МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.05.16
Эдийн засаг, Худалдаа

Б.Мөнхсоёл: Өөдрөг төсөөлөл дээр үндэслэсэн төсвийн төлөвлөлт ирэх жилүүдэд биелэх магадлал хэр байна вэ?

УИХ-ын чуулганы /2025.05.16/-ны өдөр Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

3 гол асуулт байна. Бид Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гаргасан тайлан, дүгнэлтэд миний саналууд давхцаж байгаа. Тухайлбал Төсвийн тухай хуулийн 8.1.1-т санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь стратегийн баримт бичгийн төслийг эдийн засаг хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн макро ЭЗ-ийн төлөв байдлын таамаглалд үндэслэн боловсруулж жил бүрийн 4-р сарын 15-ны дотор ЗГ-т хүргүүлэх гэж заасан. Тогтвортой байдлын зөвлөлөөс ДНБ-ий бодит өсөлтийг 2026 онд 5,4 хувь, 2027 онд 5,5 хувь, 2028 онд 5,7 хувь байх таамаглалыг ирүүлсэн байхад Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд ЭЗ-ийн өсөлтийг 2026 онд 6, 2027-2028 онд тус тус 6,5 байхаар тооцсон байна. Алтны экспортын биет хэмжээг 2026 онд 12,8 тн, 2027 онд 13,5 тн, 2028 онд 13,2 тн байх таамаглалыг ирүүлсэн байхад Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдийн төсөөллийг боловсруулахдаа ашигласан төсөөлөл нь дээрх хэмжээнээс 28,7, 2027-2028 оны хувьд 11 тн-оор тус тус их байна. Энэ мэт өөдрөг төсөөлөл дээр үндэслэсэн төсвийн төлөвлөлт ирэх жилүүдэд биелэх магадлал хэр байна вэ? Хуулийн төсөл, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл ямар байр суурьтай байгаа вэ?

Хоёрдугаарт, Инфляцитай адилхан 2026 онд 7, 2027 онд 6,4, 2028 онд 6 хувь байхаар тусгасан. Үүн дээр Монголбанкны байр суурь ямар байгаа бол? Хэр бодитой боломж вэ?

Гуравдугаарт, Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлд Татварын орчны шинэчлэл хийнэ гэж тусгасан. Энэ мэт томоохон бодлогын өөрчлөлт, түүнээс төсөвт үзүүлэх нөлөөллийн тооцоо энэ төсөлд хэр зэрэг туссан бэ?

Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөсөр, Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ