж байгаа. 8-9 жилийн өмнө МАН-ынхан доллар 1700 төгрөг боллоо гээд 17 боодол нэгтийн дэвсгэрт бариад орилцгоогоод байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр долларын ханш 3600 төгрөг болчихсон. Энэ зун, өвөл, хавар, намар доллар дахиад яаж нэмэгдэхийг би бол мэдэхгүй байна. Та нарт мэдэж байгаа юм байна уу.
Гуравдугаарт,
Төрийн албан хаагчдын цалин, өндөр насны тэтгэвэр, бусад тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ л гээд байнга лоозогносон маягтай ярьдаг болсон. Шавхруу дусааж байгаа юм шиг 6-7хувь л нэмэх юм байна. Ер нь бол энэ төрийн албан хаагч ахмадын цалин тэтгэврийг, эмч, багш, үйлчилгээний жирийн албан хаагчдынхаа ахуй амьдрал ямар байгааг дарга, сайд нар ер нь мэдэж байна уу? Олон жил ингэж явсан ойлгох болоогүй юу? Хэзээ ард иргэдийнхээ гар дээр хүн шиг амьдрах цалинг тавьдаг болох юм бэ?