НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ

Ж.САНДАГСҮРЭН: Төсвийн хуулийн хэм хэмжээ, цагалбарынхаа хүрээнд нээлттэй хуралдсан
2024.12.04
Эдийн засаг, Худалдаа

Ж.САНДАГСҮРЭН: Төсвийн хуулийн хэм хэмжээ, цагалбарынхаа хүрээнд нээлттэй хуралдсан

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус II хуралдаан өнөөдөр 11:30 цагт боллоо. Хуралдаан Нийслэлийн 2025 оны төсөв, Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булшлах үнийг шинэчлэх, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх зэрэг асуудлыг нээлттэй хэлэлцэж, баталлаа. Энэ үеэр төсвийн болон татвар нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн дараах байр суурийг илэрхийлж, хариулт өглөө.

Өнөөдөр Төсвийн тухай хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 5-ны дотроо багтааж төсвөө батлах ёстой. Хуулийнхаа хүрээнд НИТХ хуралдаж төсвөө, нээлттэй баталлаа. Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай 17 төсөл, арга хэмжээ, метро, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахтай холбоотой төсөл, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх,  Олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төслүүд бий. Ирэх онд ажил хэрэг болох боломжтой боллоо. Зам болон бусад татвар, хураамжтай холбоотой өөрчлөлт орсон. Монгол Улс нэгдсэн төсөвтэй. Улсын төсвийн нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр Нийслэлийн тухайд Төсвийн хуулийн хэм хэмжээ, цагалбарынхаа хүрээнд хуралдаанаа товлоод, хийгээд, мэдээллээ олон нийтэд нээлттэй өгөөд явж байгаа. Мэдээж Улсын төсөв батлагдаад, нийслэлийн төсөвт тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийж болно. Жил бүр Төрийн аудитын газраас төсөвт хяналт тавьдаг. Зөвлөмж, шаардлагаа танилцуулдаг. Төсвийн жилийн явцад Аудитын газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу төсөв захиран зарцуулагчид зөвлөмжийг хэрхэн мөрдсөн тухайгаа эргээд тайлагнадаг. Аудитын байгууллага ч төсвийн зарцуулалтыг хянадаг.

ШИНЭ МЭДЭЭ