Хотын дарга Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайд нарын төлөөлөлтэй уулзлаа
2025.05.21
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Хотын дарга Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайд нарын төлөөлөлтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг өчигдөр /2025.05.20/хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдрөөр “Европын өдөрлөг-2025” арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайд нар болон уран бүтээлчид тус өдөрлөгт оролцохоор Улаанбаатар хотыг зорьж, өргөн цар хүрээг хамарсан арга хэмжээг зохион байгуулсанд нийслэл Улаанбаатар хотын нийт ард иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар “Бид Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарласан. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг баримтлан Сэлбэ, Баянхошуу, Ханын материалд 20 мянган айлын цогцолбор хороолол барих төслийг эхлүүлээд байгаа. Нийслэл хотын томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, төр хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах боломжийг судлах, цаашид Европын холбооны гишүүн орнуудтай дээр дурдсан чиглэлүүдэд хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байна” хэмээв.

Уулзалтын төгсгөлд Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарын төлөөлөл цаашид хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ