НББХ: “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2025.05.21
Эдийн засаг, Худалдаа

НББХ: “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.05.20)-ийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн дагуу тогтоолын төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Тогтоолын гол заалт буюу Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл, төлөвлөгөө, түүний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтийг батлах тухай нэгдүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Ж.Чинбүрэн, Д.Ганмаа, Ц.Идэрбат, Б.Бат-Эрдэнэ, М.Нарантуяа-Нара, Ж.Баярмаа Байнгын хорооны дарга Л.Энхнасан нар асуулт асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт, үр дүнг сайжруулах бодлого, төлөвлөгөө, арилжааны банкны зээлийн хүүг бууруулах, шударга байдал буюу баялгийн өгөөжийг хүртээмжтэй болгож Жини коэффициентын үзүүлэлтийг сайжруулах, том төслүүдийг үндэсний компаниудаар гүйцэтгүүлэх талаар ямар арга хэмжээ авахыг асуув. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангийн эх үүсвэрийн дутагдлыг арилгах, Эмийн болон Хүнсний лавлагаа, хяналтын лабораториудыг нэгтгэж, үйл ажиллагааны давхардал, хийдлийг арилгах, Нийгмийн эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжилтийг хангахтай холбоотой ажлуудыг төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон юм. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг нэмэгдүүлэх, дутагдлыг арилгахтай холбоотой бодитой саналыг Эрүүл мэндийн яамнаас өгсөн эсэх, уг санал хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тусгагдсан эсэх талаар тодруулан асууж хариулт авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээг үр дүнтэй байх, хэмжигдэхүйц байхаар томьёолох нь зүйтэй гэсэн санал хэлж, хавдрын болон зүрх судасны эмчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх, гарцад суурилсан санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлийг дэмжих, хэмжих, мэдээлж тайлагнах болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэгш бус байдлыг арилгах зэрэг асуудлыг хөндсөн юм.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болон нүүрсний үнэ 2026 онд ямар байх, үүнтэй холбоотойгоор улсын төсвийн орлого хэрхэн биелэх, хөгжлийн төлөвлөгөөний төсөлд туссан миний орон сууц, анхны орон сууц зэрэг хөтөлбөрүүдийг орон нутаг руу хэрхэн чиглүүлэх талаар асууж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг тайлагнахдаа зөвхөн улсын төсвийн санхүүжилтийг ярихын зэрэгцээ орон нутгийн төсвөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг хамруулж байх, зээлийн хүүг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхдээ эрсдэл багатай тэтгэврийн болон цалингийн зээлийн хүүг бууруулахаас эхлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан орон сууцны хөтөлбөр, зорилт хэрэгжих боломжгүй гэдгийг ундны усны хангамж, дэд бүтцийн хөгжлийн түвшинтэй холбогдуулан дурдаад, мөн “Малын эзэн-үйлдвэрийн эзэн” гэж нэрлэсэн зорилтот хөтөлбөрийг хөдөө аж ахуйн салбарын бодлого, нөхцөл байдалтай уялдуулах шаардлагатай гэсэн юм. Мөн нийгмийн эрүүл мэндийн болон нийгмийн сэтгэлзүйн асуудалд бодитой хандаж, шаардлагатай төсөв, санхүүжилтийг тавих ёстой гэсэн байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара монгол хүүхдийн хөгжил, хамгаалалд тулгамдаж байгаа олон асуудал шийдлээ хүлээж байхад Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс зусланг хөгжүүлэх бодлогын шийдвэр гаргасан нь оновчтой эсэх, эрт илрүүлэг үзлэгийн үр дүнгийн талаар асууж, холбогдох саяд нар, албан тушаалтнуудаас хариулт авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганмаа нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үндэсний бодлого, хөтөлбөр хэрэгжиж байгаа эсэхийг асуусан юм.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон холбогдох, яам, газрын албаны хүмүүс хариул өгөв. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ерөнхий сайдын ахлан ажиллаж байгаа Үндэсний орон сууцны хорооны холбогдох шийдвэрийг танилцуулж, жилд 500.0 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэй байсан ипотекийн зээлийн эх үүсвэрийг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн хөрөнгөөс 500.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, жилд 1.0 их наядын санхүүжилттэй болгосныг мэдээлсэн юм. Манай улсын барилгын салбар жилд дунджаар 20 000 орон сууц барьж байгааг тэрбээр хэлж, цаашид орон сууцны үнийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулахад Үндэсний хороо анхаарлаа хандуулж байгаа гэдгийг онцлов. Мөн тэрбээр, хүүхдийн зуслангийн тогтолцоог сайжруулах, бэхжүүлэх асуудлыг Засгийн газар анхааралдаа авсан талаар мэдээлж, хүүхэд хөгжлийн бодлогын нэг томоохон зорилт болох уг асуудлыг тодорхой хугацаанд, үе шаттай шийдвэрлэнэ гэлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа тус салбарын нийт санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 4.0 хувьд хүргэх талаар санал, тооцооллоо холбогдох яамдад тавьж байгаа талаар ярьж, 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд хөрөнгө оруулалтын зардлууд түлхүү туссан тухай мэдээлсэн юм. Төлөвлөгөөнд тусаагүй, хасагдсан саналууд, ялангуяа төсөв, зардлыг нэмэгдүүлэхтэй холбоотой саналуудыг тусгах талаар Байнгын хороо дэмжиж ажиллахыг Эрүүл мэндийн сайд хүсээд, хүнсний болон эмийн лабораториудыг нэгтгэх асуудлаар эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Харин эрт илрүүлэг үзлэгт нийт иргэдийг хамруулах гэж хавтгайруулснаас тодорхой зорилтот бүлэг рүү чиглүүлэх бодлогыг баримталж байгаагаа тэрбээр дурдаж, мөн эрсдэлтэй долоон байрлалд хавдрыг илрүүлэх үндэсний тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгаагаа танилцуулав.

Засгийн газраас банкны зээлийн хүүг бууруулах, шударга байдлын жини коэффициентын үзүүлэлтийг сайжруулах талаар ямар байр суурь баримталж буйг Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ)-ны холбогдох албаны хүмүүс тодорхой тайлбарлаж, зээлийн хүүгийн өртөгт хадгаламжийн хүүгийн эх үүсвэрийн зардал түлхүү нөлөөлж буй учир инфляц буурахгүй бол зээлийн хүү буурах боломжгүй байгааг болон орон нутаг руу чиглэсэн ядуурлыг бууруулах бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм. Стратегийн ордуудын үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх цогц төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх бэлтгэл ажил энэ онд хийгдэж дуусна гэдгийг мэдээлж, ирэх оноос эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлнө гэсэн юм. Засгийн газар нүүрсний үнийг ойрын хоёр жилд эрсдэлтэй байна гэж тооцон, дунджаар 80 ам.доллар байхаар тооцсон байна. Мөн ирэх гурван жилийн инфляцын дундаж түвшинг 6.0 хувь байхаар төсөөлсөн бөгөөд энэ хэмжээнд хүргэн бууруулж чадвал зээлийн хүү дунд хугацаанд тогтворжих боломжтой гэсэн хариултыг ЭЗХЯ-наас өгсөн бол төрийн албан хаагчдын цалингийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж байх бодлогыг өнгөрөгч 2024 оноос хэрэгжүүлж байгааг ГБХНХ-ын яамнаас мэдээлэв. Түүнчлэн хөдөөгийн ядуурлыг бууруулах бодлогыг бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулж, нарийвчлан төлөвлөхөөр ажиллаж байгааг болон хүний хөгжлийн асуудалд нийт 1.7 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээ төлөвлөснийг яамдын албаны хүмүүс танилцуулсан юм. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан манай улс хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг тодорхой хэмжээнд бүрдүүлж чадсан хэдий ч хөгжлийн асуудлыг нь орхигдуулсан байгааг онцолж, энэ талаар тодорхой төсөл, арга хэмжээг хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тусгахад дэмжлэг үзүүлэхийг Байнгын хорооны гишүүдээс хүссэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй нийт 19 санал тус бүрээр санал хураалт явуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, С.Эрдэнэбат нарын гаргасан Нийтийн эрүүл мэндийг дэмжих 2026-2036 оны төлөвлөгөө батлах, багш, ажилчдын цалин хөлс, нийгмийн асуудлыг тэргүүн ээлжинд сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлэх зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Бусад зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг дэмжлээ.

Тогтоолын дараагийн заалтууд буюу Засгийн газарт үүрэг, даалгавар өгөх тухай болон хэрэгжилтэд Эдийн засгийн байнгын хороо хяналт тавих тухай заалтуудаар тус бүрд нь санал хураалт явуулав. Заалтуудыг Байнгын хорооны хуралдаанд оруулсан гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн тухай санал дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ