МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.05.15
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Эдийн засаг, хөгжлийн яам 2026 оны төлөвлөгөөг эрс танасан байдалтай батлах хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2025.05.15/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Хөгжлийн төлөвлөгөөгөө зөв баталж байж төсвөө зөв батална. Би хэдэн тоо баримтын хүрээнд 2024 оны эхний 4 сарын үзүүлэлтийг 2025 оныхтой харьцуулъя. Надад байгаа тоо баримт буруу бол Сангийн яам тодруулаарай!

Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1,2 их наяд. Ямар мөнгөөр энэ олон төлөвлөгөөг хийх вэ? Ноднингийн төсөв 2,1 их наяд би буруу санаагүй бол ашигтай байсан юм. Тийм учраас нэлээн том төлөвлөж чадаж байсан юм. Төлөвлөгөө бол нэлээд том батлагдсан. Эдийн засаг, хөгжлийн яам 2026 оны төлөвлөгөөг эрс танасан байдалтай батлах хэрэгтэй. Энэ тоо баримтан дээрээ үндэслэх хэрэгтэй. Яаж 14 мега төсөл хийх гэж байгаа юм, юугаар хийхийг сонсвол сайн байна.

Манай экспорт буурсан. Нүүрсний үнэ гээд янз янзын зүйлтэй холбогдож байгаа. Импорт мөн адил буурсан. Өмнөх жилүүдэд байнгын өсөлттэй байсан. Энэ жил яг адилхан тоог барьж байна. Энэ юуг хэлж байна вэ гэхээр ард иргэдийн хэрэглээ, амьжиргаа буурсныг харуулж байгаа юм. Өчигдөр би сүүлийн 8 жилд ард иргэдийн амьдрал ялангуяа энэ жил их байна гэж хэлснийг хэвлэлийнхэн нэлээд гуйвуулсан байна. 2025 онд ядуурал өмнөх 8 жилээсээ их байна. Худалдан авах чадвар эрс буурсан байна.

Инфляци 8,6 гэж байгааг ихэнх тоо баримтууд үгүйсгэж байна. Энэ бараг 10 гарчихсан байгаа гээд. Үүнд хариулаарай. Ямар аргачлалаар бодсон юм, аргачлалаа өөрчилсөн юмуу, эсвэл ямар аргачлалаар 8,6 гаргаад байна вэ?
Төгрөгийн ханш ноднингийн мөн энэ үед 3378 байсан, өнөөдөр 3370 хүчээр барьж байна. 5 тэрбум доллартай юм бол төгрөгийн ханш яагаад буухгүй өсөөд байгаа вэ? Монголбанк байхгүй учраас Сангийн яам хариулах байх.
Би энэ Хөгжлийн төлөвлөгөөг батлаад ажил хэрэг болоосой гэсэн үүднээс асууж байгаа шүү.
Биржийн тухай хууль чинь хүчин төгөлдөр байгаа. Сая нэг баахан хууль оруулж ирээд буцчихсан. Ядаж Тавантолгой компани эхний 4 сарын байдлаар 10 сая тн нүүрс зарсан байна. Түүнийхээ нэгхэн саяыг биржээр заржээ. Ноднин яг мөн үед нийт 10 саяг зараад 9-ийг нь биржээр зарсан. Тэгээд төсвийн тэнцвэржүүлсэн орлого чинь 2,1 их наядын ашигтай, 2025 оны төлөвлөгөөгөө өндөр батлах эх суурь болсон. Өнөөдөр мөнгө байхгүй. Бид нар нүүрсээр л амьдарч байгаа. Экспорт өссөн гээд байгаа Оюу Толгойн 500 сая долларын өсөлт чинь манайхаар дамжихгүй шүү дээ. Манай мөнгө биш. Зүгээр л тоо баримт. Тэгэхээр манай бодитой экспорт чинь нүүрс, алт. Тэгэхээр яаж мөнгө олж Л.Гантөмөр сайдын хэлээд байгаа гоё гоё төлөвлөгөө, мега төслүүдийг явуулах вэ?

Түүний асуултад Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ